Өнчин царайтай өвлийн спорт

ТӨР, ЗАСГИЙНХНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЪЯ

 

Монгол уг нь цас мөсний орон гэдэгтэй хэн ч маргахгүй дээ. Монголчууд бид нугын цас, нуурын мөсөн дээр тоглож өссөн шүү дээ. Тэгэхээр манайд энэ талын спортыг хөгжүүлж улмаар сайн тамирчид төрүүлж тив, дэлхийд өрсөлдүүлж болмоор санагддаг юм. Гэтэл манай улсад өвлийн спортыг гаргуунд орхичихсон хэвээр л өдий хүрлээ. Монголын төр, засаг энэ төрлийн спортыг бараг л таг мартсан гэхэд буруудчихгүй биз. Өнөөгийн төр, засагт цана, тэшүүр хоёроо ялгадаг хүн тун ховор болов уу. Уран гулгалт, хоккей гэж хэлбэл тэнгэрийн юм шиг л санах байх. Шорт-Трек гэж ямар төрөл вэ гэж асуувал бөхийн төрөл юм уу гэж халааж мэдэх нөхөд ч байж магадгүй.

Тэгэхээр тэднийг өвлийн спортын сэдвээр сургалтад хамруулмаар байна. Тэгвэл Сүхбаатарын талбайн өмнө талд нэг хашаархуу юм барьчихаад хүүхэд тоглуулдаг байсан төдийг өвлийн спорт гэж бодохуйц мэдлэгээс нь салгаж болноо доо. Хомс мэдлэгтэй хүмүүсээс ямар нэг нааштай шийдвэр хүлээгээд нэмэргүй ээ. Цана, тэшүүр, хоккей гээд спортын төрлүүд манайд сэтгэл зүрхээ өгсөн цөөхөн хүний зүтгэлээр “амьд” байгаа юм гэдгийг хэлье. Үүнийг манай тамирчид тив, дэлхийн тэмцээнд санаанд оромгүй амжилт үзүүлж байгаагаас харж болно.

Норвегид болсон залуучуудын ДАШТ-ээс ОУХМ Б.Сумъяа багийн төрөлд нь уралдаж дэлхийн аваргын алтан медальтай ирсэн. Бас манай хоккейчид Шведэд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Бас Азийн аваргад гуравдугаар байрт орсон. Өмнөх олимпод хоёр тамирчин чадлаараа л оролцсон байдаг. Энэ өвөл Пёнчаны олимпод мөн хоёр тамирчин оролцох эрхээ авчихсан байгаа. Энэ бол өвлийн спортыг олигтойхон анхаарвал амжилт холгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Дэлхийн медальтай хоккейчидтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж хамт зургаа авахуулаад хөөрч харагдсан. Дэлхийн аварга тэшүүрчин Б.Сумъяаг Эрүүл мэнд, спортын яам хүлээж авлаа гээд “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдэг зүүж өгөөд болоо. Үнэлэмж нь ердөө тэр дээ. Жүдо, чөлөөтийн хэн нэгэн тив, дэлхийн тэмцээнд медаль авлаа, түрүүллээ гэвэл сүйд болдог нь үнэн. Жаахан давстайхан хэлэхэд тэднийг болохоор гавьяатын тэмдэг хадаг дээр тавиад буудал дээр угтдаг шахуу жишээ бий. Гэтэл өвлийн спортынхныг ямар ч амжилт гаргасан ч тоодоггүй нь хачин. Олимпийн төрөл гэж явцуурдаг тал бас бий ч цана, тэшүүр бүгд л олимпийн хөтөлбөрт байдаг л даа.  Тэгэхээр энэ төрлийг яаж хөгжүүлэх вэ гэвэл юуны өмнө битүү дээвэртэй ордонтой болгоод өгөөч гэж тамирчид, дасгалжуулагчид нь хүсдэг юм билээ. Тийм ордонг Хятадын тал барьж өгөхөөр боллоо гэсэн мэдээ ойрмогхон сонсогдсон.

Сонгууль бүхний дараа дарга нь солигддог Биеийн тамир, спортын газар гэж бий. Энэ газрын дарга нь одоо сагсанбөмбөгийн гэх тодотголтой Ц.Шаравжамц гэдэг дарга ам ангайх болгондоо л Спортын ордныг шинэчилнэ гэж л ярьдаг гэх. Барьжээ гэхэд өвлийн спортынхонд хамаарах уу үгүй юу гэдэг нь бас тодорхойгүй. Ярих нэг хэрэг. Ирэх оны төсөвт энэ талаар тусгаагүй болохоор Ц.Шаравжамцын үг мөрөөдөл төдий болж үлдэх магадлал байгаа юм. Ер нь улсын  төсөвт тусгаагүй гэхээр ямар балдуушийн мөнгө хөрөнгөөр том ордон барих вэ дээ. Өвлийн улирал гэж үзээгүй Арабын орнуудын тамирчид амжилтаараа тив, дэлхийд уралдаж байна гээд бод доо. Гэтэл Монгол Улсад өвлийн спортыг огтхон ч анхаардаггүйгээс өнчин царайтай хэвээр өдий хүрч байна. Бусдаас ичмээр ч юм шиг.



ДЭЭРЭЭ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ…


Өвлийн спортод төр, засгийн хараа дутснаас болоод цана, тэшүүрийн холбоод нь ч тун чамлалтай ажиллаж байна. Энэ нь  дээрээ суудлаа олохгүй бол доор нь гүйдлээ олохгүйн үнэнг харуулж буй хэрэг. Өвлийн спортын төрлүүд тус тусдаа холбоо гэдэг байгууллагатай.

Харин ажил үйл нь адилхан тааруу гэдэг. Монголын тэшүүрийн холбоог аваад үзье л дээ.  Уг нь 1950-иад оны сүүлчээр энэ холбоо байгуулагдсан түүх бий. Гэтэл өнөөгийн холбооныхон нь шинэ удирдлагаа хүлээж авна, авахгүй гэж хагаралдсан янзтай байсаар. Үндэсний шигшээ баг байгуулсан гэх ч дасгалжуулагчийн сонгон шалгаруу­лахдаа хэрүүлтэй байдаг. Энэ нь ажлын зохион байгуулалтад нөлөөлж гадаад, дотоод дахь уралдаан тэмцээнээ тасалдуулж ирж. Мөн хөдөөгийн салбараа дэмжихээ больсноос тэндээс гайгүй өсөх ирээдүйтэй тамирчид төрөн гарч ирдэг байдал ч үгүй болжээ. Дэлхийн холбооноос нь жилд 35-40 мянган долларын санхүүжилт өгдөг гэдэг ч түүнийг хэрхэн зарцуулсныг тайлагнасан удаагүй гэж дасгалжуулагч нөхөд нь ярьж байх юм.

Бас хачирхмаар юм нь 2011 онд Австрид болсон хүүхдийн олимпод эрх авсан хүүхдийн оронд өөр хүүхэд явуулсан булхай бас л холбооных байсан гэдэг юм билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан тамирчид нь оролцох ёстой төрлүүддээ оролцоогүй тэмцээнээ хаяад ирсэн удаа байдаг гэнэлээ. Энэ бүхэн холбооных нь ажлын муугийнх гэдэгт эргэлзэмгүй юм. Цанын холбооныхны ажил ч адилдаа адил гэж болохоор. Яг энэ цаг үед Монголын таван цаначин дасгалжуулагчийнхаа хамт Финляндад олимпийн эрхийн цуврал тэмцээнүүдэд оролцож байна. Тэд анхны цаснаар Хандгайтад долоохон хоног бэлтгэл хийгээд бор зүрхээрээ бараг л азаа үзэх маягаар тэнд өрсөлдөж яваа юм билээ. Удахгүй тэд “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний гараанд оролцоно гэх. Энэ тухай мэдээллийг өөрсдөө л нааш нь явуулж байгаа гэнэ.



ХААНА БЭЛТГЭЛЭЭ БАЗААХ ВЭ?


Монголд юу байна цас мөс л бий. Гэтэл өвлийн спортын тамирчид нь бэлтгэл, сургуулиа хийх зориулалтын газар байхгүй шахам. Шахам гэсний учир юу вэ гэвэл хангай дэлхийн цас хааяагүй болохоор цанынханд арай боломж байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.  Тэгвэл тэшүүрийнхэн ямар ч талбайгүй, хэдэн тамирчид нь Туул голын эрэг дагаж гүйх, фитнес төвд хүчний бэлтгэл хийх төдий л байдаг юм байна. Урьд нь Төв цэнгэлдэхэд мөс хөлдөөгөөд уралдаан тэмцээнээ хийчихдэг байсан бол сүүлийн үед бараг больсон. Хандгайтад гулгуурын талбайг засч бэлтгэлээ хийдэг байсан чинь тэр газрыг нь хотынхон газрын төлбөрөө өгөөгүй гээд хураагаад авчихсан юм билээ. Одоо түрээс маягаар ашигладаг байх. Төр яаж анхаарч буйн жишээ энэ. Ер нь мөсөн дээр бэлтгэл хийгээгүй тэшүүрчин амжилт үзүүлнэ гэдэг бэрх аж. Ийм болохоор хэдэн тэшүүрчин нь Хятад, Солонгост бадарчлан явж хэдхэн хоног бэлтгэл хийгээд л тэмцээнд ордог байна.

-Гадаадын тамирчид биднээс ур чадвар, хурд илүүтэй байдгийн учир нь тэд наймдугаар сараас дараа оны дөрөвдүгээр сар хүртэл мөсөн дээр бэлтгэл хийдэг. Бид тэгэхэд жилийн ихэнхэд хуурай газар дээр бэлтгэлээ нөхсөн болж байна. Тиймээс амжилт тааруу байгаа гэж дэлхийн аварга, ОУХМ Б.Сумъяа хэлсэн бий.

Нээрээ нөхцөл муу байхад тэднээс амжилт нэхэх нь илүүц юм шиг. Монголын тэшүүрчид 500 метрт 44 секунт гүйж байна гэх. Энэ нь “Дэлхийн цом”-д уралдаж буй гадны тамирчдын амжилтаас даруй тав, зургаан секунтийн хойно явна гэсэн үг. Гэтэл тив, дэлхийд өрсөлдөж буй орны тамирчид секунтээр биш долиор өрсөлдөж байна шүү дээ. Манайд тоотой хэдэн тамирчид нь сэтгэл зүйгээр муу, шантрах үе ч байдаг л бололтой.

-Амжилтын төлөө энэ спортоор хичээллэж байгаа болохоор гадаадын аль нэг орноос манай тамирчин болооч гэсэн санал ирвэл би явна аа гэж хэлсэн Б.Сумъяагийн үг үүнийг гэрчилнэ.

Канадаас ч билүү тэр Сумъяаг чинь авъя гэсэн санал ирснийг Тэшүүрийн холбооныхон замаас нь булзааруулж өөр хүн ав гэснээр чимээгүй болсон юм гэдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан удаатай. Уг зарлигт өвлийн спортыг төр, засгаас анхаарах болно. Мөсөн гулгуурын стандарт хангасан талбайтай болгох ёстой гэсэн заалтууд байсан юм билээ. Тэгвэл үүнийг одоо хэн ч дурсдаггүй. Зарлигаа Ц.Элбэгдорж “аваад явчихсан” юмсан уу.

Манай тамирчдын өмнө Японд болох Азийн тоглолт, ирэх онд БНСУ-ын Пёнчанд эхлэх өвлийн олимп хүлээж байгаа юм. Уг тэмцээнд манайхан хэрхэн бэлтгэж байна вэ гэсэн асуултад хариу хэлэх байгууллага, хүн одоогоор даанч алга л байна.

Зууны мэдээ
Д.Цэрэннадмид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-12-22 01:11:49
    Ер нь монголд бөхөөс өөр тэмцээнийг тоохоо больсон байна бөх л амжилт гаргавал бөөн баяр шагнал бусад зөндөа тэмцээнд хүүхдүүд амжилт гаргаж ирлээ баяр хүргээд ...
    103.212.117.47
    Мэдэгдсэн Хариулах
  • varan 2017-12-12 03:59:51
    Юун нь өвлийн спорт ,урдах авилгалаа авч амжихгүй байхад яршиг дараа зүгээр. Тэгж байгаад болох л байлгүй дараа бол.
    103.26.194.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ahu 2017-12-12 03:19:07
    tiim shyy
    49.0.219.212
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-12 03:15:19
    за за евлийн спорт ч яамай гудамжиндаа халтирч ухэхгуй л байвал барав
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах