Өртэй хүн “өөдөлдөг”
Модон морин жил га­ра­хаас арай өмнөхөн буюу УИХ-ын 2013 оны намрын чуулганы хаалтын үеэр Сангийн сайд Ч.Улаан “Мон­гол Улсын өр өнөөдрийн байд­­лаар 8.4 их наяд төгрөг бол­сон. Энэ нь ДНБ-ний 49.7 хувьтай тэнцэж бай­­­гаа хэрэг юм. Гэхдээ Төс­вийн болон Тогтвортой байд­­­­­лын тухай хуульд ний­­цэж байгаа. Ха­рин Зас­­гийн газрын өр 4.6 их наяд төг­­рөг байна” гэсэн билээ. Түү­нээс хойш найман сар өн­гө­рөөд бай­на. Одоо­гоор Монгол Улсын нийт өр нэ­мэгдсэн үү гэхээс хасаг­даа­гүй нь тодорхой.

Хоёрхон хоногийн да­раа БНХАУ-ын дарга Си Жинпин айлч­­лан ирж түү­хэн гэгдэх гэ­­рээ хэлцэл хийг­­дэх гэж байна. Магад­­гүй урьд өмнө Монгол Улсад хаанаас ч орж ирж бай­­­гаагүй их зээл, мөнгөнд га­рын үсэг зу­рал­цаж ч бол­зош­гүй.

За­рим нэгний таа­­маг­­лаж бай­гаагаар 10 тэр­бум ам.дол­­­­ларын сураг ч сон­согдож л байгаа. Мон­гол Улсын гур­­ван жи­­­­­лийн тө­сөв­тэй тэн­цэхүйц хэм­жээ­­­­ний их өр зээл тавихаар эрх ба­­риг­­­­чид маань ханцуй дот­роо зал­бирц­гааж байгаа нь үнэн бол бид­нээр тогтохгүй үр, ач нар маань ч өр­тэй ор­ны, өрөвдөлтэй иргэд болж таа­рах нь тодорхой.

Өнгөрсөн хоёрдугаар сард Гер­ма­ны толгой эдийн засагч Ханс Вер­нер Зинн МУИС-ийн урилгаар айлч­лан ирж, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд “Монгол Улс маш бо­гино хугацаанд буюу 2-хон жи­лийн до­тор 2.2 тэр­­бум ам.долларын өр­­тэй болж, тансаг хэрэглээ өсөж бай­гаа нь буруу замаар явж эдийн засгаа сүйрүүлэх тал руу ойртож байгаагийн шинж. Монголчуудын хоёр­хон жилд тавьсан энэ хэмжээний өрийг Европын холбооны улс 100 жилд тавьж байсан бэ­­­­лээ­хэн түүх бий” хэмээн ха­­­­туухан шүүмж­лээд буц­сан.

Түүний үзэж бай­гаагаар Засгийн газар гадны улс ор­нуудаас бонд буюу өр босгон ирж түүнийг нь тансаг хэрэг­лээ­ний орон сууц, автомашин, гар утас зэрэг ахуйн хэрэглээний зун­гааралдсан өрийн сүл­жээнд оруу­лан царцааж байгаа нь дунд болон, урт хугацаанд Монголын эдийн засгийг сүйрүүлэх бо­дит хүчин зүйл болох нь маргаангүй. Германы нэрт эдийн засагчийн үгэнд дүг­нэлт хийгээд үзвэл Мон­гол­чуудын өнөөд­­­рийн нийт­лэг дүр зураг ядах юм­гүй тодорно. Өнөөдөр өр­гүй айл, өрх бараг л үгүй бол­сон. Ца­­­лин­гийн, тэтгэврийн, оюут­­­ны сур­галтын, орон сууц­­ны, авто­ма­шин, ахуйн хэ­рэглээний, адаг­лаад гар утас­ны зээлгүй айл өрх, хувь хүн олоод ир гэвэл ёстой л өвсөнд унагасан зүү хайхтай адил юм бо­лох нь тодорхой.

Өнөөдөр Улаанбаатарын гу­дамж­­­наас өргүй хүн хайж бэдэрс­нээс “Би өртэй хүн” хэмээн омог бардам хэлэх зоригтнуудыг хайсан нь хамаагүй хялбар.

Тэр ч утгаараа өр, зээл гэдэг бид­ний амьдралын салш­гүй нэ­гээхэн хэсэг нь болжээ.Учир иймд өртэй, өр тавихаар хөө­­цөлдөж яваа хүмүүсийн санаа сэт­­гэлийг бага ч бол­тугай амраах үүд­нээс дараах зөвлөлгөөг өгье.

Монголчуудын эрт дээ­р үеэс дээд­лэж ирсэн аман ярианд “өртэй хүн өөдөл­­дөггүй” гэсэн “До яамны” ша­хуу хэлц байдаг. Харин орчин үед үүн шиг инээдэмтэй, хүний эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан зүйр­­лэл байхгүй л болов уу. Зээл ав­бал төлж дийлэхгүй дампуурчих нь гээд хоосон халаасаа тэмтрээд, хоёрхон идээд харайлгаад байвал алтаар хэмжигдэж мэдэх цаг ху­гацаа боломж, бо­лол­цоогоо л ам­баар­даад явуул­чихаж бай­на гэсэн үг. Та биднийг өдөр тут­мынхаа ажил, амьдралыг хөө­цөл­дөөд л мун­­­­­­гинаж явахад зүү утаснаас эх­лээд зөөгөөд явдаг машин, амьд­раад суух орон сууц гээд бүх л төр­­лийн материаллаг хэрэгцээг хан­­гах олон төрлийн зээл тусламж гараад ирж, цаагуур чинь. Одоо зөв­хөн сонголтоо л зөв хийх үлдээд бай­на. Гэрээсээ толгойгоо цухуйл­гаад тавхан алхахад л “нааш ир, нааш ир” хэмээн дуудах энэ олон зээ­лийн сонголт, янз бүрийн хүү шимт­гэлийг өөрт ашигтайгаар эр­гүүлэхэд мань мэт нь байтугай цү­дийтэл таргалсан дарга за­хир­лууд ч гэсэн тун ч ухаа­лаг шийдвэр гар­гаж түүнийгээ амьдрал ахуйдаа бо­­ломжийн өгөөжтэй ашиг­лах яр­­­виг­­­­тай асуудал үүсээд байна. Энэ олон төрлийн зээлийг сайн, муу гээд хоёр ангилчих хэрэгтэй. Ерөн­­хийдөө сайн зээлд орон сууц­­ны, сургалтын зээлийг хам­руулж болно.

Харин энд хамгийн гол нь сайн зээл өгсөн цаад эздээ хул­­­хи­далгүй сар бүрийнхээ төл­бөрийг хийгээд явчихвал хожим хой­но хоёр чихэнд чинь хэрэгтэйг анхаа­рах хэрэгтэй. Муу зээл гэдэг нь сэт­гэлийн хөөрлөөр шийдсэн хо­жим нь хэзээ ч төлж дийлэхгүй мөн­­гийг хэлээд байгаа юм. Ийм зээлд Канарын арлууд, Австралид аял­сан сар гаруйн аяллын зээлүүд ха­­м­аарна. Бүр хамгийн муу зээлд кредит картны зээлүүд ордог бө­гөөд ихэнх нь хожмын өдөр таны хоёр чихнээс ч үнэтэй өндөр хүү нэх­­­­дэгт л хэргийн учир байгаа юм. Зүгээр гэнэтийн тохиолдолд “ма­шинаа засуулах”, “цалин буух бо­­­лоогүй байхад зад шоудчихсан” зэ­рэгт дараа нь бүгдийг нь эргүүлж төлөхөөр кредит картаараа тооцоо хийвэл тэр чинь таны “мэргэн сон­голт” болно шүү. Зарим үед зээл авахад хэч­нээн төгрөг нь чухал биш хожмын өдөр унах унац нь гол байх тохиолдол байдаг. Тийм үед багахан хүүтэй уртхан хуга­­­цаа­тай зээл авчихвал чухам “тэн­­­гэ­рийн нөгөөхийг атгалаа“ л гэ­сэн үг.

Эцэст нь зээл болгон муу бай­даггүй. Зээл авч балраад яах вэ “зөвхөн цалингаараа” л гээд бахь байд­­­гаараа гүр­дийгээд суу­гаад бай­­­вал амьд­­рал чинь ч бахь байд­гаа­­­раа л горойгоод дороо дэвх­­цээд бай­­на гэдгийг бо­доорой доо. Тэгж яри­вал өртэй хүний хоёр чихийг таслаад авдаг бол Улаан­баатараар дүүрэн “чихгүй толгой­нууд” хул­май­­чихаад л үнэ­тэй ма­­шины­хаа жо­­лоон дээр малийж явах нь тодор­хой. За тэгээд өр тавих уу, болих уу.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.