
Илбийн урлагаар дамжуулж, дэлхийд эх орноо сурталчлах зорилготой илбэчин С.Билэгттэй ярилцлаа.
-Таны мэргэжил монголчуудын хувьд нэлээд хол хөндий. Яагаад илбэчин болохоор шийдсэн бэ?
-Та Монгол телевизээр гардаг байсан “Илбэ намайг сонгосон" нэртэй миний нэвтрүүлгийг үзэж байсан уу. Би багадаа урлаг, спорт хичээллэдэг их сониуч хүүхэд байсан. Бас аливаа зүйлд маш тууштай. 35 үсэг сурахдаа өглөө зургаан цагт өөрөө сэрээд “Цагаан толгой" номоо уншдаг байсан гэсэн. Үүнээс гадна багаасаа илбэтэй кино, видео үзээд энэ төрөлд татагдаж эхэлсэн. Тэгээд илбийн тухай ном авч бие дааж хичээллэх болсон. Сонирхлынхоо дагуу илбийг судалсаар нэг мэдэхэд ихэнхийнх нь нууцыг тайлж, өөрөө хийж чаддаг болсон. Тэгэхээр би илбийг бус илбэ намайг сонгосон гэж бодсон.
-Нэвтрүүлгийнхээ төслийг өөрөө бичсэн юм билээ?
-Би анх найман жилийн өмнө илбийн бичлэг хийж байсан. Тухайн үедээ тэр бичлэг хүмүүст сайн хүрсэн. Харин дараа нь өөрөө үзээд гаднын илбэчидтэй харьцуулахад нэлээд алдаа дутагдалтай байсан. Тэгээд бичлэгээ устгасан. Харин одоогоос гурван жилийн өмнө би өөрийгөө болсон гэсэн цагтаа нэвтрүүлгийн төслөө бичээд хэд хэдэн телевиз рүү очсон.
Харин Монгол телевизийн Ч.Номин захирал миний нэгхэн илбийг үзээд л “Нэвтрүүлгийн төсөлд чинь хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ, дэмжье” гэж хэлсэн. Ааваас минь өөр намайг дэмжсэн хүн Ч.Номин захирал байсан. Энэ хоёр хүний дэмжлэгээр би олон хүнд танигдсан.
-Танд багш байсан уу?
-Монголд илбэ заадаг багш гэж байдаггүй. Хичээнгүй зан минь надад тусалсан. Би илбэ хэрхэн хийхийг 100 хувь өөрийн хичээл зүтгэлээр сурсан. Одоо бол хаяа БНХАУ, ОХУ-руу очиж гаднын илбэчидтэй туршлага солилцдог. Тэдний цугларалт дээр очдог.
-Илбийн урлагийг товчхоноор юу гэж тайлбарлавал оновчтой вэ?
-Маш богинохон хугацаанд хүнийг гайхшируулж чаддаг урлаг. Хөгшин залуу, эмч, ял эдэлж буй хоригдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүхий л хүний дотор хүүхэд зан, сэтгэхүй нь нуугдаж байдаг. Тэр занг нь гаргаж ирж чаддаг урлаг бол илбэ. Тиймдээ ч энэ урлагийг бүх л насныхан үзэх боломжтой. Нэг өгүүлбэрээр илбэ аливаа хүнийг хамгийн түргэн хугацаанд баярлуулдаг. Тэрнээс илбийг ид шид юм уу заль гэж тайлбарлаж болохгүй.
-Илбийг хэдэн төрөлд ангилдаг вэ?
-Ойрын болон тайзны гэж ангилдаг. Би ойрын зайн илбэ үзүүлдэг. Цаашдаа тайзны илбэ үзүүлнэ. Мөн 2020 онд бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн. Тэр хүртэл бэлдэх зүйл их бий. Учир нь ойрын зайн илбийг би ганцаараа цөөхөн үзэгчдэд үзүүлдэг. Тайзны илбийг 1,000 гаруй үзэгчид үзүүлдэг учир бүхэл бүтэн баг ажиллаж байж тэр бүх хүнийг гайхшируулна.
-Таны хувьд өөрийн багаа хэрхэн бүрдүүлж байна?
-Миний найз, шавиас бүрдсэн надтай нийлээд дөрвөн хүн бий. Надаар илбэ заалгадаг хүүхдүүд бий. Гэхдээ тэд хараахан бусдад үзүүлэх хэмжээнд очоогүй. Мөн Монголын илбэчид хараахан бэлэн болоогүй. Илбэ маш удаан хугацаанд бэлтгэл хийж байж туршлага дээр сурдаг урлаг. Манай илбэчдэд нэг дутуу зүйл нь туршлага.
Тэрнээс ирээдүйд Монголоос мундаг илбэчид төрнө. Илбийн урлагт хүчин зүтгэж буй хүмүүс үзэгчдийн өмнө гарахын тулд дор хаяж 5-10 жилийн хугацаа зарцуулна. Би одоо байгаа хэмжээндээ хүрэхийн тулд маш олон удаа алдаа гаргасан. Тэр тоогоор хүмүүст шоолуулж байсан. 800 үзэгчийн өмнө тайзан дээр бүтэлгүйтэж л байлаа.
-“Авьяаслаг америкчууд” шоунд оролцох сураг байсан?
-Тийм ээ. Энэ шоунд оролцох хүсэлтээ илгээсэн. Одоо үзүүлбэрийн тал дээр бэлэн болоогүй зүйлс бий. Бэлтгэлээ бүрэн хангаад үзүүлбэрээ 100 хувь болгосны ард АНУ-ыг зорино. Мөн илбэтэй холбоотой кино хийхээр төлөвлөж байгаа.
-Өөрийн тань биелүүлж чадахгүй хүсэлт хүүхдүүдээс ирж байсан уу. Хүүхдүүд илбийг ид шид гэж боддог?
-Илбэ бол бие махбодын урлаг. Ид шид бол оюун ухааны тайлагдаагүй нууц. Илбийг ид шид гэж хүүхдүүдэд ойлгуулж болохгүй. Илбэ бол бусдыг баярлуулдаг нууц дээр суурилсан урлаг. Тэр нууцыг задалж болохгүй. Хүсэлтийн тухайд хүүхдүүдээс “Ээжийг минь эдгээж өгөөч”, “Мөнгө өгөөч” гэсэн хүсэлт ирдэг. Томчуудаас бизнестэй холбоотой асуудлаар мөн зөн билигтнээс хамтран ажиллая гэсэн хүсэлт ирж байсан. Тэр бүгдэд татгалзсан хариу өгсөн.
-“Авьяаслаг азичууд-2017” шоунд Индонезийн илбэчин “Sacred Ri-апа” түрүүллээ. Үүнтэй адил манай илбэчид гаднын том шоуны ялагч болох боломж бий юу?
-Боломж бол байгаа. Гэхдээ нэг зүйлийг тайлбарлахад гадны илбэчдэд бэлэн тоног төхөөрөмж байдаг. Харин манай илбэчид өөрийн бие махбод, ур чадвартаа үндэслэж илбэ сурдаг. Түүнчлэн гадаадын илбэчид бэлэн тоног төхөөрөмж ашиглаж байгаа учир ур чадвар нь тааруу. Манай илбэчид цэвэр ур чадвар дээр дөрөөлж буй учир энэ талаараа илүү болж байгаа.
Жишээлбэл, миний хөзрийг гарынхаа ар талаар шиддэг бичлэг бий. Энэ үзүүлбэрийг дэлхийд маш цөөхөн хүн хийдэг. Харин Монгол илбэчид дийлэнх нь хийгээд сурчихсан. Манай илбэчид гадны зах зээлд гарах үүд хаалга нээлттэй. Хамгийн том асуудал нь хөрөнгө мөнгө. Манай циркчид гадны тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа. Циркчдийг дагаад илбэчид гадаадын оронд болж буй тэмцээн уралдаанд оролцох боломжтой байдаг. Тиймээс циркийн баг бүрэлдэхүүнд илбэчдийг ороосой гэж боддог.
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Манай аав хувиараа бизнес эрхлэгч. Ээж тогооч гэхдээ одоо аавтай цуг ажиллаж байгаа. Миний амжилтад хүрэхэд нөлөөлсөн хамгийн том хөшүүрэг бол манай аав. Намайг шөнийн дөрвөн цаг хүртэл унтахгүй хөзрөөр оролдоод сууж байхад харчхаад юу ч хэлэлгүй хүлээцтэй ханддаг. Манай гэрийнхэн мөнгө төгрөггүй хэцүүхэн үе байсан. Тэр үед “БНХАУ руу явж илбийн талаар судалгаа хийх хэрэгтэй байна” гэхэд аав нэг сая төгрөг олоод л явуулж байсан.
Би аавын олж өгсөн мөнгөөр БНХАУ-д очиж олон зүйл сурч, туршлага судалсан. Заримдаа бодсон ямар нэг ажил бүтэх болов уу гэсэн айдас төрөх үед би аав ард минь байгаа юм чинь гэж бодохоороо зоригтой хөдөлж чаддаг. Мөн эргэлзсэн үедээ ааваасаа зөвлөгөө аваад дараагийн хийх алхмаа олдог. Аав надтай багаас минь цуг шатар тоглодог мөн тулааны урлагаар хичээллүүлдэг байсан.
-Алдаа гаргасныхаа дараа илбийн урлагаас татгалзъя. Өөр зүйл хийе гэж бодож байсан уу?
-Илбэ хийхээ больё гэсэн бодол зөндөө орж ирсэн. Гэхдээ хэсэг хугацаанд завсарлаад бэлтгэлээ ахин хийдэг. Би 800 орчин хүний өмнө үзүүлбэр үзүүлж байхдаа 3-4 удаа алдаж байсан. Эрдэмтэн докторууд, УИХ-ын гишүүд, урлагийнханд илбэ үзүүлж байгаад алдсан. Гэхдээ би тэр бүх алдаанаас суралцдаг учир надад бүгд ололт болсон. Анхандаа алдаа гаргах бүрт бүгд инээж шоолдог байсан. Харин саяхан нэг шинэ жилийн хүлээн авалтад алдаа гаргасны ард хүмүүс намайг үнэлдэг, ямар их хичээл зүтгэл гаргаж буйг мэддэг болсон гэдгийг анзаарсан. Намайг алдаа гаргасны дараа үзэж байсан хүмүүс “Энэ удаад бүтэлгүйтсэн ч дараа нь болно доо” гээд урам хайрлаж, хамт зургаа татуулсан. Тэр хүмүүс намайг бус хичээл зүтгэлийг минь үнэлсэн. Мөн намайг дэмждэг маш олон хүн байдаг. Тэр бүх хүнд баярлаж явдгаа хэлье.
-Илбэчин хүн ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ?
-IQ өндөртэй байдаг гээд өөрийгөө магтахгүй юу(Инээв). Ер нь илбэ математик, хими, физик, оюун ухааны спорт, урлаг гээд бүхий л мэдлэгт суурилдаг. Нэн ялангуяа илбэчид математиктаа маш сайн байх хэрэгтэй. Мөн антропологи буюу хүн судлал чухал. Би 10 хүнд илбэ үзүүллээ гэхэд эхний хэдэн секундэд тэр хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулаад тэр хүн ямар хөзөр сугалахыг, ямар үйлдэл хийхийг таамагласан байх хэрэгтэй. Мөн үзэгчтэй яриа өрнүүлж, эхлэхдээ л тухайн хүний зан чанарыг таньдаг.
-Казинод илбэчид тэр дундаа хөзөртэй илбэ үзүүлдэг хүмүүсийг орохыг хориглодог уу. Өөрт тань казино орж үзэх юмсан гэсэн бодол төрж байсан уу?
-Хориглодог. Би илбийн урлагийг маш их хүндэлдэг учир мөрийтэй тоглоомтой хутгахыг хүсдэггүй. Тиймээс казино орох бодол байдаггүй. Харин надаар казино тоглуулах гэсэн хүмүүс байсан. Макаогийн казино руу цуг очиж тоглоё гэсэн хүсэлт ирж байсан. Мөн ийм бодолтой илбэчид байвал бүтэхгүй зүйл гэж хэлмээр байна.
Дэлхийн бүх л том казинод ширээг нь тойроод камер, энд тэндгүй хяналт, хөзөр нь гэхэд тусгай үйлдвэрийнх хольж, солих боломжгүй. Саяхан “И-март” дэлгүүр дээр нэг хүн таараад надтай ярилцсан. Илбэ сурч болох уу гэсэн ч цаад зорилго нь мөрийтэй тоглоом юм гэж санагдсан. Ер нь бүх казинод ширээний камерыг илбэчид хянаад суудаг байж магадгүй. Учир нь ирээдүйд Монголд хуулиар хүлээн зөвшөөрөөд том казино байгуулбал намайг ажиллуулна гэж хүн хэлж л байсан.
-Гадны зарим кинонд илбэчид гэмт хэрэг хийж байгаа талаар гардаг. Амьдрал дээр ийм тохиолдол бий юу?
-Өмнө нь гадны илбэчид луйвар хийдэг тохиолдол байсан. Урд хөршид их мөнгөн дэвсгэртийг багаар сольдог. Тэр дундаа таксины жолоочид илбийн арга ашиглаж, мөнгө сольж бусдыг хохироодог. Халаасны хулгайчид бас л илбэтэй төстэй арга барил ашигладаг. Гэхдээ би гадуур явж байхдаа халаасны хулгайчдыг таньдаг. Оюутан байхдаа автобусанд гурван хүнийг хараад халаасны хулгайч байна гэж бодсон. Гэтэл удахгүй нэг хүний утас алга болсон.
-Дэлхийн хамгийн алдартай илбэчдийг нэрлээч. Маш цөөн тооны хүмүүс байдаг байх?
-АНУ-д ойрын зайн David Blaine, тайзны David Copperfield, Англид Dynamo,Хятадад Yif, Японд Такаяама гээд дэлхийн хэмжээнд бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн таван илбэчин л бий. Анх илбийн суурийг тавьсан мундаг илбэчид ихэнх нь одоо байхгүй. Хүмүүс ч тэр бүр тэднийг мэддэггүй.
-Илбэ үзүүлээд тогтмол орлоготой байж чаддаг уу?
-Яг тогтмол орлого олдоггүй. Үнэнийг хэлэхэд шинэ жилийн баярын үеэр л илбээр орлого олж байна. Би сошиал маркетинг компанитай. Энэ ажлаа л хийж мөнгө олдог. Тэр мөнгөнийхөө ихэнхийг шинэ илбэ, уран бүтээлдээ зарцуулдаг.
Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ