
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гурав дахь хоригоо тавилаа. Энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуульд өчигдөр хэсэгчлэн хориг тавьсан юм. Энэ бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хамаарал бүхий гурван дахь хориг юм. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн хориг алдаатай байгааг дээр дооргүй ярьж байна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн хориг тавьсан албан бичиг алдаатай байгааг олон нийт хурцаар шүүмжилж байна.
Ч.Хүрэлбаатар "Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна"
Ерөнхийлөгчийн тавьсан хоригт ямар алдаа байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой.Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9,5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан. Монгол Улс ОУВС-тай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан. Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг Сангийн яаманд ирүүлсэн. Энэ сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм” хэмээжээ.
З.Энхболд “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна”
Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” гэсэн тайлбар өгөөд сууж байх юм.
Гэхдээ эрхэм Ерөнхийлөгч өө, Тамгын газрын дарга аа төрийн ажил явагдаж байгааг ойлгож байна уу? Ядаж УИХ нь төсвийг батлахдаа тухайн жилийн төсвийн тухай хуулийг баталдаг болохоос нэгдсэн төсөв гэж баталдаггүй гэдгийг та ажил хариуцсан хүмүүстэй ойлгуул.
Үндэслэл муутай, алдаатай хориг тавьж төрийн ажилд чөдөр тушаа болох хэрэг байна уу. Үүний оронд та мэргэжлийн багийг ажиллуул. Ядаж алдаагүй албан бичиг боловсруулах хүмүүсийг дэргэдээ ав.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн