
Нийслэлийн прокурорын газраас олны анхаарлыг татаж байгаа, өнөөгийн нийгэмд хурцаар тавигдаж байгаа гол асуудал болох агаарын бохирдол буурахгүй ихсэж байгаа байдал, агаарын бохирдлыг бууруулах, түүнтэй тэмцэхтэй холбоотойгоор гарч байгаа мэдээ, мэдээлэл, нийтлэлүүдийг судлан танилцжээ. Улмаар "...агаар мандал...-г хордуулсан,бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан...” "...агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь хуульд нийцэж байгаа эсэх...” байдалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөн уг хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гол зорилго нь агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудаас Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгахад чиглэх юм байна.
Б.Орхон