Бүс нутаг дахь уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжтой
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өчигдөр  эхэллээ. 

Уг зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх юм. Зөвлөгөөний үеэр Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын төслийн асуудлыг хэлэлцэх юм.​

БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 тэрбум долларын ачаа тээвэрлэж байгаа тоог зөвлөгөөний үеэр албаныхан дуулгаж байна. Мөн үүнийг ойрын хугацаанд ОХУ, БНХАУ-ын тал 200 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн аж. Харин энэ нь Монголоор дайран өнгөрөх зүүн коридорын замаар явах учиртай гэдгийг тодотгож байв.


Иймээс Зүүн коридорын хүрээнд эдийн засгийн ямар тооцоо судалгаа хийж болох вэ, тус коридорын дагуу Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй дотоодын ААН-үүд ямар санал бодолтой байна вэ? Үүнд хир хэмжээний ачаа тээврийн боломж гарах талаар албаныхан ийнхүү хоёр өдөр зөвлөлдөнө. 



 Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Хоёр том гүрний дунд орших Монгол Улс нь хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой. ОХУ, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох зорилгоор “Хөгжлийн зам” санаачилгыг дэвшүүлж улмаар ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудтай уялдуулан 2016 оны 06 дугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын Зүүн коридор байгуулагдсанаар Монгол Улсын төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдолтой бөгөөд Манжуур-Забайкальскийн коридортой харьцуулахад 500-аас 750 км дөт замаар ОХУ-ыг зүүн хойд Хятадын далайн боомтуудтай холбож, Алс дорнодын бүс нутгийн байгалийн баялгийг хямд өртгөөр эдийн засгийн эргэлтэд оруулах, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн зорилтыг 2020 он гэхэд Орос, Хятадын хоорондын худалдааны хэмжээг 200 тэрбум долларт хүргэх  зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" гэлээ

Энэхүү гурван талт зөвлөгөөн нь Монгол Улсын зүүн бүс нутгийн уул уурхайн баялгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, дамжин өнгөрөх тээврийн хэмжээтэй уялдуулан Зүүн коридороор тээвэрлэгдэх ачаа тээврийн хэмжээг бодитой тооцож, эдийн засгийн үнэлгээг нь сайжруулах, энэ чиглэлээр гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.



 Зөвлөгөөний үеэр Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөөт-Бичигтийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Буяннэмэхээс дараах асуултад хариулт авлаа. 

-Юуны өмнө зөвлөгөөн зохион байгуулах шаардлага нийгмийн хүлээлт ямар байсан гэх мэдээллийг өгөхгүй юу? 

-Монгол, БНХАУ, ОХУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг Ташкентад баталсан. Энэ  хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр зааснаас долоо нь төмөр замын дэд бүтэцтэй төсөл юм. Энэ долоон төслийн нэг нь Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигтийн холбосон төмөр замын тусгай коридор байгуулах асуудлыг тусгасан байгаа. 
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.  Энэ бодлогод Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх 5683,5 км төмөр замыг гурван үе шаттай барьж байгуулна гэж заасан байгаа. Үүний  I, II үе шатны улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж  томъёолсон энэ төмөр замыг барих тусгай зөвшөөрөл, концессын эрхийг Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолуудаар тус тус “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. 
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.112-т “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолд “Хөөт-Бичигт”, “Хөөт-Чойбалсан” чиглэлийн төмөр замын ажлыг 2017 онд багтаан эхлүүлэхээр тус тус заасан.Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгахаар тусгасан байгаа. 

-2020 он гэхэд төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ? 

-“Монголын төмөр зам” компани төрөөс гаргасан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ, эдийн засгийн үр ашиг, зураг төслөө гаргах гэх мэт бэлтгэл ажил нь мега төслийг хэрэгжүүлэхэд 50 хувьтай тэнцдэг. Ингээд судалгаа тооцоо бэлэн болсны дараа барьж байгуулах ажилд  2,5-3 жилийн хугацаа шаардлагатай. Одоогоор ТЭЗҮ эцэслэн батлагдаагүй байгаа. Урьдчилсан ТЭЗҮ дээр Зам тээвэр, хөгжлийн яам, Монголын төмөр зам саналаа нэмсний дараа ТЭЗҮ эцэслэн батлах юм.

-Төмөр зам барьснаар ямар ач холбогдолтой вэ? 

- Бүс нутаг дахь уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах ач холбогдолтой. Дорнод, Сүхбаатар аймагт зөвхөн нүүрсний 2 тэрбум гаруй нөөц байгаа нь энэ төмөр зам ашиглалтад орвол үр өгөөжөө өгч, ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Хэрэв энэ төмөр замаа барьчихвал урьдчилсан хувилбараар ойрын ирээдүйд 12 сая тонн ачаа энэ замаар тээвэрлэх боломжтой. Алс ирээдүйд 15 сая тонн ачааг тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тоон мэдээлэл байна. 

-Царигийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ? 

-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг өргөн царигтай, Хөөт-Бичигт хүрэх төмөр замыг нарийн царигтай байхаар зааж өгсөн.  

-Зөвлөлдөх уулзалтын ач холбогдлын талаар...

-ОХУ, БНХАУ, Монгол Улс гурвуулаа зүүн коридорын тухай санал солилцож, судалгаа хийж, хамтарсан ойлголцолд хүрэх нь чухал. Тус зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь энэ. Бид урьдчилсан судалгаа хийсэн. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах эдийн засгийн үндэслэлтэй эсэхэд онцгой анхаарч, зүүн бүсийн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдол өгч тус төмөр замаар тээвэрлэх боломжтой . Мөн тогтвортой ачаа тээврийн судалгааг бодитой тооцох, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь ашигт малтмалын орд газруудын хайгуул, ашиглалт, олборлолтын өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал хүсэлтийг хэлэлцэх, хөрш 2 орны ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх боломжийг тодорхойлох зэргээр зөвлөгөөний ач холбогдлыг онцолж байна. 

 
П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.