Иракийн тал хамгийн том ус хуримтлуулах далангаа эргүүлэн авчээ
Ирак дахь Курдын дайчид өнгөрөгч ням гарагт АНУ-ын армийн дэмжлэгтэйгээр Иракийн хойд этгээдийг Мосул хотын нутагт байдаг тус улсын хамгийн том ус хуримтлуулах даланг Лалын шашинт суннитуудын Лалын улс бүлэглэлээс эргүүлэн авчээ. Энэ талаар “АП” агентлаг гэрчүүдийн болон эрх баригчдын мэдээлэлд тулгуурлан дамжууллаа. 

Энэ оны дөрөвдүгээр сард бослого дэгдээж улмаар улсын томоохон хотуудыг эзэлж аваад буй “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн зургадугаар сард томоохон хэмжээний дайралт, халдлагуудаа эхлүүлсэнээс хойш Иракийн талын дайчдын байгуулсан анхны ялалт нь энэ боллоо.

Лалын улс энэ сарын эхэн үеэс Мосул хотын зүүн болон баруун хойд хэсгүүд рүү довтолж, энэ сарын 7-ны өдөр улсдаа хамгийн томд тооцогдох ус хуримтлуулах даланг хяналтдаа авч байсан билээ. Тиймээс Иракийн Засгийн газар даланг буцааж авахын тулд тун нухацтай хандах шаардлагатай гэж ажиглагчид дүгнэж байсан юм.

Тэгвэл Иракийн хойд хэсэгт орших Курдын Засгийн газрын арми АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өнгөрсөн долоо хоногт амласан америкийн цэргийн хүчний дэмжлэгтэйгээр өмнө нь лалын хэт даврагч бүлэглэлд алдсан газруудаа эргүүлэн авахын төлөөх дайралтуудаа идэвхжүүлэх болсон аж.

Иракийн Курдын улс төрийн намд  харьяалагддаг Али Авни “АП” агентлагт өгсөн мэдээлэлдээ “Мосулын ус хуримтлуулах даланг дайснуудаас бүрэн чөлөөлсөн” гэсэн байна. Иракийн Засгийн газрын эсрэг бослого гаргаж байсан зэвсэгт бүлэглэл энэ оны зургадугаар сараас эрс хүчирхэгжиж, улмаар мөн сарынхаа 29-ний өдөр Ирак, Сирийн нутгийг дамнасан Лалын улс хэмээх нэртэй халифын вант улс байгуулснаа зарласан бөгөөд ус хуримтлуулах далангаас гадна Зума хотын ойролцоо орших газрын тосны хоёр ч ордыг эзэлж, Иракийн хойд этгээдэд байрладаг Вану, Синжар хотуудыг эзлэн аваад байсан юм.

Хэрвээ зэвсэгт этгээдүүд даланг дэлбэлэх юм бол одоо Засгийн газрын хяналтад байгаа томоохон хотуудыг усанд автуулах аюултай бөгөөд үерийн ус цаашлаад 400 километрийн зайд байрлах нийслэл Багдадад ч хүрч очих боломжтойн дээр ундны усны гачигдалд нэрвэгдэх аюултай гэж албаны эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан билээ. Ямартай ч, энэ аюул одоо холуур өнгөрчээ.

 Дашрамд дурьдахад, АНУ-ын арми өнгөрсөн ням гарагт ус хуримтлуулах далангийн ойр хавьд 14 удаа агаараас довтолж, Лалын улсын зэвсэгт босогчдын 10 танк, долоон цэргийн зориулалттай машин, хоёр цэргийн хуягт машин болон нэг шалган нэвтрүүлэх постыг нь устгажээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.