Тэшүүрийн спортын анхны гавьяат

Өвлийн олимп эхлэхэд 17 хоног үлдлээ. 1961 онд Намын төв хорооны тогтоол гарч, Монгол Улс өвөл, зуны олимпод тамирчдаа оролцуулахаар ЗХУ-аас мэргэжилтнүүдийг урьж ирүүлснээр олимпод оролцох тамирчдаа сонгох, улсын шигшээ багаа залуу тамирчдаар сэлбэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна. Ингээд 1964 онд өвөл, зуны олимпод оролцсоноор Монгол Улсыг дэлхий даяар мэддэг болсон юм. Тэр үед өвлийн олимпийг “цагаан”, зуны олимпийг “ногоон” гэж нэрлэдэг байжээ.

1960-аад оноос Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, тив, дэлхийд зохиодог спортын уралдаан, тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж иржээ. Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор тэшүүрийн спортоор 53 жил хичээллэсэн, өвлийн олимпод дөрвөн удаа оролцсон, тэшүүрийн спортын анхны гавьяат, спортын мастер, дасгалжуулагч Лувсаншаравын Цэндийг урьсан юм.

Тэрээр 1940 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1959 онд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1965 онд УБДС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгсчээ. Л.Цэнд гуай VIII ангид байхдаа хоёр голын бэлчээрт гулгадаг байжээ. Тэр үед Булган аймгийн Биеийн тамир, спортын хороо, залуучуудын байгууллага хамтраад амралтын өдрүүдээр иргэдийнхээ дунд цана, чарга, тэшүүрийн тэмцээн зохион байгуулна. Түүнийг физикийн багш Бадрах, малын эмч орос Ж.Гүржав нарын тэшүүрээр гулгах нь нөлөөлсөн гэв. Тухайн үед зориулалтын өмсгөл, гутал гэж байгаагүй учир модны хөрөөгөө дундуур нь хугалж модонд зоон эсгий гутал дээрээ сураар бэхэлж боогоод гулгадаг байсан нь түүнийг тэшүүрийн спортын анхны гавьяат тамирчин хэмээх алдарт хүргэжээ. Мөн 1964 оны Австрийн Инсбург, 1968 оны Францын Герноволь, 1972 оны Японы Саппорогийн олимпод тамирчнаар, 1992 оны Францын Албертвиллийн олимпод дасгалжуулагчаар оролцсон юм.
 

УЛСЫН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ



 

Түүнээс тэшүүрийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн талаар асуухад “Би УБДС-ийн биеийн тамирын ангийн II курст, хичээлийн бус цагаар тэшүүрийн бэлтгэл хийдэг, Булган аймагтаа тэргүүн байрт шалгарсан энгийн нэгэн оюутан байлаа. ЗХУ-ын мэргэжилтэн багш Данилов намайг бүх ард түмний анхдугаар спартикиадад бэлтгэж, зөвлөнө. Тэгээд чи холын зайд сайн уралдаж байна, түрүүлнэ гэж урамшуулна. Спартикиад болохоос нэг сарын өмнө ЗХУ-аас мэргэжилтэн П.И.Павлов Монголын тэшүүрчдийг дэлхийн аварга, олимпийн их наадамд бэлтгэх зорилготой уригдаж ирсэн юм билээ. Монголын бүх ард түмний спартикиадад хот, хөдөөгийн 200-гаад тамирчин ирж 1961 оны хоёрдугаар сард цана, тэшүүрээр эхэлсэн. Тэдний дотор манай тэшүүрийн спортын алдартай томчууд болох Ж.Гүржав, Д.Намсрай, П.Галсан, Д.Сүхээ, Ц.Лхамжав, М.Наранцэцэг, Сонинбаяр, Дулмаа нар ирсэн нь сүрдмээр харагдаж байсан” гэв.

Л.Цэнд гуай энэ тэмцээнд 5000, 10 мянган метрийн зайд оролцсон бөгөөд гараа эхлээд удаагүй байхад хөгжөөн дэмжигчид нь хашгиралдаж, Данилов багш хуруугаа гозойлгон “молодец”, “хорошо” гэж орилж байсан. Барианд ороход радио узелиэр “УБДС-ийн оюутан Л.Цэнд есөн минут 10.1 секунд хурдалж БНМАУ-ын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо” хэмээн зарлажээ. Ингээд 5000 метрийн зайд УБДС-ийн оюутан Л.Цэнд I, II байрыг “Алдар” нийгэмлэгийн тамирчин Д.Сүхээ, III байрыг “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин Ж.Гүржав эзэлсэн байна. Гэвч түүнийг маргааш нь болох 10 мянган метрийн уралдаан зовоож байлаа. Учир нь түүний өрсөлдөгчид Эрхүү хотод бэлтгэлээ хийсэн байв. Харин Данилов багш нь “Чи түрүүлж, амжилт эвдэнэ. Багш нь тооцоог нь сайн хийнэ. Харин чи багшийнхаа хэлснээр яваарай” гэж захижээ. Энэ тэмцээний гараанд алдарт тэшүүрчин Д.Сүхээтэй таарчээ. Гараа эхлээд 13 тойрохдоо 200 метр орхисон байна. 10 мянган метр гэдэг нь цэнгэлдэх хүрээлэнг 25 тойрох аж. Ингээд таван тойрог дутуу үлдэхэд Д.Сүхээг гүйцэд түрүүлж, барианд 19 минут 04 секунд хурдалж улсын дээд амжилтыг дахин шинэчлэн тогтоож, спортын мастерын болзол хангаж, хоёр дахь алтан медалийн эзэн болжээ.

 

УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН


Бүх ард түмний спартикиадад амжилттай оролцсон тул Л.Цэнд гуайг улсын шигшээ багийн тамирчнаар авах санал ирсэн тул сургуулиасаа гурван жилийн чөлөө авч шигшээ багийн тамирчин болов. Тэр үед сургуулийн захиргаа, оюутнууд нь “Чи шигшээ багт орсноор дэлхийн аварга, олон улсын тэмцээн, олимпийн наадамд оролцох эрх чинь нээгдэж байна, хичээгээрэй” гэсэн нь биеллээ олж 1964, 1968, 1972 оны олимп, дэлхийн аваргад гурван удаа, олон улсын шигшээ тэмцээнд 10 гаруй удаа орж Ази тивийн амжилтыг 10 мянган метрийн зайд хоёр, Монгол Улсын амжилтыг 43 удаа шинэчлэн тогтоосон байна. Мөн олон улсын тэмцээнээс гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, улсын аварга, спартикадын тэмцээнээс 50 гаруй медаль, 1970 онд тэшүүрийн спортын ууган гавьяат тамирчин цол хүртсэн юм. Л.Цэнд гуай “Би 1964 онд Австрийн Инсбургт болсон өвлийн олимпийн IX их наадмын өмнөх жил нь ДАШТ-д орох бэлтгэл хийхээр Казахстаны Медеогийн мөсөн гулгуурын талбайд ЗХУ-ын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Бэлтгэлд Дашням, Гүржав, Зундуй-Ёндон, Лхамжав, Наранцэцэг, Сонинбаяр, Очирбат, дасгалжуулагч багш Намсрай, мэргэжилтэн П.И.Павлов нар байлаа. Оросын шигшээ багийн дасгалжуулагч нь дэлхийн гурван удаагийн аварга Олег Гончаренко, Борис Цыбек нар байсан. Орос ах нараасаа их зүйл сурсан даа. Энэ үед 500 метрийн зайд 39.6 секунд хурдалж дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорсон Е.Гришинтэй танилцаж тэшүүрээ ирлүүлж үзсэн азтай хүн” гэснээ “1963 оны олон улсын тэмцээний үеэр болсон явдал. Энэ тэмцээнд долоон орны тамирчид хоёр өдөр өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр би 5000 метрийн зайд найман минут 17.5 секундын амжилт үзүүлж III байр эзлээд их л баяртай байлаа. Харин хоёр дахь өдөр нь 1500 метрийн зайд уралдаж дуусаад байтал 10 мянган метрийн тамирчид гараанаас гарсан юм. Урьд өдөр онь 5000 метрийн зайд тэргүүн байр эзэлсэн Оросын ОУХМ Павлов над дээр ирээд “Чи бид хоёр гараа таарчээ. Чи энэ зайд хэд явдаг вэ гэхэд нь би 17 минут гэлээ. Тэгсэн өө тийм бол би чамайг бүтэн тойргоор гүйцэх юм байна гээд их л ёжилж байна. Миний шар хөдлөөд, Гришин аваргаар тэшүүрээ ирлүүлсэн юм чинь тэр муу онгироо Оростой үзэлцэнэ дээ гэж бодоод гараанаас гарч нөгөө оросыг ардаа орхин 16 минут 25.4 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж Ази тивийн амжилтыг шинэчлэн тогтоосон. Павловын хорон үг намайг хурцалсан байх гэж боддог” гэж байлаа. Энэ тэмцээнд Монголын Лхамжав, Дашням нар өөрийн улсын амжилтыг шинэчлэн тогтоосон хэмээн Л.Цэнд гуай өчигдөрхөн болсон тэмцээний талаар хэлж байгаа юм шиг дурсан ярьж байв. Тэрээр шигшээ багийн тамирчин, багш, багийн ахлагчаар 12 жил ажилласан байна.
 

“ТӨРИЙНХӨӨ ТУГИЙГ ӨРГӨЖ, ТАМИРЧДАА МАНЛАЙЛАН ОРЖ ИРСЭН ТЭР МӨЧ ҮНЭХЭЭР САЙХАН”



 

Л.Цэнд гуайгаас анх олимпод оролцоход ямар сэтгэгдэл төрж байсан талаар асуухад “1964 онд Австрийн Инсбург хотод өвлийн IX олимпод оролцох баг, тамирчдыг хоёр хэсэгт хуваасан. Тэшүүрчдийг Казахстанд, цаначдыг Польшид бэлтгэлд гаргахад Намын төв хорооны Б.Боёо, БТСЭТ-ийн зөвлөлийн орлогч дарга Г.Цэрэндорж нар ахалж, орчуулагчаар нь Л.Боль ажилласан. Тэшүүрийн дасгалжуулагчаар Д.Намсрай, тамирчнаар би, Ц.Лхамжав, Ж.Гүржав, Л.Дашням, Б.Жалбаа, цанын дасгалжуулагчаар П.Рэнцэндорж, тамирчнаар Д.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Х.Баадай, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар оролцсон юм. Энэ олимпод 35 орны 1000 гаруй тамирчин оролцсон. Монголын тамирчид олимпийн тосгонд тугаа байрлуулахад манай төрийн далбааг дөрвөн хүн алган дээрээ барин хөгжмийн аянд алхан ирж, хүндэтгэлтэйгээр дээш өргөхөд Төрийн дуулал эгшиглээд мөн ч сайхан байж билээ. Миний амьдралд тохиолдсон мартагдашгүй үйл явдал болж орчуулагч Л.Болийн хамт олимпийн цэнгэлдэхэд Төрийнхөө тугийг өргөж, тамирчдаа манлайлан орж ирсэн тэр мөч үнэхээр сайхан дурсамж үлдээсэн.

Олимп, дэлхийн бүх улс, үндэстнийг социалист, капиталист, хар цагаан гэж ялгалгүй эвлэлдэн нэгдэх, харилцан ойлголцох, дэлхий нийтийг хамарсан хамгийн сайхан баяр. Энэ олимпод би 20-д орсон санагдана. Казахстаны олон улсын тэмцээнд 10 мянган метрт 16 минут 25.07 секундын амжилт үзүүлж түрүүлсэн миний амжилтыг Германы тамирчин давтаж VI байр эзэлж байлаа. Тэр үед гэрэл зурагчин, сурвалжлагч гэж байгаагүй болохоор түүх өгүүлэх гэрэл зураг юу ч байгаагүй. Харин олон жилийн дараа олимпийн хорооны Отгонцагаан хаанаас ч юм хурал, зөвлөгөөнд явж байгаад миний олимпод тугаа барьж явсан зургийг минь олж, авчирч өгсөн.

Миний багш гэвэл Нямдорж, Гүржав, Намсрай, Даржаа, Дашдаваа нар байсан. Би энэ сайхан багш нарынхаа хүчинд тэшүүрчин болсондоо баярлаж явдаг. Хүн ер нь багшийнхаа ачийг хэзээ ч мартаж болохгүй. Олон газраар явж юм үзэж, нүд тайлаагүй залуу байхдаа үзсэн Казахстаны Ала-Тау уулын хормойд байрладаг Медеогийн мөсөн гулгуурын талбай шиг битүү дээвэртэй, орчин үеийн хөргөлтийн системтэй талбайтай болох юмсан гэж мөрөөддөг байсан. Харин одоо бид мөсөн гулгуурын талбайтай болох боломж бий болсон” хэмээн хуучилсан юм.



ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛОХОД ОЙРХОН Ч…


Тэрээр тамирчид маань олимп, дэлхийн аварга болоход ойрхон байна. Бид шинжлэх ухаан, техникийн эрин үед амьдарч байна. Манайхаас бусад оронд битүү гулгуурын талбайтай болчихсон. Манайх шиг хогийн шүүр бариад мөсөн дээр зогсдог улс дэлхийд байхгүй. 10-аад жилийн өмнө битүү гулгуурын талбайтай болгоё гээд Дэлхийн тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Монголд ирсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд уулзаад, ийм талбай байгуулах Засгийн газрын тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл барьж чадаагүй л байна. Тиймээс тэшүүрийн спорт манайд сайн хөгжихгүй байгаа юм. Би 75 нас хүртлээ гадаа хүйтэнд зогссон. Өвлийн хүйтэнд гадаа зогсоно гэдэг тийм амар биш шүү. Ирэх сард болох өвлийн олимпод оролцохоор манай нэг тамирчин, нэг дасгалжуулагч Канадад бэлтгэл хийсэн ч олимпийн эрх авч чадаагүй.

Манай тамирчин 2016 онд их өндөр амжилт гаргасан. Миний шавь Б.Сумъяа дэлхийн залуучуудын II олимпод бусад улсын тамирчидтай нэг баг болж оролцон, түрүүллээ. Энэ амжилтыг үнэлэх ёстой. Бусад спортынхон олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчиндаа байр өгөөд, дэмжээд байгаа харагдах юм. Гэтэл тэшүүрийн тамирчинд байдаггүй. Манай холбоо муу ажиллаж байгаа байх. Хэрэв хөөцөлдвөл болохгүй юм гэж байхгүй. Би дотроо 17-хон настай охин олимпийн аварга болоод ирж байхад нь сайхан хүлээж аваад, хоёр өрөө орон сууц өгчих болов уу гэж бодож байсан юм. Олимпийн аварга гэдэг хэн дуртай тамирчинд олддог амжилт биш. Энэ хүүхэд 20 гаруй хоног бэлтгэл хийгээд 7-8 сар гулгасан тамирчидтай уралдсан. Олимпод хэн дуртайг нь авдаггүй. Дэлхийн шилдэг 25 хүнийг сонгож авдаг. Б.Сумъяа шилдэг 25 тамирчинд багтаж, олимпийн наадамд оролцож, амжилт гаргасан. Тиймээс бид үнэлэх ёстой.

Үнэлэхгүй болохоор багш нь жаахан гомдож л явна. Энэ бол миний отгон шавь. 10 настай байхад нь аав ээжтэй нь уулзаж сонгож авсан юм. Зургаан жил миний удирдлага дор бэлтгэл хийсэн. Харин сүүлийн жил гаруй хугацаанд миний шавь Д.Энхбаяртай хамт бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож байна. Намайг тамирчин байхад стандартын шаардлага хангасан гурван гулгуурын талбай байлаа. Гэтэл одоо Хөвсгөл, Орхон аймагт л стандарт талбай байна. Хэрэв өвлийн спортын битүү дээвэртэй ордонтой болчихвол ганцхан тэшүүр биш уран гулгалт, хоккей, шорт трек хөгжих боломжтой. Тиймээс л битүү гулгуурын талбайтай болох хэрэгтэй байна. Бэлтгэл хийх талбайгүй бол яаж амжилт гаргах вэ. Цаашид олон амжилт гаргана даа. Одоо ч хүүхдүүдийн сэтгэл зүй өөр болж. Хуучин шиг захиргааддаг үе өнгөрсөн. Би хоёр жилийн өмнөөс мөсөн дээр зогсохоо больсон. Гэхдээ өнгөрсөн жил нэг удаа очиж харахад бэлтгэл хийж байгаа хүүхдүүд цөөрч. Манайд сүүлийн үеийн техник хэрэгсэл дутуу байна. Тэшүүрийн спорт 1950-аад онд хөгжсөн ч тэр хэвээрээ явж байна. 2002 онд манайд Азийн аварга болоход японыхон хараад л инээлдээд зураг авч байсан. Хогийн шүүрээ бариад дээрээс нь таар тавиад замаа цэвэрлээд явахад тэд үзээгүй юмаа үзсэн хэмээн ярьж байлаа.

Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.