Монгол циркээ сэргээе

Жижигхэн бие, далбагар малгай, улаан хацар, өхөөрдөм төрхтэй алиалагчийг харж, морьтон Монголын гайхамшгийг мэдэрч өссөнөөрөө  бидний үеийнхэн азтай. Сургууль бүрт циркийн тасалбар ирж, ангийнхантайгаа булаацалдан байж ганцыг авчихаад үзүүлбэрт нь алмайрч, уран бүтээлчдээр нь бахархдаг байсан үе 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн билээ. Энэ үед Монголд цирк жинхэнэ утгаараа хөгжиж байсан юм. Гэхдээ өнөөдөр Монголд циркийн урлаг  мөхөж байна гэж бичихгүй. Учир нь монгол цирк хурдацтайгаар хөгжиж байна. Манай уран бүтээлчид “А” зэрэглэлийн дэлхийн уралдаан тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж, монгол урлагаа дэлхийд сурталчилж яваа нь үнэн. Гагцхүү энэ хөгжил хаагуур дайрч, хэнийг хамарч байна вэ гэдэг нь сонин. Америкт амьдардаг эгч, дүү уран нугараачдын тухай нэг хэсэг шуугисан. Саяхан Токиод болсон Олон улсын циркчдийн тэмцээнд монгол охин түрүүлсэн ч Бразил улсын иргэн болж таарлаа. “Нарны цирк”-тэй дүйцэхүйц дэлхийд алдартай циркүүдэд манай уран бүтээлчид байдаг. Тэдэнд эх орныхоо циркт ажиллаж, үзэгч багачуудад гайхамшгийг бүтээж өгөх боломж байсан. Гэвч …



ЦИРКИЙН ХУВЬЧЛАЛ ЮУ АВЧРАВ


Циркийг хувьчлаад 10 жил өнгөрчээ.  Хүүхдийн дуу цангинаж, хөл хөдөлгөөн тасардаггүй байсан байшингаас одоо юу үлдэв. Хаалгаар нь ороход эл хуль, хүйтэн хонгил. Барааны зах аятай худалдаа эрхэлсэн хувийн байгууллагууд. Тэн хагас нь ресторан болоод хувирчихаж. Хөнгөн хөгжмийн аялгуу эгшиглэсэн уушийн газар төдий. Энэ байгууллагын хэдхэн өрөөнд л түрээсээр сууж уран бүтээл хийдэг хэсэгхэн жүжигчин бий. Бусад нь хувийн цирк байгуулаад, гадны зах зээл рүү орсон. Циркийн байр 1971 онд ашиглалтад орсон. 1980-аад оноос Н.Зоригт, Машбат, Батмөнх гэсэн ЗХУ-д боловсрол эзэмшсэн гурван найруулагч Монголын циркийн өнгийг тодорхойлж байв. Энэ үед уран бүтээлийн бодлогыг төр хангалттай хийдэг байжээ. Жилд дөрвөн хөтөлбөр эргэдэг,  амьтантай үзүүлбэр, агаарын нислэг зэрэг шилдэг үзүүлбэрийг тоглодог байсан. Хэдийгээр ардчилал гарч 1990-ээд оны эхэнд жаахан бүдгэрсэн ч 1997 оноос эргэн хүчээ авч 2000 он хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Гэвч Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын тушаалаар 2007 онд хувьчлал хийсэн байдаг. Төр мөнгөтэй хүний мэдэлд очвол илүү хөгжинө гэсэн бодлого баримталжээ. Гэвч энэ урлаг мөнгөтэй нэгний хүслээр хөлбөрдөг талбар биш гэдэг нь одоо харагдаж байна. Хэдийгээр төр түшиж байсан эрхмүүд нь хувьчилсан ч циркийн урлагаа мэддэг, мэргэжлийн уран бүтээлчдэд нь өгнө гэж ам алдсан байдаг ч энэ амлалт талаар өнгөрсөн тухай уран бүтээлчид ярьж байна. Хувьчлалын сүүлийн шалгаруулалтад хоёр баг үлджээ. Нэг нь Н.Батмөнх, Н.Зоригоо гэсэн уран бүтээлчдээс бүрдсэн. Харин нөгөө талд нь Асашёрюүгийн баг буюу Б.Дорж, н.Болдбаатар тэргүүтэй нөхөд. Шинэ оны өмнөхөн шийдвэр гарахад “Аса” баг тэрбум хүрэхгүй мөнгөөр циркийг газартай нь хувьчилсан байдаг. Энэ тухай “Шинэ цирк” төвийн захирал Н.Зоригт “2007 онд циркийг хувьчилсан. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч хөгжил, дэвшил ирсэнгүй. Өнөөдөр байр нь л байна. Эрх баригчдад газар нь л хэрэгтэй байсан байх. Харин бидэнд төрийн бодлого хэрэгтэй байна. Дэлхий даяар тархсан эдгээр уран бүтээлчдээ дэмжмээр байна. Тэд монголд ажиллаж, амьдрах боломжгүй тул гадны зах зээлийг сонгодог. Үүнийг буруутгах аргагүй. Хэн илүүг амална тийшээ явах нь зөв.  Манай “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид ч  Испанийн арлуудаар, Хятадын том паркуудад тоглож байна. Гадныхан монгол уран бүтээлчдийг их сонирхдог. Учир нь манайх орос сургуультай. Бид эх орондоо уран бүтээлчдийг бэлтгээд гадагшаа гаргадаг. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай уран бүтээлчдийн авьяасыг зарж мөнгө олж байна гэсэн үг. Үүнийг салбар яамныхан харж, суралцмаар байна” гэв. Циркийн дарга асан, судлаач Н.Батмөнх “Өнөөгийн Монголын циркийн урлагийн хөгжлийн бодлого, уран бүтээл туурвиж буй нөхцөл, уран бүтээлчдийн нийгмийн хамгаалал, давтан сургалт, аюулгүй ажиллагаа, зах зээлийн өрсөлдөөн зэрэгт анхаарлаа хандуулж, шинэчлэл хийх зайлшгүй байдал үүссэн. Үүнийг төр, засаг анхааралдаа авч, уран бүтээлчдээ дэмжээсэй” гэсэн юм.



ЦИРКЧИД ТАЙЗАА ТҮРЭЭСЛЭДЭГ


Манай уран бүтээлчид өнөөдөр циркийн тайзыг түрээсэлж, тоглолт тавьдаг. Түрээс өндөр тул байнга тоглох боломжгүй. Дэлхийн нэр хүндтэй циркийг авчирсан ч төлбөрийг нь төлнө, тайзаа түрээслэхээс эхлээд олон бэрхшээл тулгардаг гэнэ. Энэ тухай Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Зууны манлай” уран нугараач Б.Норовсамбуу “Манай циркийн урлагт төрийн бодлого дутагдаж байна. Хэдэн уран бүтээлч маань талаар нэг тарчихсан бор зүрхээрээ л хөдөлмөрлөж явна. Бидний үед сайхан байж дээ. Ажлыг маань төрийн бодлогоор зохицуулдаг учир санаа зовох зүйлгүй уран бүтээлдээ л анхаардаг байсан. Шавь нараас минь ихэнх нь амьдрахын эрхэнд гадаадад ажиллаж байна. Хэрэв цирк хувьчлагдаагүй бол нугараачид цалингаа аваад, эх орондоо сэтгэл амар ажлаа хийж, Монголын циркийн урлаг илүү хөгжих байсан гэж бодогдох юм. Бидэнд ядахдаа бэлтгэлээ хийх үнэгүй байр байхгүй. Циркийн нэг өрөөг түрээсэлж байна” гэв. “Монголын циркчдийн холбоо”-ны тэргүүн  Л.Чулуунбаатар “Бид циркийн урлаг хөгжсөн 156 орноос тавд жагсдаг байлаа. 1981 онд дэлхийн хэмжээний том наадмаас манай нугараачид “Мөнгөн арслан” авч байсан. Өнөөдөр Монгол Улсын циркийн урлагийн нэрийг бэлтгэл хийх байргүй хэдэн студи, продакшн бор зүрхээрээ авч явна. Гэтэл циркийн урлагийн бэлтгэл сургуулилтад асар их орон зай шаарддаг юм” гэлээ.



УРАН БҮТЭЭЛЧИД ӨӨРСДӨӨ МЕНЕЖМЕНТЭЭ ХИЙЖ БАЙНА


Өнөөдөр олон улсад манай уран бүтээлчид ажиллаж байна. Дэлхийд эх орноо сурталчилах хамгийн боломжтой урлаг бол цирк юм. Учир нь ямар ч оронд очсон хэл ойлголцохгүй гэсэн асуудал байхгүй. Хэрэв үзүүлбэрээ л сайн хийвэл үзэгчид таныг үнэлнэ. Лас-Вегас, Бразил,Газар дундын тэнгис, Атлантын тэнгис, Япон, Шанхай, Токиогоор дайрч буй усан онгоц дээр манай нугараачид ажилладаг.  Тэд өөрсдөө менежментээ хийж, авьяасаа худалдаж байна гэсэн үг. Мөн Испани, Туркийн циркт монгол залуусыг биширч байна. Морины Ш.Цогтхүү Европыг байлдан дагуулж байна. Манай уран бүтээлчид сайн учир гадны хөрөнгө оруулагчид тэднийг дэмжиж байна. Харин манай уран бүтээлчдийн хөдөлмөрөөр олсон мөнгө манай улсад орж ирэхгүй байгаа нь харамсалтай. Энэ бол төрийн бодлого. 1990-ээд оны сүүлчээр тоглодог байсан алдарт “Шидэх банз”, “Агаарын нислэг”, “ Перш” зэрэг алдартай үзүүлбэрийг өнөөгийн багачуудад үзүүлэхсэн. Хэрэв манай төр, засаг циркийн урлаг, уран бүтээлчээ дэмжвэл, ядахдаа бэлтгэл хийх байрыг нь эргүүлээд өгчихвөл “Нарны цирк” байтугай нь ч хажууханд байна даа.

Зууны мэдээ
Ч.Гантулга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Женкогийн зөвлөх тавьтиргүй архичин Аса 2017-12-16 05:45:58
    Тавьтиргүй Асад Монгол хүүхдүүдийн циркийг буцааж өгөх зүрх байхгүй л дээ
    202.179.26.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Circus 2017-12-15 17:20:00
    Toglolt hiiheer hen ch irj uzdeggui bj olon yum hutshiimaa. Uchi
    103.26.194.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Uuu 2017-12-15 07:22:47
    Mongolchuud tsirke av tsirkichided uguu mashini zah yumu
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • hen negen 2017-12-15 05:12:48
    tsirkiig butsaaj tur avaad tur tsalinjuulj hugjuuleh hereg u? tur tsalinjuulj diilehgude huvichilsan yum. bugd l uursduu hayad gadagsha yvdag shde mungunii tulu...
    49.0.157.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zohin 2017-12-15 04:51:33
    Ter hotyn darga uhaanatai Su. Batbold yadaj ter haashaand bgaa mashinii zahiig haagaachee! hot dotrohi mashinii zahuudigg haana gee bizdee
    213.55.176.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-12-15 04:49:06
    Asaa avraga tsirkiig turd butsaagaad ugchmuur um. saikhan avaragiin neriin hor. Hajuu buurund bas hort havdar shig neg bar neetsen. odoo boloh heregtei
    213.55.176.210
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-12-15 03:51:23
    tsirkiig huvichilaagui shuu dee
    66.181.189.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Дандар 2017-12-15 03:44:50
    Циркээ буцааж улс өөртөө авах хэрэгтэй. Бодит байдал дэар ЦИРК маань банк, машины зах, архи уудаг бар болчихсон шүү дээ.
    122.201.22.237
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсагч 2017-12-15 03:24:00
    Тийм шүү. Буруу хувьчилсан. Циркийн тухай юу ч мэдэхгүй Дорж сүүлийн хэдэн жил циркийн дарга нэртэй л байсан байх. Аса-д худалдагдчихсан хүн. Бидний үед цирк гэ...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-15 03:18:34
    Ядаж л тэр хашаандаа машин зардгийг нь болиулах хэрэгтэй байна. Цирк үзэх гээд очихоор зогсоол ч олдохгүй бөөн л зарах машинууд.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах