Говь-Алтай аймагт өвс, тэжээлийн тусламжийн эхний цувааг хүргэв

Өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна. Өнөө өглөө аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Аймгийн Засаг дарга С.Гансэлэм аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 


 

Аймгийн нийт нутгаар өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтож тал хээртээ 10-15 см, уулархаг газар болон гуу жалгандаа 120-140 см цастай байгаа бөгөөд 01 дүгээр сарын эхнээс хүйтний эрч чангарч эхэлсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр мал сүргийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Одоогийн байдлаар Жаргалан, Хөхморьт, Баян-Уул, Шарга, Тайшир, Халиун, Дарив, Есөнбулаг, Дэлгэр, Төгрөг сумдад өвөлжилт бусад сумаасаа илүү хүндэрч 20166 мал хорогджээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд: 209 тн өвс, 85 тн тэжээл,  сумын аюулгүйн нөөцөд 622 тн өвс,  223 тн тэжээл бэлтгэснийг зарцуулж дууссан байна.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан “Малчдад туслах аян” -ыг өрнүүлж аймаг, сумдын аж ахуйн нэгжүүд албан байгууллага, иргэд хандив өргөж эхэлжээ. Нийт малчин өрхийн 9,6 хувь нь, малын 10,1 хувь нь буюу 394.8 мянган толгой мал отроор өвөлжиж  байна.  Үүнээс, Баянхонгор, Завхан, Ховд аймгийн нутагт 56 өрхийн 33.7 мянган мал, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 258 өрхийн 173.0 мянган мал, аймаг дундын отрын бүс нутагт 56 өрхийн 37.5 мянган мал, хилийн зурвас нутагт 52 өрхийн 32.8 мянган мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 188 өрхийн 117.8 мянган мал отроор өвөлжиж байгаа юм байна.Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хандан мал аж ахуйн өвөлжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг танилцуулж, тодорхой санал, хүсэлтийг тавьлаа.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас -1 градусаар илүү хүйтэн байх төлөвтэй байгаа тул улсын нөөцөөс өвс, тэжээл нэмж өгөх, аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагад явах зориулалттай машин олгох, Алтай, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгох, аймгийн Онцгой байдлын газарт зам даваа онгойлгоход зориулан ковш олгох хүсэлтийг тавьлаа.

Мөн тус аймгийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр өвлийн оргил ачааллын үед 2-2.4 мВт дутагдалтай байдаг. Иймд Тайшир-Есөнбулаг чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ болгон өргөтгөх, Алтай сум, Баянтоорой тосгон нарны цахилгаан станц, дизель станцыг хослуулан өдөрт 10-13 цаг цахилгаан эрчим хүчээр хангагддаг бөгөөд шөнийн цагт цахилгаангүй байна. Иймд тус сум, тосгоны түлшний татаасыг нэмэгдүүлэх, Алтай хотын дулаан хангамжийг хариуцан ажилладаг “Мандал Голомт” ХХК-ийн нэгдсэн халаалтын 2-р зуухны үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс сар гаруй хугацаанд доголдсон. Иймд Алтай хотод дулааны станц барих ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг санал хүсэлтийг аймгийн Засаг дарга С.Гансэлэм тавьлаа.

Аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлт, саналтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хариулт, тайлбарыг өглөө.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Та бүхний тавьсан санал хүсэлтийг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зохих шатанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа туулах чадвар сайтай автомашин, зам даваа онгойлгоход зориулан ковш олгох асуудлыг Улсын Онцгой комиссоор шийдвэрлүүлнэ. Нэг анхаарах асуудал бол тус аймгийн хувьд газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс нутаг. Өнгөрсөн онд гэхэд Чандмань, Эрдэнэ, Бугат суманд газар хөдөлсөн. Сургууль, цэцэрлэг нурсан тохиолдол ч бий.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа. Аймаг тус бүрт тус зөвлөлийн дэд зөвлөл ажилладаг. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил тус аймагт хийгдэхгүй байна. Аймгийн хэмжээнд, барилга байгууламжийг паспортжуулах шаардлагатай. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын эрсдэлийг тооцох, паспортжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан байгаа нэг асуудал бол аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл байгуулахаар заагдсан, энэ зөвлөлийн ажлыг  эхлүүлэх, ажлыг нь эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Хурлын төгсгөлд, Шадар сайд Ө.Энхтүвшин, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

“Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад шат шатандаа анхаарах, хамтарч ажиллах, мэргэжлийн байгууллагууд харилцаа уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээлэл солилцоход анхаарч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна, оторт яваа малчдаасаа мэдээлэл тасарчихсан, ямар ч холбоогүй байгаа тохиолдол ч сонсогдож байна” гээд малчдад цаг агаарын мэдээллийг хүргэх, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэж ажиллах, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Отроор явсан малчид хавар буцаж ирэхдээ өвчний голомттой нутгаас халдвар тээж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хөрш зэргэлдээ аймаг, сумдаас малын гоц халдварт мялзан, шүлхий өвчний  өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт, малын вакцинжуулалт болон вакцины чанарт онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Мөн  аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Говь-Алтай аймагт улсын нөөцөөс 370 тонн өвсийг үнэгүйгээр, 280 тонн тэжээлийг  50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.