Зөвхөн "нүдээ боосон" хүнд үйлчилдэг дэлгүүр ажиллаж байна
Зөвхөн “нүдээ боосон” хүнд үйлчилдэг дэлгүүр олширч гэнэ. Энэхүү гайхамшигт дэлгүүр үйлчлүүлэгчдийнхээ барааг гэрт нь үнэ, төлбөргүй хүргэж өгдөг юм байна. Ёстой л үйлчлүүлэгчээ “хаан” хэмээн өргөмжилж буйн тод жишээ гэлтэй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хувцас авах гэж буй хүний захиалгыг аваад, тооцоог нь хийлгээд, шуудангаар гэрт нь буюу үйлчлүүлэгчийн гарт хүргэж үйлчилдэг. Гэхдээ үйлчлүүлэгчдийн гарт барааг нь хүргэх тэр л агшинд үйлчлүүлэгч та тухайн дэлгүүрийн “хаан” өргөмжлөлт хүн байхаа болих юм байна. Худалдан авагч та хоромхон агшин хүндэтгэл хүлээх аж.
 
Өнөө цагт ихэнх хүмүүс сошиал медиагүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болоод байгаа. Гэтэл үүнийг дагаад сөрөг үр дагавар үүсч байна. Тухайлбал, миний дээр дурьдсан дэлгүүрүүд. Эдгээр онлайн дэлгүүр гоё зурагтай, сонголтын цар хүрээ өргөн гэж хэлж болохуйц цахим орчин дахь худалдааны орон зайг бий болгоод байгаа. Гэтэл энэхүү онлайн худалдаа гэдэг нь ёстой л нүдээ аниад дэлгүүр орж, тэмтэрч байгаад хувцас худалдан авсантай адил зүйл болсоор. Онлайн дэлгүүрийн фэйж хуудсанд тавьсан зурагт маш царайлаг бүсгүй өмссөн хувцас худалдан авагчдад сайхан харагдах нь ойлгомжтой. Мэдээж царайлаг бүсгүй үйлчлүүлэгчид ирэх хувцсыг биш нөгөө оригнал хувцсыг нь өмсөөд зураг авахуулчихсан болохоор тэр.
 
 Гэтэл тухайн дэлгүүрээр “нүдээ боогоод” үйлчлүүлж байгаа иргэд сайхан зүйл худалдан авч байна гэж эндүүрдэг. Онлайн дэлгүүрийн эздэд үйлчлүүлэгч гомдох эрхгүй гэж хэлж болно. Учир нь худалдан авсан хувцас нь зурагт байсан загвар нь яг таарна. Харин чанарын асуудал ярих гэхээр худалдан авалт хийхдээ ямар барьж үзсэн биш юу гэж гомдох билээ. Дэлгүүрийн эзэд та царай муутай болохоор манай дэлгүүрийн үзүүлэн зураг шиг харагдахгүй байгаа юм гэж хэлээд мад тавих жишээтэй.
 
“Хулхидуулсан”-даа гомдолтой байгаа үйлчлүүлэгчид цагдаагийн байгууллагад хандаад ч үр дүн гарах нь үгүй. Онлайн дэлгүүрийн эзэд монголд бус дэлхийн аль нэг улсад байдаг байна. Тиймээс монголын цагдаа тив алгасч очоод онлайн худалдааны хохирлыг барагдуулна гэдэг ёстой л нөгөө зангууны үлгэр болох нь ойлгомжтой. Тиймээс гоё, сайхан зураг хараад л ямар материалтай, чанартай эсэхийг нь мэдэхгүй зүйлийг худалдан авахгүй байх нь хамгийн зөв сонголт болох юм. Нүдээрээ хараагүй, гараараа бариагүй зүйлээ худалдан авах сонголтыг бид өөрсдөө хийж байгаа хойно хэнд гомдох билээ. Ёстой өөртөө л гомдохоос доо. Учир нь саяхан онлайнаар “нүдээ аниад” зоригтой худалдаа хийчихсэн бүсгүй цахим хуудастаа бухимдлаа бичиж үлдээсэн байсан юм. Тэрбээр гоёмсог даашинз захиалсан боловч гэрт нь зурган дээрхээс огт өөр “даашинзархуу” зүйл ирсэн байна.
 
 Нэгэнт мөнгөө төлөөд захиалгаа өгчихсөн бүсгүйд бараагаа авахаас өөр сонголт байхгүй. Ийм л бизнес сүүлийн үед хүрээгээ тэлж байна. Онлайн дэлгүүрээс худалдаж авахыг хүссэн бараагаа өмсч, үзэх боломжгүй. Зөвхөн нүдэндээ итгээд, кнопоо дарна гэсэн үг. Тухайн худалдан авагч ямар эрсдэл үүрч байгаагаа мэдэхгүй. Харин захиалсан бараа нь дараа нэгэнт оройтсоныг мэднэ. Ёстой гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр фэйж хуудаснаас нь харахад хачин сайхан хувцас, гоёл, зүүсгэл байх.
 
Гэвч үнэн нүүр царай нь эсрэгээрээбайдагт  л асуудлын гол нь байгаа юм. Үйлчлүүлэгч  “Хаан” хэмээн өргөмжилсөн дээрх дэлгүүрүүдийг холбогдох байгууллагууд анхааралдаа авахгүй бол “нүдээ боолгосон”  үйлчлүүлэгчид чинь хэтэвчин дэх хэдээрээ хохироод дуусах нь байна шүү.

Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.