Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны Ажлын хэсгийн хурал болж байна

Их түмэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны найм дахь удаагийн Ажлын хэсгийн хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.


Тус холбооны гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн Банк, ОХУ-ын Внешэконом банк, БНСУ, БНХАУ-ын Эксим банкууд элссэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк Их Түмэн санаачлага хөтөлбөрийн Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны 2017 оны даргалагч банкаар ажиллаж, холбооны найм дахь удаагийн ажлын хэсгийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Их Түмэн санаачилга хөтөлбөр /Greater Tumen Initiative (GTI)/ нь 1995 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Зүүн Хойд Азийн улс орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-уудын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.

Их Түмэн санаачлага хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай хамтран ажиллах цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Зүүн Хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг бүхий Зүүн Хойд Азийн Эксим Банкуудын Холбоог БНСУ, БНХАУ-ын Эксим Банкууд болон Монгол Улсын Хөгжлийн Банк хамтран 2012 онд байгуулсан.

Их Түмэн Санаачлагын зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон Тээврийн хороо, Эрчим хүчний хороо, Аялал жуулчлалын хороо, Байгаль орчны хороо, Худалдааг хөнгөвчлөх хороо гэсэн салбар хороодтой бөгөөд тус холбооноос өнгөрсөн хугацаанд Зарубино боомтын “Үр Тарианы тээврийн терминал”-ын төслийн 1-р шатны 3 сая үр тариа ачих, буулгах хүчин чадалтай терминалыг барих санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өнөөдөр зохион байгуулагдаж буй 8 дахь удаагийн ажлын хэсгийн хурлаар Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зарубино боомтын “Үр Тарианы Тээврийн Терминал”-ын төслийн 2-р шатны хөрөнгө оруулалтын талаар болон олон тооны төсөл хөтөлбөрүүдийг зэрэг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа ахиулахаар бусад боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэх юм.  

Зүүн Хойд Азийн дундуур 520 км урттай БНХАУ, ОХУ, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дамжин урсах Түмэн гол нэрээр энэхүү хөтөлбөрийг нэрлэсэн бөгөөд Их Түмэн бүсэд Монгол улсын Зүүн бүсийн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр хамрагддаг байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ удаагийн ажлын хэсгийн хуралд Чойбалсан хотын нисэх буудлыг өргөтгөх төслийг танилцуулах юм.

Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны 8 дахь удаагийн Ажлын хэсгийн хуралд БНХАУ-ын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Эксим банк, ОХУ-ын Внешэконом банкны удирдлага болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Бусдад түгээх
  • gplus