
...Баасан чарганы морийг чүү хэмээн хөдөлгөлөө. Сэндмаа эргэн тойрныхоо үзэсгэлэнт ой модыг харан чарган дээр дахан дотроо налайн явав. Түүнийг Чулуунжий тэврэн суужээ. Зузаан орсон цасан дээгүүр чарга хурдан гулгаж, хоёр талаас цас бударна. Цав цагаан газар, цэв цэнхэр тэнгэр ийм сайхан хосолдогийг Сэндмаа анх удаа харж байгаа мэт биширлээ. “Ямар сайхан өдөр вэ, Даян дээрх минь” гэж тэр өөрийн эрхгүй дуу алдав.
“Юм хэлэв үү, Сэндмаа?” гэж Баасан эргэн харав”...
“Юм хэлэв үү, Сэндмаа?” гэж Баасан эргэн харав”...
”Жаран цагаан хонь” номын дэд арвандүрэвдүгээр бүлгийн хэсгээс....
Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” ном өчигдрөөс уншигчдын гарт очлоо. “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох ”Жаран цагаан хонь” номын нээлт өчигдөр “Аз Хур” номын дэлгүүрт болсон юм. Номын нээлтэд зохиогчоос гадна тухайн романы бодит дүр болсон ахмадууд, уншигчдын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын түүхийн нууцлагдмал байсан он цаг, үйл явдлын нугачаанд Баасан, Сэндмаа нарын хувь заяа, хайр дурлал хэрхэн үргэлжлэхийг “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох “Жаран цагаан хонь” романаас уншиж болох тухай зохиогч хэллээ. Тэрбээр “Бидний өвөг дээдсийн жаргал, зовлонгийн тухай өгүүлэхийг зорилоо. Би ийм түүхийг олж мэднэ гэж бодоогүй. Эцэг, өвгөдийнхөө түүхийг амьд мэнд байхад нь асууж сурах ёстой юм байна гэдгийг би энэ номыг бичих хугацаандаа ойлгосон. Энэ номыг бичихэд надад аман түүх хэрэг болсон. Түүхэн сэдвээр бичихийн тулд ахмад хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй болдог. Хөвсгөл аймагт уулзаж болох бүх ахмад, энэ түүхийг мэдэж болох бүх хүнтэй уулзаж, тэмдэглэл хийсэн. Энэ номыг уншихад ард түмэн, малчин ард Монгол Улсын тусгаар тогтнолыг нуруун дээрээ яаж үүрч ирсэн юм бэ гэдэг харагдана” гэлээ.

Сонирхуулахад, номын “Жаран цагаан хонь” нэрийг хамтран зохиогч Жеффи Л.Фолт өгсөн бөгөөд энэ бол зохиолын арвандүгээрх бүлгийн нэр юм.
Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” роман номын дэлгүүрүүдэд өчигдрөөс эхлэн зарагдаж байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн