Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрөгч пүрэв гарагийн хуралдаанаар Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ. Уг төслийн талаар НОСК ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар хуралдаанд танилцуулсан юм.
Тэрбээр танилцуулгадаа, шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайд хэрэгжинэ.Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байна. Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний 73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байна гэлээ.
Төсөлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Улмаар Зөвлөлийн гишүүд тус төслийг хэлэлцэж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм.
Б.Орхон