Харих завгүй хадланчид

Гачуурт тосгоны Арцтын амныхан хадландаа гарсан гэж сонсоод тэднийг зорив. Өдрийн ид халуунаас өмнө хэдэн бухал өвс унагахаар яарсан хадланчид үүрийн гэгээтэй уралдан босдог аж. Уулын бэлд хадлангийнхаа ойролцоо майхан, гэрээ барьсан Х.Хуандагийнх өнгөрсөн бямба гаригийн өглөө ажилдаа үүрээр 05:00 цагт гарсан байв. Өвлийн бэлтгэлийн ид ажлын үеэр ойр хавьд дэмий сэлгүүцэх хүүхэд, хөгшид ч алга. Биднийг өглөө 09:00 цагийн үед хадлангийн талбайд очиход Х.Хуандагийн майхан, гэр эзгүй байв. Хадлангийн талбайгаас холгүй зуслангийн байшинд Т.Хухмет өвгөн ой хүрээгүй ачтайгаа гэрээ сахин үлджээ. Өвлийг өнөтэй давах бэлтгэлээ базаахаар эднийх хадландаа гэрээрээ нүүж иржээ.

 

ХАДЛАНГИЙН ТОГООЧ БА ХҮЙТЭН ХАР ЦАЙ 

 

“Хорь гаруй жил байгалийн үр шимээр өвлийг өнөтэй давж, хэдэн малаа онд мэнд оруулж байна. Ааваасаа өвлөсөн хадлангийн талбайгаас өвөл үхэр, тугалаа тэжээх өвс авчихдаг юм. Гэхдээ малынх нь тоо толгой өсөх хэрээр ахиухан өвс авах шаардлагатай ч газрын суудлаас болоод олигтой хадлан авч чадахгүй л байна. Баян хүмүүс, компанийн эзэд хадлангийн талбайг уулын энгэр, бэлээр нь өмчлөөд авчихна. Үлдсэн жижиг талбайг малынхаа бэлчээрт үлдээхгүй бол болохгүй. Өмнө нь уулнаас хадлан хийдэг байхад овоо тэжээл хураадаг байлаа. Сүүлийн үед өвөлжөө хавиасаа өвс хаддаг болсон” хэмээн ярих казах эр хоёр га газраас хадсан гурван машин өвсөөр 30 үхэр тэжээнэ гэдгээ хэллээ. Өнгөрсөн жил энэ талбайгаас өвлийн тэжээлээ ЗИЛ-130 машинаар гурван удаа ачжээ. Харин энэ намрын ургац арвин учир өмнөх жилүүдийнхээ нормоос давна уу гэхээс дутахгүй байх хэмээн төлөвлөх гэрийн эзэгтэй К.Сайрангүль хадлангийн тогоочоор иржээ. Хур борооноос урьтаж хураасан өвсөө өмхийрүүлчихгүйн тулд үүрийн гэгээ, үдшийн сартай уралдах хадланчид тогоочийн гарын хоол, цайгаар хүч сэлбэж  байгаагаа ам уралдан ярина. Эднийх энэ жил хадлангийн ажлаа хүргэн, хүү, хамаатны залуусын хүчээр нугалж буй аж. Хар үүрээр хадлангийн талбайг зорьсон залуус өглөө 10:00 цагт өглөөний цайгаа уухаар гэртээ ирдэг байна. Дараа нь 13:00 цагт өдрийн хоолондоо орохоор ирэхдээ үдийн халуунд түр амсхийдэг аж. Нохой гаслам халуунд хадлан дээрх хамгийн сайхан сэрүүцүүлэгч ундаа нь хадлангийн тогоочийн чанаж, горхины усанд хөргөсөн данхтай хар цай гэдгийг хадланчид ам уралдуулан ярина. Өдрийн хоолоо хүйтэн хар цайгаар хачирласан хадланчид оройн хоолондоо 16:00 цагт ирдэг байна. Хадлангийн ажилд зориулж гаргасан хонины махаа олон хоног буцлах ажилдаа тохируулан борцолж ирснээ гэрийн эзэгтэй хэлж байв. Өдөржин хадуурын иштэй нөхөрлөж, зав чөлөөгүй өвс хадах хадланчдад борцолсон махны шөлний үнэр оройн хоолны цаг болсныг нэгэнт зарлана. Гадаа ил зуухан дээр пор порхийн буцлах борцтой, гурилтай шөл өнөөдрийн оройн хоол байв.     

 

АХИУХАН ХАДЛАН АВАХГҮЙ БОЛ ...


Энэ намар өнгөрсөн жилийнхээс ахиухан хадлан авахгүй бол тэжээл үнэд ороод хэцүү байгааг Х.Хуандаг ярив. Сүүлийн үед компаниуд хадаж бэлтгэсэн малын тэжээлээ Хятад руу их гаргаж байгаа тул үнэ нь өсч байгааг тэрээр дуулгасан юм. Өнгөрсөн жил өдийд нэг боодол тэжээл 4000-5000 төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ намар 6000-аас буухгүй байгаа аж. Малын тэжээл дотооддоо багасаад ирэхээр үнэ өсдөг юм байна. Тиймээс казах эр өмнөх жилийнхээс ахиу хадлан авахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн хадлан 30 гаруй үхрийг тэжээхээс гадна цаг хэцүүдвэл унага, даага, гүү тэжээх үүрэгтэй байгааг гэрийн эзэгтэй хэлсэн. Ахиухан хадлан авчихвал үнэтэй тэжээлд мөнгө үрэхгүй, хадлан тэжээл хайж гүйхгүй олон талын ач холбогдолтой гэдгийг тэд онцолсон  

 

ХАДЛАН ДЭЭРХ ХАЧИРТАЙ ЯРИА

Борооноос урьтаж хадсан євсєє бухалдаж, бухалдсаныгаа хураах гэсэн хадланчид єнєє шєнийн тэргэл сарны гэрэлд їлдсэн талбайнхаа талыг ч болов хадаж дуусгахаар тєлєвлєжээ.

 

Бидний очсон хадлангийн талбайн эзэн Х.Хуандагийн аав Т.Хухмет хадланчдын өдрийн хоолон дээр хачир нэмэхээр иржээ. Хадланчид өдрийн хоолондоо арай уртасгасан цагаар орно. Тэд халуун нар төөнөсөн ажлын бүтээмж муутай өдөр дунд хоол идэнгээ түр амсхийж, дугхийх нь дугхийж, энэ тэндэхийн элдэв сонин хачин яриа өрнүүлнэ. Хадлангийн үеэр хэдхэн минут амрахад хэчнээн сайхан байдаг гээч. Ялангуяа хадлангийн хоолон дээрх хачиртай яриа хамгийн амттай гэдгийг залуус хэлж байсан. Өдрийн цайны амралтыг тааруулж ирсэн Т.Хухмет өвгөн Абылай ач хүүгээ унтасныг ээжид нь дуулгалаа. Өвгөний ганц хүү Х.Хуандаг дөрвөн охин, ганц хүүтэй. Олон жил хүлээсний эцэст голомт залгах ач хүүтэй болсондоо өвгөн ихэд баярлаж суугаа аж. Гачуурт тосгонд насаараа бага ангийн багш хийсэн Т.Хухмет өвгөн 80 насны босгыг давжээ.

Өндөр насны босгон дээр ач хүүгийнхээ зулайг үнэрлэсэн тэрээр ач хүүдээ Чингис хааны удам Абылай хааны нэрийг өгсөн тухайгаа хуучилж, хадланчдад Абылай хааны талаарх түүхийг хадлангийн хоолны хачир болгон ярив. 18 дугаар зуунд амьдарч байсан Абылай хаан Чингис хааны хүү Зүчийн удам байсныг хадланчдад дуулгав. Абылай хаан дэлхий дээр тарсан казах ард түмнийг нэгтгэж одоогийн Казахстан улсын суурийг тавьсан гавъяатай гэдгийг хуучлангаа удам залгасан ганц ач хүү минь хаан  шиг ухаантай хүн болно хэмээн сайрхав.    

 

ТЭД ТЭРГЭЛ САРТАЙ УРАЛДАНА

 

Ургацын талбайд борви бохисхийх завгүй ажиллах хадланчдад хэрэндээ тус дэм болох гэсэн өвгөн ачийгаа харах зуур цаг агаарын мэдээнд өдөржин чих тавина. Цаг агаарын урьдчилсан мэдээнд долоо хоногийн сүүлчээр бороотой гэдгийг дуулсан тэрээр хүүхдүүддээ ажлаа яаравчилж, бухалдсан өвсөө бороонд норгохгүй байхыг анхааруулж байлаа. Өвөлд бэлдэхээр олон хоног эртлэн босч, үдийн дуу алдам халууныг үл ажран, талд цэлийх ногоон талбайг хадаж дуусах мөчийг тэсэн ядан хүлээх хадланчдын ажил борооноос болж урагшладаггүйг тэд хэлсэн юм. Хадлангийн талбайд хадланчдын дуу, халдуурын чимээ шөнө дунд хүртэл үргэлжилсээр байдаг аж.

Долоо хоногийн сүүлчээр орох борооноос урьтаж хадсан өвсөө бухалдаж, бухалдсаныгаа хураах гэсэн хадланчид өнөө шөнийн тэргэл сарны гэрэлд үлдсэн талбайнхаа талыг ч болов хадаж дуусгахаар төлөвлөжээ. Тэгээд ч өдрийн ид халуунд бие нозоороод ажил олигтой явдаггүй юм. Тэргэл сартай шөнө сэрүүхэн, ялаа шумуул ч бага ажил хийхэд урамтай байдаг. Өнгөрсөн жилүүдэд талбайн ихэнх хэсгийг сарны гэрэлд хадаж дуусгаж байсан.

Тэгээд өглөө босоод хадсан талбайгаа харахаар үнэхээр урамтай байдаг хэмээн гэрийн эзэн хэлэв. Биднийг орой 20:00 цагийн үед нийслэл рүү хөдлөхөд хадланчид борооноос урьтаж ажлаа амжуулахаар энэ шөнийг ургацын талбайдаа өнгөрөөхөөр үлдлээ.


Э.ӨНӨР, Ө.НАМУУН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsolmon 2014-08-18 02:11:46
    Saihan bna yamar mundag yum be. Mongolchuud bugd iim baival hugjil oirhon bna da......................
    202.21.112.2
    Мэдэгдсэн Хариулах