М.Ивээл: Миний бодлоор төрөөс уран бүтээлчдээ дэмжих бодлого л их дутмаг юм
Сүүлийн өдрүүдэд залуу найруулагч М.Ивээлийн "Цэн тогоруу" кино ихээхэн дуулиан тарьж байна. Түүнийг найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нарын бага хүү гэдгээр нь эчнээ мэдэх билээ. Үүцээ бага багаар задалж байгаа "Цэн тогоруу" ирэх есдүгээр сарын 12-нд нээлтээ хийхээр товложээ. Ингээд залуу найруулагч М.Ивээлтэй ярилцлаа.

-Таны дэлгэцийн анхны уран бүтээл болох "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" киноны тухай ярилцлагаа эхэлье?

-Ээж бид хоёр энэ талаар ярихаараа маргалддаг юм /инээв/. Уг нь хүүхэд насаа мөнхөлж үлдээсэн анхны бүтээл бол "Цагаан сүүний домог", "Цагаан сүүний домог",  "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" кинонуудын зураг авалт хоорондоо их ойрхон зайтай болж өнгерсөн л дөө. "Цагаан сүүний домог"-ийн зураг авалт наймдугаар сарын сүүлээр, "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий"-гийнх есдүгээр сард байсан санагдана.

Уг нь аав бид хоёр ээжийг эргэхээр зураг авалтын талбайд очсон юм. Тэнд очоод ээжтэй хамт харилцан яриаг нь уншаад саваагүйтээд явж байлаа. Тэгж яваад Г.Жигжидсүрэн найруулагчийн нүдэнд өртсөн юм шиг байгаа юм. Тэгж л энэ киноныхоо пробонд орсон. Кино гарсаны дараа миний тоглосон байдлыг аав ээж хоёр харсан байх.

Тэгээд л "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" киног бүтээхдээ намайг тоглуулсан. Надад бол их сайхан санагддаг байлаа. Тухайн үед бага ангийн сурагч байлаа. Киноны зураг авалттай өдөр хичээлээс чөлөөлөөд аваад явчихдаг байсан болохоор баярлаад л /инээв/. Тухайн үед би 10 нас хүрч байсан санагдана.

-"Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" кино их хүнд хэсгүүдтэй. Ээжийгээ өрөвддөг, уйлдаг, уурладаг гээд л. Энэ бүх сэтгэл хөдлөлийг гаргахад ээж нь зааж, зөвлөж байв уу?

-Аз таарч ээж, аав хоёр минь хоёулаа энэ кинонд ажилласан нь надад үнэхээр их дэм болсон. Аргагүй л дээ. Би чинь юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан юм чинь. Эхэндээ хаана, ямар ажил хийж байгаагаа ч ойлгоход хэцүү байсан.

Ялангуяа уйлдаг хэсгүүд дээр ээж намайг уярааж байж би уйлдаг байлаа. Харин нэг инээдтэй нь кино зураг авалт дууссаны дараа би их амархан уйлдаг болчихсон. Ялангуяа ахдаа загнуулангуутаа нулимсаараа айлгаад л гүйчихдэг байлаа. Тийм нууц бас бий шүү / инээв/.

-Киногоо дэлгэцэд гарахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Ичихээсээ өнгөрсөн л дөө. Нэгэнт л би тоглочихсон. Кино дэлгэцээр гарчихсан. Гэхдээ их хөөрхөн санагддаг юм. Одоо хааяа үзэхээр би ингэх ёстой байж дээ, тэр үед ингэчихгүй яав даа гэсэн бодол төрдөг л юм. Буруу тоглочихсон юм шиг хэсэг ч харагддаг. Тэрийгээ хараад инээд хүрдэг дээ.



-Багадаа зураг авалтын талбайгаар мэдээж их хэснэ биз?

-Өө зөндөө. Ээжийг зурганд явах болгонд л дагаад явна. Ямар сайндаа л машиныхаа хонины хонхорт ор засчихаад ах, бид хоёр хэвтээд явдаг байлаа шүү дээ. Олон сайхан жүжигчидтэй уулздаг байлаа. Тэнд байхдаа л өөрийн эрхгүй их юм сурдаг юм билээ. Ээж, аав хоёрын кино найруулж байгаа, жүжигчдийн киноны тухай ярьж байгаа зэргийг зүгээр сонсоод сууж байхад л өөрийн эрхгүй толгойнд их юм сууж үлддэг юм билээ.

Энэ нь ч миний найруулагч болоход нөлөөлсөн гэж боддог. "Цэн тогоруу" киноны минь ерөнхий зураглаачаар ажилласан Э.Түмэннасан ахтайгаа анх "Вансэмбэрүү" киноны үеэр танилцаж байлаа. Тухайн үед ах, бид хоёр Түмэннасан ахыг дагаад л, тоглоод гүйж байдаг байсан. Гэтэл өнөөдөр би тэр хүнтэйгээ өөрийнхөө уран бүтээл дээр хамтран ажиллаж байна шүү дээ. Ингээд бодохоор сонин ч юм шиг.

-Тэр үеэс л урлагт татагдав уу. Яг хэдий үеэс урлагийн хүн болохоор шийдсэн бэ?

-Тийм ээ, яг л энэ үеэс. "Цагаан сүүний домог"-т тоглоход их сонирхолтой санагдсан. Харин "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" кинонд тоглосныхоо дараа жүжигчин болохоор шийдсэн. Аав ээж хоёр маань намайг хичээл, сурлагадаа илүү анхаарах ёстой гэж үздэгбайлаа. Сүүлд 14 настайдаа "Вансэмбэрүү" кинонд тоглосон. Энэ үед урлагт тэр чигтээ татагдчихсан байлаа.

Харин анх АНУ-д очоод би эхлээд график дизайны чиглэлээр сурсан. Гэхдээ жүжигчин болох мөрөөдлөө орхиогүй л байлаа. Яахав өөр мэргэжлээр эхэлж сурсан нь нэгдүгээрт хэлний бэрхшээл, хоёрдугаарт ази хүн A зэрэглэлийн жүжигчин болох хэцүү гэж бодсоных байсан л даа. Ингэж сурч байхдаа өөрийгөө кинотой л салшгүй холбоотой хүн юм байна гэдгээ мэдэрсэн. Энэ зүйлийг хийж амьдрах ёстой ч юм шиг. Ингээд л найруулагчаар суралцсан.

-Аав, ээж тань урлагийн хүний амьдрал, жаргал зовлонг биеэрээ туулж яваа хүмүүс. Хүүгээ урлагийн хүн, тэр дундаа найруулагч болох шийдвэр гаргахад хэрхэн хүлээж авсан бол. Эсэргүүцэлтэй тулгарсан уу?

-Уг нь ээж маань намайг бизнесийн удирдлага чиглэлээр явуулах гэж их үзсэн. АНУ-д очсоны дараа телевизийн хөтлөгч болоод үзээч гэсэн санал ч тавьж байлаа. Гэхдээ намайг найруулагч болно гэж шийдчихээд тэрийгээ хэлэхэд нэг их эсэргүүцээгүй ээ. Ах, бид хоёрын сонголтыг хүндэтгэсэн.

-АНУ-д хэчнээн жил болчихоод эх орондоо ирэв ээ?

-2005 онд яваад есөн жил амьдарчихаад ирлээ. Ерөөсөө л сурах зорилготой очсон. Тэнд ахлах сургууль, коллеж их сургуулиа төгсчихөөд ирсэн дээ.

-Танай ах М.Бишрэл мөн л урлагийн мэргэжил эзэмшсэн байх аа?

-Бид хоёр адилхан мэргэжилтэй. Гэхдээ өөр өөр сургууль төгссөн. Ах, бид хоёр мэргэжлийн хувьд арай өөр өөр стильтэй найруулагчид. Тийм ч болохоор бие биенийхээ олж хараагүй зүйлийг нөгөөх нь олж хардаг, зөвлөдөг.

-Нэг гэр бүл дунд дөрвөн уран бүтээлч байхын сайхан нь юу вэ. Эсрэгээрээ бэрхшээлтэй зүйл байна уу?

-Бие биенийхээ мэргэжлийн онцлогийг ойлгох, харилцан зөвлөх, дэмжиж чаддаг нь их сайхан. Харин уран бүтээлийн хувьд бүгдээрээ өөр өөрийн гэсэн үзэл бодолтой учраас өөр өнцгөөс харж ажилладаг. Их ч мэтгэлцдэг. Орой хоолоо идээд сууж байхдаа ч уран бүтээлийн тухай ярилцана шүү дээ.

-Аав, ээж хоёрынхоо ямар бүтээлүүдэд илүү их дуртай вэ?

-"Жинжиймаа"-г их олон үзсэн санагдана. Багадаа ээжийнхээ тоглосон "Суварган цэнхэн уулс", "Гэрлэж амжаагүй явна" гээд кинонуудыг их үзсэн дээ. Одоо бодоход багадаа киног их хайнга үздэг байж. Одоо үзэх болгондоо өөр өөр өнцгөөс харж, өөр зүйл сурах юм.

Нэг үгээр бол, анх үзэхдээ зохиолд нь автаж үздэг байсан бол одоо киноны хийц, ур чадвар талаас нь илүү их хардаг болж. Мэргэжлийн нүдээр харж байна гэсэн үг юм даа. Тэр үеийн манай кинонууд их сайхан. Үзэгчдийн сэтгэлзүйг ч их ойлгож уран бүтээл хийдэг байж.

-Монголд ирээд хийж байгаа анхны дэлгэцийн уран бүтээл "Цэн тогоруу". АНУ-д байхдаа ямар ямар уран бүтээлүүд хийж байв?

-Цэн тогоруу" миний найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. АНУ-д байхдаа богино хэмжээний кино хэд хэдийг найруулсан. 30 орчим богино хэмжээний кинонд ажиллаж үзсэн. Харьцуулаад харахад их өөр байдаг юм байна. АНУ-д дөрөв хоногийн зураг авалтанд 2-3 cap бэлтгэх жишээтэй. Энд ирээд илүү их ачаалалтай, хурдтай ажиллалаа. Миний зарим богино хэмжээний кино Youtube-д тавигдсан байдаг юм. Миний бүр нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа хийсэн кинонууд ч бий.

Тэднийг үзчихээд одоо "Цэн тогоруу"-г үзвэл миний ур чадвар хэрхэн өсч байгааг харж ч болох юм. Зарим нэг оюутан залууст ч хэрэг болж болно шүү дээ. Тэдэнд 'урам зориг өгөх болно. Одоо "Baptism" гээд хүүхдийн хүмүүжлийн тухай кино, "Dreams of life" кинонуудаараа фестивалиудад оролцох эрхээ авахын тулд ажиллаж байна. Харин ахын маань "Tides of Time" кино "Temecula Valley Int'l Film & Music Festival''-ын сорилд шалгарч чадсан байгаа.

-Монголдоо ирмэгцээ бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр зориглолоо. Кино зохиолоо хэрхэн сонгов?

-Кино зохиолоо ах, бид хоёр өөрсдөө бичсэн. Аав ээж минь ч их тусаллаа. Энэ киногоор хариу нэхээгүй хайрыг л түгээхийг хүсч байна. Хэт амин хувиа бодсон үзлийг шүүмжлэхийг хичээлээ. Хурц сонин үйл явдлуудаар холбогдсон сэтгэл хөдлөм хайрын түүхийг үзүүлэхдээ жинхэнэ монгол ахуйг сонгон харуулахыг зорилоо.

-Киноны дүрийн сонголтуудын талаар сонирхмоор байна. Сүүлийн үед киночид ашгаа бодоод ч юмуу, сурталчилгаагаа бодоод ч юмуу загвар өмсөгчид, мэргэжлийн бус хүмүүсийг их тоглуулдаг болж?

-Дүрийн сонголтыг 100 хувь тоглолтоор л шийдсэн. Олны танил гэхээсээ илүү дүрдээ таарсан, зөв тоглолттой жүжигчдийг сонгохыг хичээлээ. Гол дүрийн жүжигчид болох Б.Оюун-Эрдэнэ, н.Идэрболд, н.Баян нар маань их сайн, оновчтой тоглодог жүжигчид байгаа.

Мөн олны танил туршлагатай жүжигчидтэйгээ хамтран ажиллалаа. АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУСТА У.Батбаатар зэрэг жүжигчид оролцсон. Бүгдийг нь дүрд нь таарсан, оновчтой тоглолттой жүжигчдийг сонгож зохиолоо чимж өгсөн дөө.

-Ээж тань "Цэн тогоруу"-д дүр бүтээж байгаа юу?

-Бүтээсэн. Хүүгийнхээ анхны киног мялаана гээд нэг дүрд тоглосон. Их баяртай байгаа шүү.

-Найруулагчийн үүднээс ээжтэйгээ харьцахад сонин санагдаж байв уу?

-Их сонин. Ээж минь миний хувьд хүрч болшгүй оргил шиг л санагддаг юм шүү дээ. Гэхдээ ажил л юм даа. Нэг талаар ээжтэйгээ ойлголцоход илүү амар. Шууд л түс тас ярьчихна. Нөгөө талаар ээжийн надтай тэгж харьцаж байгаа нь бусад жүжигчдэд ч найруулагчтайгаа илэн далангүй байж, илүү ойлголцож болно. Тэднийг харуулж өгсөн байх.

-Гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн хүний хувьд монголын кино урлагийг ямар өнцгөөс харж байна вэ. Хөгжлийн түвшин хэр байна гэж үнэлж байна?

-Техникийн хувьд манайхан их хурдан хөгжиж байна. Миний бодлоор төрөөс уран бүтээлчдээ дэмжих бодлого л их дутмаг юм. Түүнээс биш чадварлаг уран бүтээлчид, урлагийн төлөө сэтгэлтэй хүмүүс хангалттай байна гэж харж байна даа. Ирснээсээ хойш хэд хэдэн кино үзлээ.

Тэдгээрээс "Алсын удирдлага", "Шарга даага" зэрэг кинонууд их таалагдсан. Аль аль нь "Пусаны олон улсын кино наадам"-д амжилттай оролцсон бүтээлүүд байна лээ. Үнэхээр төрөөс дэмжлэг үзүүлээд өгөх юм бол олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээлүүдийг манай уран бүтээлчид хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа.



-Ахтайгаа хамтраад "Mashbat brothers films" байгуулсан шүү дээ. Одоо хамтарсан уран бүтээл хийж байна уу?

-АНУ-д байхдаа байгуулж байсан юм. Хэд хэдэн богино хэмжээний кино, клипүүд хийсэн л дээ. Одоогоор тус тусын уран бүтээлдээ ханцуй шамлаж ороод байна. Бишрэл, Ивээл гэж хэн бэ гэдгийг харуулахуйц тус тусын бүтээлүүдийг хийхээр зорьж байна. Яахав цаашдаа хамтарсан уран бүтээл хийх төлөвлөгеө байгаа.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Ирэх жиллиинэ уран бүтээл хийнэ. Монголын ард түмэн юу үзэхийг хүсч байгааг илүү сайн мэдэрмээр байна. Тэрэнд өөрийгөө бэлдмээр байна. Тэгж байж үзэгчдийн сонирхлыг татахуйц, цаг үеэ олсон, намайг илэрхийлж чадахуйц бүтээл хийнэ дээ.

-Монголдоо бүр мөсөн ирсэн үү, түр хугацаагаар ирээд байгаа юу?

-Яг шийдсэн зүйл одоохондоо бас байхгүй. Ажил минь миний үлдэх үү, хэсэг хугацаанд буцаад явах уу гэдгийг шийдэх болоод байна л даа. Ер нь гадаадад гарч кино хийх хүсэл их байгаа болохоор гадагшаа явж л таарах байх даа. Аль болох монголдоо ч тэр, гадаадад ч тэр уран бүтээлээ туурвихыг хүсч байна.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-08-18 03:29:52
    \"Миний бодлоор төрөөс уран бүтээлчдээ дэмжих бодлого л их дутмаг юм. Түүнээс биш чадварлаг уран бүтээлчид, урлагийн төлөө сэтгэлтэй хүмүүс хангалттай байна гэж харж байна даа. Ирснээсээ хойш хэд хэдэн кино үзлээ\" төрөөс юу хүсээ вэ. Энэ их орлого олоод
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах