
Засгийн газраас малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг зөвшөөрсөн.
Тэгвэл уг шийдвэрийн дагуу Замын-Үүд суманд малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл ажил эхэлжээ. Тодруулбал, Замын-Үүдэд малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах ажлын эрхийг авсан “Болор гантиг” ХХК-д үйл ажиллагаа явуулахад нь зориулж орон нутгаас 100 га газар олгосон байна. Тус компани нь БНХАУ-ын мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн аж.
Гэхдээ энэ газарт томоохон барилга байгууламж баригдахгүй зөвхөн малын хяналтын бүс тогтоож, эрүүл ахуйн лаборатори барьж, хонийг 45 хоногийн турш тэжээж, эрүүлжүүлсний дараа хилээр экспортлох ажээ.
Албаныхан одооноос бэлтгэл ажлаа хангаж ирэх оны тавдугаар сараас эхлэн мал экспортод гаргах бөгөөд жилдээ ойролцоогоор хоёр сая орчим бог мал экпортод гаргах боломжтой гэж “Болор гантиг” ХХК-ийн захирал О.Анхбаяр хэллээ.
Б.Орхон