Зөрчлийн хууль халаасны хулгайчдыг өөгшүүлж байна

Монгол Улсад жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэгээс 30-37 хувийг хулгайн гэмт хэрэг дангаараа эзэлдэг байна. Энэ оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 17 хувиар буурсан. Гэвч эхний 10 сарын байдлаар 26, хувиар өссөн шалтгаан нөхцөлийн тухай Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн, чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

 

-Хулгайн гэмт хэрэг эхний зургаан сарын байдлаар 17 хувиар буурсан атлаа ямар шалтгааны улмаас дөрвөн сарын дотор 26 хувиар өссөн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэргийн тоо эрс өссөн. Шалтгаан нь хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсан байна. Тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна" гэж заасан байна. Тэгэхээр хулгайч нар 300 мянгаас доош эд зүйл хулгайлаад 7-30 хоног баривчлагдаад өнгөрнө. Энэ нь гэмт хэрэг бус зөрчлийн дайтай шийтгэж байгаа юм. Гудамжид нус, цэрээ хаях нь зөрчил, олон нийтийн газар тамхи татах нь зөрчил гэж үздэг. Тэгвэл 300 мянган төгрөг дотор хулгай хийх нь энгийн зөрчил мэт хуульд зааж өгснөөр халаасны хулгайчдыг өөгшүүлж байна.

-Хулгайн гэмт хэрэг дотроо ямар төрлийн хулгай илүү үйлдэгддэг вэ?

-Хувийн өмчийн хулгай 27 хувиар өссөн, малын хулгай 11 хувиар өссөн, тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан, халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Халаасны хулгайн гэмт хэрэг нь 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өссөн байна. Тэгэхээр 300 мянган төгрөгөөс доош хохирол учруулсан тохиолдол дээрх тоон мэдээлэлд ороогүй. Хулгайн гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг.

-Тус гэмт хэрэг нь ямар хэмжээний хохирол учруулдаг вэ. Мөн эргээд нийгэмд үзүүлэх хор уршгийн талаар тайлбарлахгүй юу?

-Цагдаагийн байгууллагад хоногт ирсэн нийт гомдол, мэдээллийн 45 хувь нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол байдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь жилд 12 тэрбум орчим төгрөг буюу сард нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайд алдаж байна. Нийгэмд учруулж болохуйц хор хөнөөл нь иргэд алдсан эд зүйлсээ эргүүлэн худалдаж авдаг,

Ингэхдээ ихэвчлэн импортын бараа худалдаж авснаар Монгол дахь валют гадагш цацагдаж буй бодит жишээ юм. Хулгайчид тэрбум төгрөгийн хулгайн эд зүйлээ ломбард, ченж нарт 2-3 дахин бага үнээр зардаг. Ломбард, ченж нар хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авч цааш дамлан илүү үнэтэй зарж их ашиг олдог.

-Хулгайч нарын хулгайлсан эд зүйлсийг мөнгөөр худалдаж авдаг ломбард, ченж нарт ямар хариуцлага тооцдог вэ?

-Эрүүгийн хуулийн 18.6 зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, зарсан, эзэмшсэн бол 6-12 cap хүртэлх хугацаагаар хорих ялтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол 5-12 жил хүртэлх хугацаанд хорино" гэж заасан байдаг. Хулгайн эд зүйлийг өнгөлж, янзлаад дамлаж зарж байгаа тохиолдол нь гэмт хэрэг юм. Ийм бүлэг этгээд, хувь хүнтэй таарсан иргэд Мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эсвэл ямар ч цагдаад мэдээлэл өгч болно.

-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг хулгайн эд зүйл худалдан авсныг хэрхэн илрүүлдэг вэ? 

-Ломбардуудыг цэгцлэх зорилгоор өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг байгуулагдаад ломбардын үйл ажиллагааны стандартад өөрчлөлт оруулсан. “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS:5274:2003” гэсэн стандартыг MNS:5247:2017" стандарттай болгосон. Одоо ирэх сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн дагуу үйл ажиллагаа явуулна. Стандартад тусгаснаар ломбардад авч буй эд зүйлсийнхээ зургийг аваад, эд зүйлээ тавьж байгаа хүнийхээ мэдээлэлтэй нь нэгдсэн сүлжээнд байрлуулах.

Тэр сүлжээнд цагдаагийн ажилтнууд нэвтрэх эрхтэй. Тэгэхээр алдагдсан эд зүйлийнхээ зургийг нэг сүлжээнд байршуулснаар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх маш том гарц болох юм. Дээрх стандартыг мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэж стандартад заасан байгаа.

-Хулгайн гэмт хэргийн тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээ тасралтгүй зохион байгуулсны хүчинд эхний хагас жилээр хулгайн гэмт хэргийн тохиолдол буурсан. Цагдаагийн ерөнхий газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулсан. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж шинээр байгуулсан. Тус газар нь дотроо хоёр хэлтэстэй, энэ газар нь хулгайтай тэмцэх бодлого хэрэгжүүлж, онц хүнд, орон нутаг дамнасан бүлэг этгээдүүдийн хэргийг таслан зогсоож, илрүүлэх үүрэгтэй ажиллаж байна.

-Ирэх онд ямар ажил төлөвлөж байгаа вэ?

-Хулгайлан гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгтэй байгаа юм. Малын хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж байдаг. Малын хулгайтай тэмцэх хууль хүртэл байгаа. Мөн хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Тэгэхээр үүнтэй адил хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж УИХ, Засгийн газарт өргөн барьж батлуулах шаардлагатай байна.

Цагдаагийн ерөнхий газар ажлын хэсэг байгуулаад хөтөлбөрийн төсөл боловсруулсан байгаа. Мөн даатгалын байгууллагуудтай хамтарч сайн дурын үндсэн дээр айл өрхүүдэд байх үнэт зүйлсийг бүртгэлжүүлэн даатгалд хамруулж цонх хаалган дээр нь наалт наах ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл машины цонхон дээр даатгалын наалт наадаг шиг эд хөрөнгө нь бүртгэлтэй болох юм. Ингэснээр хулгайч энэ айлын эд хөрөнгө цагдаа, даатгалын байгууллагад бүртгэлтэй юм байна гэдгийг мэдээд тойрдог болно.

-Сүүлийн үед илрүүлсэн хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул зэрэг дүүргээр машинтай явж 40 гаруй айл ухсан дөрвөн этгээдийг баривчилсан. 18-25 насны дээрх дөрвөн этгээдийг одоогоор шалгаж байна. Мөн гэр бүлээрээ 100 гаруй айл ухсан этгээдүүдийг илрүүлсэн. Эхнэрийнхээ нэр дээр хулгайлсан эд зүйлээ ломбардад тавьсан нь тогтоогдсон хэргийг нарийвчлан шалгаж байна. Монголчууд хулгайч гэсэн буруу үзэл өөр олон улсад дэлгэрэхэд бэлэн болоод байна.

Жишээ нь, Сингапур, Хонконгд монгол залуучууд бүлэглэн халаасны хулгай хийж байгаа мэдээлэл байдаг. Монголчууд хулгайн гэмт хэрэгт нүд дасчихсан. Хулгай гэхээр байж л байдаг зүйл мэт хараад байдаг. Хулгайд эд зүйлээ алдчихаад иргэд тоохгүй орхичихдог. Мөн иргэд өөрсдийнхөө өмчийг өөрсдөө маш сайн хамгаалж, нүд дассан хандлагаа өөрчлөх цаг болсон. Хэдий хүртэл эд зүйлээ хулгайчийн гарт алдчихаад, тэдэнтэй тэмцэх байтал өөгшүүлж байгаа юм шиг чимээгүй өнгөрөх вэ.

-Иргэд хулгайчдыг мэдээлэхээс эсвэл юмыг чинь хулгайлаад байна гэж хэлэхээс айгаад байдаг. Хэрвээ хулгай хийж байхыг нь харсан тохиолдолд хэрхэн мэдэгдэж болох вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг худалдаж авна гэж заасан байдаг. Тэгснээр иргэн гэмт хэргийн мэдээлэл өгснөөр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авдаг. Цагдаад нууцаар буюу бичгээр, ил утсаар ч мэдээлж болно. Ингэхдээ өөрийн овог нэрийг тэмдэглүүлэхгүй байх боломжтой. Мөн иргэний үүргээ биелүүлэх зорилгоор хулгайн гэмт хэрэгтэй таарсан харсан тохиолдолд 102 утсанд мэдээлэх боломжтой.

Өглөөний сонин
С.Уул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-22 08:35:05
    Зөрчлийн хуулиар бага хулгайг тооддоггүй юм бол хэдэн тэр бумаар хумсалсан эрхмүүдийг тэгвэл буудан өг л дөө
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-22 03:57:58
    ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ОРОН СУУЦТАЙ НИЙЛЖ БАЙРЛАХ БААРТ ХӨГЖМӨӨ ӨДӨР, ШӨНӨ, ҮҮРЭЭР ЧАНГА ДУУГАРГАЖ ТАНХАЙРХИЙГ ЗӨВШӨӨРЧ ЦАГДАА НАРЫ ГАЖИЛГҮЙ БОЛГОСОН ЮМ ААДАА ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-22 03:45:32
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • бат  2017-12-22 03:25:00
    ийм л хууль батлаад байгаа юм даа ерөөсөө ажил хийх шаардлага юу байгаан бэ 300 дотор багтаагаад сардаа 3 гарчаад байхад л болох юм бишүү гэхдээ дандаа 76 халаа...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах