​Хөгжлийн банк MNS/ ISO 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн Тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Монгол Улсын Хөгжлийн банк болон “ISO Mongolia” ХХК хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. 

Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментын тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх зорилготой юм. Хөгжлийн банк тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авилгад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой. Мөн Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа байгууллага болж байна.  

Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох,  хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарт хэрэглэх бүрэн боломжтой төдийгүй авлигыг тодорхойлох, таних, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэхэд хэрэгжүүлж даган мөрдөж болох бөгөөд авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат: Хөгжлийн банкыг тойрсон олон асуудлууд өмнөх жилүүдэд гарсан. Нийгэмд энэ хэрээрээ сөрөг мэдээллүүд маш ихээр цацагдсан. 2016 оноос хойш Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, дүрэм журмыг шинэчлэх ажил эрчимтэй явагдсан. 2017 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны хууль шинэчлэгдэн батлагдаж, үүний дагуу дүрэм журам, дотоод зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Энэ шинэчлэлийн хүрээнд ISO 37001 стандартыг  нэвтрүүлж байна. 

 "ISO MONGOLIA" ХХК-ны захирал Б.Оюунгэрэл: Microsoft компани энэхүү стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэхээ дэлхий нийтэд зарласан бол Сингапур, Перугийн засгийн газрууд аль хэдийн ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлэхээр зөвшөөрөөд байгаа. Дэлхийн улс орнууд авлигатай тэмцэх өөр өөрсдийн хууль, дүрэм журамтай. Гэсэн ч авлигатай тэмцэх үйл ажиллагаа дэлхий нийтийн хүссэн хэмжээнд хүрээгүй гэсэн судалгаа гарсан байдаг. Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001стандартыг манай улс өнгөрсөн онд баталсан.  

ISO олон улсын стандартын байгууллагад 163 гишүүн орон байдаг. ISO 37001стандарт дээр 48 улс орон саналаа өгсөн байдаг. Энэхүү стандартыг баталж гаргахдаа “Авлигын эсрэг стандарт ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчиллын байгууллага тодотгон онцолсон байдаг. Тухайн стандарт авлигыг 100 хувь арилгахгүй ч гэсэн  авлигын эрсдэлийг бууруулах, хамгаалах маш сайн систем болж чадна. Ямар ч стандартыг тухайн байгууллагын онцлог үйл ажиллагааг эхлээд судлаад, хамрах хүрээ, бүтэц зохион байгуулалт гээд тухайн байгууллагаа судалсны дараа тодорхой хугацаатайгаар мэргэшсэн зөвлөхүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Стандарт хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ, баталгаажилт гээд хоёр үе шаттай. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus