З.Болдбаатар: Цэргийн алба хаагчдын орон сууц, нийгмийн асуудалд түлхүү анхаарч байна
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатартай Засгийн газрын хоёр жилийн ойн босгон дээр хийж, хэрэгжүүлж байгаа зарим ажлынх нь талаар ярилцлаа.

-Засгийн газар байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр танай салбарт хэрхэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд ард иргэдэд хандсан, тэдэнд үлдэцтэй ямар ажлууд хийгдсэн бэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт манай салбарт 53,2 хувийн хэрэгжилттэй байна. Батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэлээс гадна ард иргэд, олон нийт рүү чиглэсэн, залуучуудыг төлөвшүүлж, ажил амьдралын дадлага туршлагатай болгоход анхаарсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүллээ. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн талаар нэлээд мэдээллүүд гарсан.

Мөн “Монгол-цэрэг бүтээн байгуулалтад” зэрэг хөтөлбөрүүдээр бид залуучуудыг алба хаах хугацаанд нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан мэргэжил эзэмшүүлэн, томоохон бүтээн байгуулалтанд ажиллуулж байна. Тухайлбал, хөтөлбөр батлагдсанаас хойшхи хугацаанд 900 гаруй залуусыг мэргэжил эзэмшүүлж, цэргийн албыг нь хаалгалаа.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан бас нэг зорилт бол цэргийн алба хаагчдыг орон сууцаар хангах зорилт. Энэ хүрээнд хөдөө, орон нутгийн 300 гаруй цэргийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажлыг зохион байгуулж хийлээ. 2015 оноос энэ ажил төвийн бүсийн цэргийн анги, байгууллагуудад хийгдэнэ. 

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 1000 гаруй цэргийн алба хаагчдыг орон байртай болгоно гэсэн зорилт тавигдаад байгаа. Өөр нэг нийтэд хамааралтай хөтөлбөр болох “Цэргийн эмнэлгийн шинэчлэл”-ийн ажлын хүрээнд Австрийн Засгийн газрын зээлд хамрагдаж цэргийн эмнэлгийг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, нэлээд сайн тохижилттой улсдаа тэргүүлэх зэргийн эмнэлэг болгохоор ажиллаж байна.  Ирэх аравдугаар сард шинэ барилга ашиглалтад орж, арванхоёрдугаар сараас эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүд шинээр тавигдана.

Иргэд рүү чиглэсэн бас нэг зорилтот арга хэмжээ бол орон нутагт байгаа инженерүүдийн батальонуудаар тухай орон нутгийн бүтээн байгуулалтад зам тавих, тусгай обьект барилгууд барих гэх мэт ажлуудыг хийж иргэдийн талархлыг хүлээж байна. Эдгээр олон нийт рүү хандсан ажлуудаас гадна салбарын онцлогтой Зэвсэгт хүчний шинэчлэлт, зэвсэгт техникийн гээд олон ажлууд хийгдэж байна. Эдгээр нь тодорхой нууцын хязгаарлалттай тул дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагагүй гэж үзэж байна.

-Засгийн газраас 147 дугаар тогтоол гаргаж төсөв хэмнэх, орон тоо зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, ажлын давхардлуудыг арилгах зорилт тавьсан. Энэ талаар БХЯ-д юу хийгдэж байна?

-БХЯ-ны бүтэц, орон тоог багасгах талаар ажиллалаа. Мөн яаманд томилогдоогүй байсан дөрвөн албан тушаалд хүн авч ажиллуулсангүй. Сайд маань зөвлөхгүй ажиллаж байна. Өдрийн цагаар гэрэл цахилгааны хэмнэлт гаргаж, гэрэл асаахгүйгээр ажиллаж байна. Бичиг хэргийн зардлыг эрс багасгалаа. БХЯ, ЗХЖШ гэсэн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах талаар нэлээд тушаал шийдвэр гаргалаа.

Мөн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын цайны мөнгийг төсвөөс олгодог байсныг зогсоогоод байна. Албан тушаалтнуудын дуудлагын унааг багасгаж өдрийн лимитийг нь 50 байсныг багасгаж 40 болгосон. Батлан хамгаалах яамны харьяалалд  байсан дөрвөн аж ахуйн нэгжийг нэгтгэн нэг болгосон.

Харьяа байгууллагуудынхаа орон тооны дээд хязгаарыг 20 хувиар багасгаж, тушаал шийдвэр гаргаад байна. Давхардсан олон шалгалт, хяналтуудыг байгууллага бүрээс гардаг байсныг нэгтгэж цөөллөө. Мөн олон хурал, семинар, сургалт, зөвлөгөөний давтамжуудыг цөөрүүллээ. Энэ бүхний үр дүн БХЯ-ны хэмжээнд хоёр сар гаруй хугацаанд 30-аад сая төгрөгийн хэмнэлт гаргаад байна.
Монголын мэдээ
Э.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.