С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна

Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч, Ч.Лодойдамбын 100 жилийн ойн нэрэмжит оны шилдэг богино өгүүллэгийн “Утгын чимэг-2017” наадмын шилдгийн шилдгээр Соёлын гавьяат зүтгэлтэн, Ц.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв шалгараад гуравхан хонож байна. Тэрбээр “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ “Утгын чимэг”2017”-гийн цомыг өргөсөн билээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон наадмын тэргүүн байр хүртсэн өгүүллэгийг нэрт хүүрнэн өгүүлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан уншиж үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан. Уг наадмын дэд байрыг зохиолч Н.Бадамжав, гутгаар байрыг Д.Жамъян, дөрөв, тавдугаар байрт Б.Баярсайхан, Г.Жамъян нарын өгүүллэгүүд жагссан. Шагналт байрыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Оюун, Т.Баянсан, Г.Болормаа, Д.Уранбилэг, Т.Бум-Эрдэнэ нар хүртэж өнөө цагийн өгүүллэгийн өнгийг тодорхойлогчид гэдгээ зарласан билээ.

Ингээд “Утгын чимэг-2017” наадмын тэргүүн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

 
-За Пүрэв гуай өвөлжөө тавтай юу?
 
-Тавтай сайхан л байна. Манай Гачуурт цас ихтэй ч агаар нь тунгалаг, Улаанбаатарын энэ их утаанаас хол тавтай өвөлжиж байна даа.
 
-Одоо та Гачууртад хэн хэнтэйгээ амьдарч байгаа вэ?

 
-Хөгшинтөйгөө бас нэг хүүтэйгээ гурвуул амьдарч байна.
 
-Гуравхан хоногийн өмнө болсон “Утгын чимэг-2017” богино өгүүллэгийн наадмаас “Уул өвгөн хоёр”-оороо түрүү цом гардсан. Энэ нь таны “Утгын чимэг”-ээс өргөж байгаа хоёр дахь цом байх аа?
 
-Тийм ээ. Би чинь ер нь богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам зохиогдож эхэлснээс нь хойш бараг л бүгдэд нь шахуу оролцсон юм шүү дээ. Дунд нь хоёр гурван жил л өнжсөн болов уу.


 
-Нэлээн хэдэн жилийн өмнө “Нохойн зовлон” өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийг магнайлж байсан байхаа?
 
-За байз тэр чинь одоо хэдэн он билээ дээ, “Нохойн зовлон” гээд өгүүллэг түрүүлж байсаан байсан. Өө нээрээ 2012 онд юм байна.
 
-Сүүлийн жилүүдэд “Утгын чимэг”-ийн утга төгөлдөршиж байна уу, эсвэл?
 
-Энэ жилийн наадмыг харж байхад залуу зохиолчид тун чамбай бүтээлүүдээр оролцож байна лээ. Чанар нь сайжирч байна гэсэн үг. Хоёрдугаарт зохиолчдын бүтээлийг амилуулж, үзэгчдэд хүргэдэг уншигчид үнэхээр сайжирсан байна. Яах аргагүй уншдаг залуучуудын нэгэн үе хүч түрэн гарч ирж байгаа юм байна. Хуучин шиг нэг цаас юм уу ном барьчихаад л будилаад байдаг зүйл ард хоцорч. Мэргэжлийн сургуулиар сурч боловсорсон уран уншигч залуусын их чадвартай үе төрөн гарч иржээ. Хуучны уншигчдаас Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан маань байсан. За тэгээд шижигнэсэн залуучууд аргагүй л мэргэжлийн түвшинд уншсан нь энэ удаагийн наадмын онцлог байлаа даа.

-Таныг уран зохиолын хүрээнийхэн “Их Монголжуу бичлэг, хэллэгтэй жинхэнэ Монгол зохиолч, Ардын уран зохиолч С.Дашдооровоос хойш төрсөн хамгийн монголжуу зохиолч” хэмээн хүндэтгэдэг. Энэ талаар та өөрөө ямар бодолтой явдаг вэ?
 

-Би ер нь бага залуугаасаа л монгол ахуй, монгол ёс заншлаа жинхэнэ амьд чигээр нь, монголжуу хэл найруулгаар бичихийг бодсоор ирсэн хүн. Намайг М.Горькийн сургуульд сурч байхад Орос багш маань “Чи монгол ахуйгаа л бич. Битгий бусдыг дуурайж эрээн мяраан юм бичээрэй” гэж захидаг байсан. Тэр үед оюутнууд намрын ажил гээд тариа ногооны ажилд явдаг л байсан. Би тухайн үед тиймэрхүү нэг юм бичээд багшдаа үзүүлсэн чинь “Тариа ногоо хураах энэ тэр чинь манайд ч байна, Европ тэр чигээрээ л адилхан. Гэтэл танай Монгол хөдөө, монгол ахуй гээд маш том соёл, тэр чигээрээ амьд дүрслэгдэхүүн байсаар байхад иймэрхүү юм бичээд хол явахгүй” гэж хэлж байсан нь миний ой тойнд шингэж хоцорсон болохоор чадах ядахаараа л монгол ахуйгаа бичих гэж оролдсоор ирсэн.
 
-Саяын наадмын дэд байрт залуу зохиолч Н.Бадамжав орсон. Бас радиогийн Б.Баярсайхан харагдаж байх шиг байсан. Тэдгээр зохиолчдын тухай, ялангуяа дэд байрт орсон Н.Бадамжавын өгүүллэг танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
 
-Н.Бадамжавын тэр өгүүллэг их сайн, сүрхий хэллэгтэй өгүүллэг байсан. Ялангуяа хөвч тайгын амьдралыг их сайн мэддэг, тэнд өгүүлэгдэж байгаа хэллэг, ахуй нь тун гярхай ажиглалт, авьяасын хослол болж, уншигчид болон бидэнд ч их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн л дээ. Тэр Бадамжав хүү ер нь юмыг сүрхий ажиглаж явдаг, амьдралын хар ухаан, дээр нь зохиолч хүнд байдаг зөн совин, бичлэгийн нэлээн чамбай тогтоцтой хүү санагддаг. Хойшдоо улам сүрхий бичих байхаа.

-Та сая “Зохиолч хүн мэддэг зүйлээ илүү сайн бичдэг” гэлээ. Гэтэл сүүлийн үед шинээр гарч ирж байгаа зохиолчид төдийгүй улстөрчид хүртэл “Хэрхэн роман бичих вэ” гэсэн гадаадын том гарын авлага барьж сууж байгаад сүрхий сүрхий нэртэй роман бичээд байх болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ?
 
-Харин одоо тэгдэг л гэж дуулдах юм байна шүү дээ. Гарын авлага барьж сууж байгаад роман биччихдэг бол монгол тэр аяараа зохиолч болох байлгүй дээ. Уг нь арай ч уран зохиолыг тэгж бичдэггүй л юмсан. Ялангуяа монгол хүн унших, ирээдүйн хүүхэд залууст зориулан монгол хэлний яруу тунгалаг, цэвэр сайхан найруулгатай, бас нэг ухаан хайрлах зохиол бүтээл бичье гэвэл унаган авьяасаас гадна нэлээн сайн амьдрал таньсан ухаан, олон жилийн ажиглалт, дүгнэлт хэрэгтэй л гэж бодож явдаг шүү дээ.

 
Шинэ роман, тууж өгүүллэгийн номын талаар олигтойхон дуугардаг шүүмжлэгч байхгүй болохоор хэн дуртай нь юу хүссэнээ л бичдэг болсон нэг бодлын эрх чөлөө нь задгайрсан цаг юм


Одоо тэгээд мөхөс миний ухаан хүрэхгүй уран зохиолын шинэ арга барил, хэв маяг гарч ирсэн байгаа юм байлгүй дээ. Биднийг залуу ид бичиж байхад Главлит буюу “Хэвлэл, утга зохиолыг хянах газар” гэж байсан. Одоо бодож байхад тэр ер нь их зөв газар байж. Тэрүүгээр орж жинхэнэ шүүсээ шахуулаад бас нэг жаахан танагтай болоод гарсан зохиол олон л байдаг гэж боддог. Мэдээж зарим нэгэнд нь таалагддаггүй л байсан байх. Харин өнөөдөр тиймэрхүү газар байхгүй болохоор нөгөө монгол хэлний яруу дуурьсал, хэл найруулгын зөв зохис нэлээн сүрхий алдагдаж байгаа юм болов уу даа. Хааяа нэг номын дэлгүүр ороод харж байхад нээрээ л сонин чамин нэр устай зузаан зузаан ном харагдаж л байх юм билээ. Харин тэр ном ирээдүй залуу үед ямар ухаарал үлдээж, хэл найруулгын ямархуу түвшинд бүтээгдсэн бол гэдгийг судлаач шүүмжлэгч нар л мэдэх байх даа. Одоо ч тэгээд шинэ роман, тууж өгүүллэгийн номын талаар олигтойхон дуугардаг шүүмжлэгч байхгүй болохоор хэн дуртай нь юу хүссэнээ л бичдэг болсон нэг бодлын эрх чөлөө нь задгайрсан цаг юм. Гэхдээ он цагийн шүүлт гэдэг хамгийн шударга шүүлтүүрээр ороод үлдэх нь үлдээд, хийсэх нь хийсээд явчих нь л даа.

-Таны туужууд нэрнээсээ эхлээд л “Азын цэнхэр уул”, “Их усны хаялага”, “Уулын намар” гээд үнэхээр яруу эгшиглэнтэй монгол хэллэгтэй байх юм. Тууж гэдэг уран зохиолын бас л том, сайхан төрөл юм. Таныхаар сүүлийн үед энэ төрөлд хүч түрэн гарч ирж байгаа залуу зохиолчид гэвэл хэн хэн байна вэ?
 
-Одоо ч тэгээд залуугийнх шиг нэг их уншиж чадахгүй юм даа. Дориун залуучууд хэд гурваараа гарч ирж л байх шиг байна. Радиогийн билүү дээ Болормаа, бас Батрэгзэдмаа гээд байна. Б.Золбаяр нэлээн дориун бичиж байсан. Сүүлийн үед чимээгүй болчихов уу даа. Олонхи залуучууд өөрийнхөө мэдэхгүй юмыг бичих гэж өөрийгөө ч зовоож, өрөөл бусдыг ч чилээж байхаар багадаа үзсэн, ядаж л сургийг нь сонссон монгол ахуйгаа л мөлжмөөр байгаа юм. Бид нар гурван сая ч байна уу, таван сая ч байна уу хамаагүй.


...өсч өндийж байгаа хүүхдүүд байтугай дунд үеийнхэн ч монгол ахуй, монгол сэтгэлгээнээс тун сүрхий алсарч байгаа нь юухан дээр ч ажиглагдах юм...

 
Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж байж ядаж л Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна шүү дээ. Түүнээс биш солонгосын кино шиг өш хонзон, хууран мэхлэлт, өнгө мөнгө бичээд байвал үлдэж хоцорно гэж байхгүй. Дээр нь одоо цагт монгол ахуй айхтар сүрхий донсолгон алга болсоор байна. Хөдөө морио унахаа больж хаа сайгүй хятад мотоцикл хяхруулаад л хонь малаа элдчихдэг болж. Тэр муухай дуутай төмөр мордчихоод хонь ямаа, үхэр адуу, тэмээгээ хүртэл орилуулаад хөөчихдөг болсон нь мөн ч хорлонтой хөгжил юм даа. Морио сайхан унаж эдлэж чадахгүй болчихоор түүнийг дагаад морь малтай холбоотой нөгөө сайхан дадал заншил, ахуй хэрэглээ цөм байхгүй болчихож байгаа юм. Тэдгээр нь алга болчихоор түүнийг илэрхийлдэг байсан нөгөө сайхан монгол хэллэг, монгол яриа бас л алга болчих жишээтэй. Энэ мөн том эмзэглэл шүү. Одоо өсч өндийж байгаа хүүхдүүд байтугай дунд үеийнхэн ч монгол ахуй, монгол сэтгэлгээнээс тун сүрхий алсарч байгаа нь юухан дээр ч ажиглагдах юм. Энэ монгол ахуй, монгол ёс жудаг, бас бус зүйлийг бид л бичихгүй бол хэн бичих вэ. Ингэж бодохоор л өвгөн би өөрийн эрхгүй л өмнөхөө эмхэлж цэгцлэх, шинээр бичиж туурвилгүй болохгүй.
 
-Та М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг хэдэн онд төгссөн билээ. Тантай хамт хэн хэн сурч байв, таныг залгаад ямар хүмүүс очиж байсан бол?
 
-М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг 1980 онд төгсөж байлаа. Надтай хамт Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ж.Бямбаа хоёроос эхлээд МОНЦАМЭ-д байсан Шагдар гуай за тэгээд л Д.Урианхай, Д.Батбаяр, Д.Давааням нар байсан даа. Бид нар чинь их сонирхолтой сурч, амьдарч байсан түүхтэй улс. Залуу ч байж хөгжилтэй, дурсгалтай он жилүүд байж дээ. Долоо хоногт нэг удаа семинар хийдэг байсан. Тэр дээр чинь жинхэнэ үзэж тарна шүү дээ. Бие биенээ сүрхий хатуу шүүмжилнэ. Уран зохиолын онол, ур чадварын талаар багш нар ч айхтар хичээл заана.
 
-Өнөөдөр интернет харж байтал орчуулагч О.Чинбаяр “М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль 2018 оны хичээлийн жилээс Монгол оюутнуудыг дахин сургахаар боллоо” хэмээн мэдээлсэн байна лээ?
 
-Өө тийм үү. Их сайхан мэдээ байна. М.Горькийн сургууль бол зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн, авьяастай хүмүүст бол ээ мөн ч их юм өгдөг эрдмийн уурхай юм шүү дээ. Гэхдээ тухайн үед төлбөр нь 2000 доллар ч билүү дээ, их л өндөр үнэтэй байсан болохоор манайхан явж чадахаа больчихсон болов уу гэж боддог юм. Одоо харин яаж зохицуулах гэж байгаа юм бол. М.Горькийн сургууль чинь намайг сурч байхад 500 орчим оюутантай л байдаг байсан. Тийм болохоор сургалт сайтай л даа. Лав л намайг элсдэг жил 1800 бичгийн ажлаас 48 хүн элсүүлж авсан гэж дуулдаж байсан юм даг. Тэгэхээр их өндөр босготой байсан байгаа биз.
 
-Та нэг ярилцлагадаа “Яруу найрагчдаас А.Эрдэнэ-Очир монгол найраг бичдэг болохоор болж л өгвөл түүнийг уншдаг” гэсэн байсан. Ажиглаад байхад зохиолч, яруу найрагчид нэг нэгэндээ урам өгөх, сайн бол сайныг нь хэлээд магтаж сэтгэлийн дэм өгөх нь жаахан дутагдалтай юм уу даа?
 

-Тэр бол яах аргагүй үнэн. Сайн бичиж байгаа хүнийг магтах хэрэгтэй шүү дээ. Бидний үеийнхэн бол нэг нэгнийхээ юмыг их сайн уншдаг, хэлэх юмаа ч хэлчихдэг, ууж идвэл ч идчихдэг л байсан. Харин өнгөрсөн жил Өвөрхангай, Багахангай гээд хоёр гурван найргийн наадамд залуучуудыг дагаж явсан. Тухайн үед автобус унаанд хөгжилдөөд дараа нь наадамдаа ч сайхан оролцоод залуучууд бас сайхан л байх юм билээ. Тэндээс харж байхад манай залуучууд их сайхан үерхэж нөхөрлөж, тайзан дээр ч шударгаар өрсөлдөж чаддаг болсон юмуу даа гэж бодогдсон. Би А.Эрдэнэ-Очирт “Ах нь чадан ядан монгол өгүүллэг, туужаа бичихийг бодъё. Харин чи монгол шүлгээ л бичээд байгаарай” гэж захидаг юм.
 
-Монгол өгүүллэгт С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” ч юмуу П.Баярсайхан агсны “Хөх туурийн тал” дээр гардаг шиг усгал зөөлөн нүдтэй, ухааны далай болсон ханхар өвгөдийн дүр жаахан үгүйлэгдэж байх шиг. Харин та л энэ орон зайг нөхөж “Уул өвгөн хоёр”-оо тэрлэх шиг боллоо?

 
-Саяын “Уул өвгөн хоёр”-тоо газар шороогоо монголчууд өөрсдөө л сэндийлэн онгичиж сүйд хийгээд байгааг бичсэн. Мөн чанартаа хүн гэдэг чинь хамгийн ховдог, муухай шуналтай амьтан. “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хамгийн аюултай” гэж манайхан зүгээр ч нэг ярьдаггүй юм. Өнөөдөр гадны шар хар толгойтнуудтай нийлсэн улстөрчид, баячууд бидний ирээдүй үр хүүхдүүдэд очих ёстой газар шороог хэрхэн зөөж ухаж, хоосон хөндий нүх болгоод дуусч байгаа эмгэнэлийг л Мятав өвгөний эмзэглэлээр гаргахаар оролдсон юм. Харин С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо”, П.Баярсайханы “Хөх туурийн тал” бол монгол өвгөдөд зориулан бүтээсэн зохиолчийн үгэн суварга л даа. Дээрх хоёр өгүүллэг бол үнэхээр ланжгар шүү.

-Гурав дөрвөн жилийн өмнө таны “Усны гудамж” романаар кино хийгдэх болоод өөрөө төрсөн нутаг Говь-Алтайн Дарви руу явж байна гэж дуулдсан. Тэр кино юу болсон бэ?
 
-Юу ч болоогүй тэгсгээд замхарсан. Австралид сурч байсан нэг хүү холбогдоод “Таны Усны гудамж романаар кино хийе. Би наадмын өмнө, долоодугаар сарын 10-нд очно, та бэлтгэлээ хангаад байж байгаарай” гэчихээд л усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Би нутагтаа очоод аймаг сумын удирдлагуудтай нь уулзаад “За ийм ажил ундрах нь байна. Та нар ядаж хэдэн хомтой тэмээ ч болох нь ээ олохыг бодоорой” гэж баахан юм болсон. Тэгсэн нөгөө залуу маань тэр чигээрээ чимээгүй алга болчихсон. Уг нь тэр хүү “Киноныхоо зөвлөхөөр төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням гуайг ажиллуулмаар байна” гэхээр нь зохиолоо Балжиннямд аваачиж өгөөд өнөөх маань ч ажиллахаар болоод байсан юм. Тэгээд удалгүй Балжинням маань ч бурхан болсон, өнөө хүү ч таг болоод өнгөрсөн дөө.
 
-Таны зохиолоор “Суварган цэнхэр уулс”, “Загийн алим”, “Мартагдсан дууль” гээд сайхан кинонууд хийгдсэн. Жишээ нь “Суварган цэнхэр уулс”-ыг та хэдэн настайдаа бичсэн бол?
 
-За байз 34 настайдаа бичсэн юм байна. Сүүлд “Азын цэнхэр уул” энэ тэрээ нийлүүлж байгаад “Амгалан тэнгэрийн нүүдэл” гэж нэг кино тууль бичсэн. Тэгээд яг кино зургандаа гарах гэтэл мөнгө нь бүтэлгүй бас л больсон. Ер нь киноны ажил бол их зовлонтой л доо. Одоо сүүлийн үед залуучууд зохиол авч явж баахан пижигнүүлж байгаад дундаас нь юм аваад болсон болоогүй кино хийчихээд сүүлд нь “Таны энэ болохгүй байна” гээд буцаагаад аваад ирдэг аргатай болсон байна лээ. Б.Догмид бид хоёр гэхэд л иймэрхүү юмнаас үнэхээр залхаж гүйцээд байгаа. Одоо тэгээд “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр Д.Нямсүрэнгийн эмхлэн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлд хэвлүүлээд гаргачихсан. Тэр нь амар зүгээр.

Сүүлийн үеийн залуучуудын хийсэн бараг ихэнх киног үзсэн. Дандаа л солонгос киног хуулчихсан, цус нөж, хор хонзон гээд олигтой бүтээл байхгүй...
 

Уг нь уншсан хүмүүс их л гайгүй ам сайтай байх юм билээ. Би сүүлийн хоёр жил л олигтой үзэж чадаагүй болохоос биш сүүлийн үеийн залуучуудын хийсэн бараг ихэнх киног үзсэн. Дандаа л солонгос киног хуулчихсан, цус нөж, хор хонзон гээд олигтой бүтээл байхгүй юм билээ. Тэр ч байтугай хуучин ЗХУ-ын алдарт В.Шукшиний “Морин улаагана” гэдэг мундаг киног юу ч үгүй сэглээд хаячихсан юм ч байж л байна лээ. Тэгж дураараа аашилж болохгүй л дээ. Одоо ч тэгээд Монгол киноноос Г.Жигжидсүрэн, Б.Нагнайдорж хоёр л амьд сэрүүн үлдэж. Энэ хоёрыгоо ч тоохгүй, ямар ч зохиолгүй, зүгээр л нэг хэдэн залуу буу халж сууж байгаад л кино гээчийг хийдэг болж. Би өөр ч юу хэлэх вэ дээ.
 
-“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой болсныг санаж байна?
 
-Тэгсэн ноднин киноны маань 40 жилийн ой болж Хилийн цэргийнхэн биднийг их сайхан хүлээж авсан. Хамгийн гол нь найруулагч Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гол дүрийн Н.Батцэцэг, Т.Эрдэнэ-Очир, Ц.Төмөрбаатар гээд тав зургаан ардын болон гавьяатууд бүгд амьд сэрүүн байгаа нь их сайхан санагдсан. Тухайн үед Хилийн цэргийн удирдлагууд “Суварган цэнхэр уулс” бол 40 жил бидэнтэй хамт Монгол Улсын хилийг манаж байгаа кино” гэж хэлсэн нь үнэхээр бахархалтай сайхан санагдсан.
 
-Хоёр жилийн өмнө таны бие жаахан тавгүйрхсэн. Эмчилгээ хийлгээд одоо бол бүрэн илааршсан биз?
 
-Тэгсэн. Нэг хөлийг маань тайрна гэж байснаа бодвол хэдэн хуруугаа тайруулаад л сайхан болсон. Монголын ард түмэн, энэ өргөн түмэн гэдэг үнэхээр буянтай сайхан юм билээ. Муу өвгөн ахад чинь хоёр долоо хоногийн дотор хандивын аян өрнүүлээд, сайхан эмчилгээ хийлгээд босгоод ирсэн. Ард түмэндээ хязгааргүй баярлаж явдаг даа ах нь.
 
-За танд уран бүтээлийн улам их амжилт хүсье. Сайхан монгол ахуй, монгол ёс заншлаа бичээд байгаарай?
 
-За баярлалаа. Хичээе ээ өвгөн ах нь.


Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хулан 2018-02-19 06:36:58
    103.57.95.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэрэн  2017-12-27 05:09:51
    Пүрэв баавайдаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөхийн ялдамд уран бүтээлийн амжилтыг бас хүсье
    66.181.160.32
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэнп 2017-12-27 03:56:10
    сайхан ярилцлага ухаантай хунээс уг дуулах шиг сайхан юм хаа байхав дээ телевизээр гараад байгаа монгол кинонуудад авах юм даанч алга гэдэг нь унэн шуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах