Азийн орнуудын жишгийг дагаж архины хатуулгыг бууруулах ёстой гэв

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгтээр ахлуулсан бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллалаа.

Удирдамжид хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, тандалтын судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, ажлын тайлантай танилцахаар тусгажээ.

Эхлээд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, багийн засаг дарга нар болон төрийн бусад байгууллагын албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хэлсэн үгэндээ “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас хуулийг хэрэгжүүлэх байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон. Ингэснээр тухайн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл шинэчилсэн найруулгаар дахин батлах шаардлага байна уу, хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал юу байна,  хуулийн ямар заалт хэрэгжихгүй байна вэ гэдгийг тодорхойлж, дараагийн гарц шийдлийг гаргах зорилготой” гээд хэлэлцүүлгийн сэдвийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн хэрэгжилтийн талаар дараа нь саналаа хэлэв.

Зуун мод сумын V багийн засаг дарга С.Очирбат “Архидалттай төрийн байгууллагууд тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой боллоо. Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг энэ ажилд татан оруулж, архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн ухамсарт нөлөөлөх нөлөөллийн ажлыг түлхүү хийлгэмээр байна. Яагаад гэвэл архидан согтуураад байгаа хүмүүст эрүүлжүүлэх  арга хэмжээ авна уу гэхээс хуулийн хүрээнд өөр хариуцлага алга. Ахуйн хүрээнд архидан согтуураад байгаа хүмүүст арга хэмжээ авч өг гэхэд цагдаагийн байгууллага хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж татгалздаг” хэмээн саналаа хэлэв.

Зуун мод сумын иргэн Б.Тойвгоо “Манай улсын архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд жил ирэх бүр л архиныхаа хатуулгыг уралдан чангаруулдаг. Азийн орнуудын жишгийг дагаж жил ирэх бүр бууруулах ёстой. 39 градусын хатуулагтай архийг дараа жил нь 36 градустай болгохоор хуулийн зохицуулалт шаардлагатай байна” гэв.



Зуун мод сумын VI багийн засаг дарга Б.Отгонбаяр ахуйн хүрээний архидалтын хохирогч нь бага насны хүүхэд байдаг талаар саналаа хэлж, эцэг эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглох, хэрвээ зөрчсөн бол арга хэмжээ авах заалт хуульд оруулах талаар саналаа хэлэв. Тэрбээр асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурснаас үүдэн хүүхдүүд аливаа хүчирхийллийн золиос болж байгааг тэмдэглэсэн юм.

Зуун мод сумын III багийн засаг дарга Ш.Цэндсүрэн архидан согтуурах нь өвчин гэдгийг ойлгуулах, тэгснээр архины хэрэглээг болиулах, архи хэрэглэхээс татгалздаг болсон үед “гам барих” гэх мэт шат дараалсан цогц сургалт, сурталчилгааны ажлыг улсаас нэгдсэн бодлогоор хийх санал хэлэв.

Архины шошгон дээр хаадуудын хэлсэн үгийг бичих, хаадын нэрээр архийг нэрлэх нь өвөг дээдэс маань залуу үеэ архидан согтуур гэж уриалж байгаа мэт далд сурталчилгаа болж буй учир хаадын нэрээр, ялангуяа Чингис хааны нэрээр архийг нэрлэхгүй байх зохицуулалт хуульд хийж өгнө үү хэмээн тэрбээр мөн саналаа хэллээ.

Баянхангай сумын ИТХ-ын төлөөлөгч төрийн байгууллагынхны архидалттай тэмцэх талаар саналаа хэлсэн. Тэрбээр сумын сургууль төгсөгчдөөсөө хандив авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа жилд хоёр удаа төгсөгчдөө сургууль дээрээ уридаг. Төгсөгчдөө сургуулийнхаа дотуур байранд байрлуулж, сургуулийн гал тогоонд хүлээн авалт хийдэг. Энэ байдал сурагчдад архидан согтуурахыг шууд үлгэрлэсэн төдийгүй үр дагаварт нь хүчирхийллийн хэрэг гарсныг хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид ийнхүү санал хэлэхдээ архи гэдэг бүтээгдэхүүнтэй бус архидан согтуурах нийгмийн үзэгдэлтэй тэмцэх, ахуйн хүрээний архидалт их байгаа нь ажилгүйдлээс болдог учир иргэдийг ажлын байраар хангах, ажлын байр байхгүй бол спортоор хичээллэх, спортод дуртай болох орчин нөхцөл бүрдүүлэх зэрэг өргөн хүрээний санал дэвшүүлэв.

Дараа нь удирдамжийн дагуу хуулийн хэрэгжилтийн талаар хууль хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй дангаар нь уулзалт хийсэн юм. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагууд зохих түвшинд ажлаа хийж байгааг тэмдэглээд, хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдэг эцсийн дүнг УИХ-ын Тамгын газарт болон хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжид танилцуулна гэлээ.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-12-14 02:57:17
    Архины үнийг нэмээд хатуулгыг нь багасгах хэрэгтэй Архинд донтсон хүнийг бүрэн эмчилдэг болвол
    202.21.100.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-13 11:16:19
    хатуулгийг гэж биичнэ.
    122.201.24.205
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-13 05:04:07
    Ard tumen ni yadurah ni yadurch arhin dalaid selj baina. arhi hamgiin haymdhan tul delguureer duuren arhi. arhinii businees hiideg humuust gai ni ursend ni irne...
    66.181.190.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-13 04:36:54
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах