Хөгжлийн банкинд гүйцэтгэлийн аудит хийнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг болон Төсвийн Байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр аудит хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор М.Давааням болон холбогдох аудиторууд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн болон холбогдох газар, хэлтсийн захирлууд оролцлоо.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд дараах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ. Үүнд:

  • Банкны дотоод үйл ажиллагаа үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх;
  • Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх;
  • Зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
  • Банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаа эсэх.
Бусдад түгээх
  • gplus