
Монголын эргэлтэт дугуйн холбоо, “Сүлд спиннинг” клубээс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Анх 33 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бооцоот уралдаан зорилгодоо үнэнч 13 хүнтэйгээр үргэлжилж, ийн ялагчаа тодрууллаа.
Ёслолын ажиллагааг нээж, “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд үг хэлсэн юм. Тэрбээр өөрийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө хоёр сарын турш тэсвэр тэвчээр гаргасан оролцогчдод баяр хүргэж, тэдний амжилт амархан байгаагүйг хэллээ.
Энэ удаагийн уралдааны хүчтэй өрсөлдөгчид нь эрчүүд байв. Тиймдээ ч “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчаар эрэгтэй хүн тодорч, зөвхөн бүсгүйчүүд биеийн галбиртаа анхаардаггүй гэдгийг харууллаа. Оролцогчид 70 хоногийн хугацаанд спиннингийг хоолны дэглэмтэй хослуулан 14-33 кг-ын жинг хаяж чаджээ. Анх “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдаанд оролцох зориг гаргаад жин дээр зогсоход 121, 105, 93, 95 кг татаж, “Би чадна” хэмээн хичээсэн хүмүүс өнөөдөр 70-80 кг болж, өөртөө итгэх итгэлийг, гоё сайхан биеийг олж авч чаджээ.
Урьдчилан бэлдсэн тайз, жин, хоёр сар гарангийн хөлс хөдөлмөр, хэн хэдэн кг-ыг хассан бол гэх хүлээлт, ялагч болохыг хүссэн битүүхэн горьдлого...Зөвхөн оролцогчид биш ёслолын арга хэмжээг сонирхож байсан бүх хүмүүс догдлон хүлээж байв.
Жин үзэх мөч...М.Дашзэвэг 19 кг, С.Одхүү 21 кг, С.Үүрийнцолмон 18 кг, Г.Доржханд 14 кг, Б.Уянга 15 кг гэхчлэнгээр тэд илүүдэл жинг өөрийн биенээс салгаж хаяж чаджээ. Харин хамгийн их жинг хэн хаяв... “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчаар Ц.Гансүх тодорлоо. Тэрбээр 112 кг-аас 33.9 кг-ыг хаяж, 79 кг жинтэй болсноор хамгийн өндөр үзүүлэлтийг, хамгийн том амжилтыг үзүүлж, ЯЛАГЧ боллоо. Хүн хичээвэл, зоривол илүүдэл жин асуудал биш гэдгийг тэр харуулж чадлаа. “Өөрийгөө өөрчилж чадсандаа баяртай байна. Хоолоо зохицуулаад дугуйгаа жийхэд илүүдэл жин асуудал биш” хэмээн бардам бас сэтгэл догдлуулан зогссон залуу олон олон хүмүүст урам болсон нь мэдээж. Зөвхөн бүсгүйчүүд жингийн хойноос хөөцөлддөггүй, тэд л гоё сайхан харагдахыг хүсдэггүй. Эрчүүд ч эрүүл мэнд, гоо сайхны төлөө хичээдэг гэдгийг Ц.Гансүх харууллаа. Түүнд ялагчийн дөрвөн сая төгрөгийн шагналыг МУГЖ Ч.Бат-Эрдэнэ гардуулж, баяр хүргэв.
70 хоногийн хугацаанд спиннингээр хичээллэж, 33.9 кг жин хаяж, өөрийн эрүүл мэнд, биеийн галбираа олж авснаас гадна 4 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Хүн зорилготой, түүнийхээ төлөө тэмцэх зүтгэвэл үр дүн ирдгийг “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны оролцогчид харуулсан нь энэ юм.
Ц.Гансүх: 68 хоногийн хугацаанд 33.9 кг хассан
“Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагч Ц.Гансүхтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Яагаад энэ уралдаанд оролцох болов. Анхны сэдлийг хэн нэгэн өгсөн үү?
-Би маш их илүүдэл жинтэй байсан. фитнес эсвэл спиннингээр хичээллэнэ гэж боддог байсан ч тэгж байгаад явна гэж хойшлуулсаар байсан. Тэгтэл манай эхнэр “ийм тэмцээн болох юм байна, миний хань ороод үзээч” гэсэн саналыг тавьсан. Тэгээд тэмцээн уралдаан гэдэг үүднээс нь өөрийгөө сорих гэж орсон. Уралдааны явц маш өрсөлдөөнтэй байсан. Долоо хоног бүр жингээ үзүүлнэ. Тэр бүрт өрсөлдөгчид маань 100 граммаар ойртож, зарим нь илүү гарсан байдаг.
-Ямар хугацаанд хэдэн кг жин хасав?
-Би 68 хоногийн хугацаанд 33.9 кг хассан байна.
-Илүүдэл жинтэй хэр удаан явсан вэ?
-Ажлын шаардлага, буруу хооллолтоос болж илүүдэл жинтэй болсон. 10-аад жил том гүзээтэй явсан. Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдсандаа маш их баяртай байна.
-Одоо бол таныг гүзээтэй байсан гэдэгт итгэхээргүй байна. Энэ жингээ хадгалах, барих тал дээр спиннингийн багш нар ямар зөвлөгөө өгөв?
-Манай багш нар идэж уух зүйл, хоолны дэглэмийг бүх хүнд нээлттэй зааж өгдөг. Тэвчээр гаргаж, дэлгэмээ барьж чадвал амжилтанд хүрнэ.
-Зорилго бол жингээ хаях байсан. Харин ялагч болоод 4 сая төгрөг авна гэж бодож байв уу?
-Анх бол илүүдэл жингээ хасъя л гэж орсон. Харин явцдаа оролцогч нартай өрсөлдөж, нэгэнт уралдаан учраас түрүүлэх ёстой гэж бодоод илүү хичээж эхэлсэн.
-Дөрвөн сая төгрөгөөр юу хийх вэ?
-Миний бүх хувцас томдсон. Эхний ээлжинд хувцсаа шинэчилнэ.
-Таны өмд гэхэд ямар хэмжээтэй болж багасав?
-42 размераас 34 болсон.
-Шантрах үе байсан уу?
-Хоолны дэглэмтэй үед хоол идэж байгаа хүмүүсийн дэргэд байх хэцүү. Тэрийг тэсч гарах хэрэгтэй.
-Бараг л 40 кг жин хаясан хүнээс спиннингээр хичээлэхийн давуу талыг асуухгүй байж болохгүй байх?
-Хамгийн чухал нь эндээс эрүүл мэндээ олж авсан. Нуруу нь өвддөг байсан хүн сар дугуй жийгээд ямар ч асуудалгүй болсон. 60 настай эмээ дугуй жийж байна. Нас насныханд тохиромжтой.
-Одоо гэр бүл, найзуудыгаа спиннинг руу уруу татах байх даа?
-Найзуудыгаа уриалж байгаа. “Би жингээ хасмаар байна-III” тэмцээн хоёрдугаар сард эхэлнэ. Тэр уралдааны ялагч нь миний ойр дотны хүмүүс, найз нөхдийн нэг байгаасай гэж хүсч байна. Би маш сайн зөвлөгөө өгч, туслах болно.
-Спиннингээр хичээллэхийг хүсч байгаа ч зориглож чадахгүй олон хүмүүс байгаа. Тэдэнд та юу хэлэх вэ?
-Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, өөртөө цаг зав гаргаарай гэж хэлье. Өөрөө хоолоо тохируулж идээд, өдөрт нэг цаг дугуй жийдэг. Хэцүү зүйл байхгүй. Ганцхан цагийг өөртөө маш гоё хөгжилтэйгээр зарцуулахыг хүсч байвал спиннингээр хичээллээрэй.
-Сүлд спиннингийнхэнд юу хэлмээр байна вэ?
-Багш нартаа, ажилчдад бүгдэд нь маш их баярлалаа. Өөрийгөө өөрчилж чадсандаа үнэхээр их баяртай байна. Та нартаа ажлын амжилт хүсье.
Эх сурвалж Шууд.мн