Өвөл, намрыг хослуулсан өмнө зүгийн нутгаар...

Нэг: Оршил болгохуй

Монгол, Хятадын сэтгүүлчдийн 8 дугаар форумд оролцох, төвийн болоод орон нутгийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлчид өнгөрсөн сарын 20-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Аэро Монголиа” компанийн авсаархан агаад тохилог цагаан хөлгөнд тухлан, эртний буурал түүхт Хөх хотыг зорьсон юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, тус эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав нарын удирдах албаны хүмүүсээс гадна мөн МҮОНРТ-ийн зарим удирдлага, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” зэрэг төвийн томоохон сонин, сайтуудын эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцсон нэлээд нүсэр бүрэлдэхүүн байсан нь энэ удаагийн форумд багагүй ач холбогдол өгсний илэрхийлэл байсныг ингээд товчлоюу. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ү.Хүрэлбаатар бид дарга, цэргийн барилдлагатай цөөнгүй жилийг ардаа орхисон ч холын замд төдийлэн дөрөө харшуулж байсангүй. Харин энэ удаад дөрөө нийлсэн төдийгүй, бүр нэг суудалд зэрэгцэн сууж, энэ тэрийг хуучилсаар явтал, нэг харах нь ээ, тэртээ дор алдарт “Далан хар уул” хүглийн бараантах нь бидний зорисон газар хариугүй дөхөж байгаа нь тэр. Мөн уул талгүй хэжлэн цайрах салхин сэнс нь энэ улсын хөгжлийн нэгээхэн хэсгийг илтгэхийн зэрэгцээ асар өндөр уулын оройг тал шиг тэгшлэн ямар нэгэн бүтээн байгуулалт хийж байгаа нь ч содхон харагдаж байлаа. Хүний олон, хөдөлмөрийн эрчээр энэ мэт ажлыг юман чинээ тоохгүй босгодогт нь дэмий л цагаахан атаархал төрж явлаа. Энэ нь эх орноо хурдан хөгжөөсэй гэсэн сэтгэлийн битүүхэн эмзэглэл төдий юм даа. Биднийг Хөх хотын “Цагаан суварга” нисэх онгоцны буудалд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга, орчуулагч Үндэсбат, мөн албаны Гадаад харилцааны газрын дарга, орчуулагч Баянжаргал нарын элэг нэгт өвөрлөгч нөхөд маань угтаж, Үйлдвэрчний Эвлэлүүдийн тохилог сайхан зочид буудалд байрлуулсан. Чухамдаа энэ хоёр эрхэм монголын сэтгүүлчдийг угтаж, үдэж, хэл ус залгуулсаар олон жилийг ардаа орхиж, монголын сэтгүүлчдийн бараг бүгдтэй нь дотно танилууд болсон гэж хэлэхэд нэг их ташаарахгүй байх.

Өнгөрсөн онд л гэхэд, Б.Цогзаяабаатарын өргөмжилснөөр “Ба дарга” буюу Баянжаргалаар хэлмэрчлүүлсэн монголын 20 гаруй сэтгүүлч Хөх хотоос баруун тийш Ганц модны боомт, Урадын дунд хошууны Халиут суурин, Ордос хот хүртэл аялсан сайхан дурсамж хуучраагүй л байна.  Ямар хүн явснаа гэдэг билээ. Яахын ч аргагүй талархан тэмдэглэвэл зохилтой нэг зүйл гэвэл, очсон газар бүрт биднийг халуун дотноор угтаж, монгол хүний ярьдгаар “Юу байнав, түүгээрээ дайлна” гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байсныг дашрамд дурдаад дахин нуршихгүйг андгайлюу.

Хоёр: Сибирт хөл тавьсан мэт

Хорин нэгний өдөр бидний хөлөглөсөн Хятадын агаарын тээврийн “Аir Сhina” онгоц зүүн хойд зүгийг чиглэн өндрөө авсан нь Дорнод аймагтай хил хатган оршдог Рашаан хотыг зорьж буй нь тэр. Манайхаар бол халуун намраараа байгаа Хөх хотоос нэг цаг гаруй нисээд л нэвсийсэн цагаан цастай залгасан нь Хянган аймгийн нутагт дөхөв бололтой. Тэртээ дор их Хянганы нурууны модод нэг цайран, нэг ногоорон, хад асга нь аймшигт араатны ам мэт харлан харагдах нь нэн сүртэй. Өдгөөгөөс 70 гаруй жилийн тэртээ энэ л их Хянганы нурууны хаа нэгтээг давах гэж Монгол, Зөвлөлтийн цэргүүд махаа барж, Л.Аюуш нарын эрэлхэг дайчид цусаа урсган халуун амиа өгч, хүчит техник сөхөрч байсныг энэхэн зуур санаж, сэтгэл гэгэлзэхүй дор:

Хүний нутгийн хүйтэн хөрсөнд

Цэл залуугаараа өнөд нойрссон                          

Баатрын энтэй аавын хөвгүүдээ

Эх орон тань хэзээ ч мартахгүй ээ... гэсэн “Дөчин таван оны намар” дууны маань шүлгийн шад мөр өөрийн эрхгүй цээжинд хуралдаж, аньсага чийгтэж явсныг анзаарсан нэгэн байхгүй л болов уу. Ийнхүү хоёр цаг гаруй тэнгэрийн өтгөн хар үүлсийг зүсэн урагшилсан аварга хөлөг аажимхан доошилсоор битүү модоор бүрхэгдсэн өндөр, өндөр уулсыг хярлан Рашаан хотын багашаархан нисэх буудалд газардахад тэсгим өвлийн жавар нүүр чимчигнүүлэн, малгайлан шуурах цастай найрсан угтсан билээ, биднийг. Нисэх буудлаас нэг цаг орчим автобусаар явах замаа танадахуй барилга, байшингаас нь өгсүүлээд энэ хот яг л Сибирийн хот, тосгод шиг санагдаж байв. Арга ч үгүй юм даа. Хаяа нийлэн оршдог Хайлаар, Манжуур гээд л тэр чигтээ оросжсон хотууд, тэгээд ч оросын хилтэй залгаа юм хойно, тэр том гүрний нөмөр нөөлөг байхаас ч яахав. “Хайшэнь” нэртэй халуун рашааны тухлаг зочид буудалд хоноод өглөөтэй золговол аанай л цас малгайлан орсон хэвээр. Монголтой төстэй, бас эрс тэс уур амьсгалтай энэ хотыг хятадууд зүгээр ч нэг сонгоогүй байх. Яагаад гэвэл, Рашаан хот нь эдийн засгийн шилжилтийн газар нутаг, аялал жуулчлалыг хөгжүүлж, ядуурлыг бууруулсан туршилтын бүс гэдгийг харуулахыг зорьсон байх. “Монгол, Хятадын сэтгүүлчдийн наймдугаар форум болсон хот” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Рашаан хот нь Өвөр монголын Эрээн, Манжуурын дараа орох гурав дахь том хилийн боомт бөгөөд Хянган аймаг, Шилийн гол аймаг, Хөлөнбуйр хотын уулзварт байрладаг, хүн ам нь хятад үндэстэн зонхилсон, монгол, хотон, манж зэрэг 13 үндэстэнтэй, нийт 68 мянган хүн амтай томоохон хот юм байна. Өглөөний есөн цагт тус хотын зочид буудлын хүлээн авалтын зааланд форумын нээлтийн ёслолын ажиллагаа болж, ХКН-ын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар  харилцан үг хэлсэн. Уг форумд Хятадын тал мөн адил ач холбогдол өгч, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын хэлтэс, хятадын төрийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, ӨМӨЗО-ны сэтгүүлчид, аймаг, хотын суртал ухуулгын дарга нараас бүрдсэн 40 гаруй ажилтнаа ирүүлжээ. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  ирүүлсэн илгээлтийг гардуулсан бөгөөд уг илгээлтэд “Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, иргэд хоорондын эв нэгдэл, ойлголцолд сэтгүүлч нарын гүйцэтгэх үүрэг асар их” гэдгийг онцолсон байв. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өчигдөр, өнөөдөр, хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо” сэдвээр үндсэн илтгэл тавьсан. Энэхүү илтгэлд “Мэдээлэл бол улс орон, ард түмнүүдийн найрамдалт харилцааны нэгэн том гүүр юм. Тийм болохоор мэдээ мэдээллийг олж, боловсруулж түгээх үндсэн үүрэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, манай хоёр орны ард түмэн бие биеэ илүү сайнаар таньж мэдэх, ойлголцох, харилцан итгэлцэх, ойртон нөхөрлөх үйлсэд нэн чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Мөн үеэр Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга Жеү Чүньже “Ажил хэрэгч хамтын ажиллагаанд мөр зэрэгцэн урагш ахицгаая. Иргэд хоорондын ойлголцолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүүрийг тавилцъя” сэдэвт үндсэн илтгэлдээ “Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улсын иргэд хоорондын ойлголцол гүн зузаан суурь болон хөдөлгөх бодит хүчинтэй байдаг. Хоёрдугаарт, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэд хоорондын ойлголцлыг ахиулахад идэвхтэй үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулах шаардлагатай” гэдгийг онцолж байсан. Түүнчлэн “Ардын өдрийн сонин”-ы Гадаадтай харилцах газрын дэд дарга Шюй Бө, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, Хятадын “Шиньхуа” агентлагийн орос хэлний редакцийн дарга Дин Дэчи, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн дарга Гэрэлт, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч Б.Төмөртогоо, “Өвөрмонголын өдрийн сонин”-ы дэд ерөнхий редактор Ялалт, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, Өвөрмонголын радио, телевизийн ерөнхий редактор Жан Шинмао нар хавсралт илтгэл тавьж хэлэлцүүлсэн зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөснийг тэмдэглэх ёстой. Мөн үеэр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, “Боловсрол” телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад, ажлын шаардлагаар Манжуураар дамжин эх орон руугаа буцсан. Маргааш нь хуйсагнасан тэнгэр аль хэдийн цэлмэж, алтан нар тааламжтайяа ээсэн сайхан өдөр тохиож, Монгол, Хятадын сэтгүүлчдийн хөлөглөсөн автобус зүүн зүгийг чиглэн шуударч нэг цаг гаруй давхиад Хятадын 5А зэрэглэлийн “Тэнгэр нуур” хэмээх халуун рашааны уур савсуулсан аглаг хөндийд ирсэн юм. Хасах 35-40 градусын хүйтэнд ч хөлддөггүй энэ газар нь аялал жуулчлалын идэвхтэй бүс хэдий ч өвлийн улиралд төдийлэн жуулчид ирдэггүй аж. Харин байгаль нь дэндүү тансаг энэ сайхан газрыг зун, намрын улиралд зоригсдын тоо тасардаггүй нь аргагүй биз ээ. Үдээс хойш бид Рашаан хотын нисэх буудлаас орон нутгийн онгоцоор Улаан хотыг зорьсон. Рашаан хотоос зүүн урагш 200 гаруй км-ийн алс энэ хотод хүрэх хоромд нөгөө их цас ор мөргүй алга болж, тариан талбай налайсан намрын сайхан улирлыг санагдуулам тэгш тал цэлийж, төд удалгүй тэнгэр баганадсан өндөр, өндөр барилгуудтай цэвэр цэмцгэр сайхан хот угтсан нь Өвөрмонголын ард түмний зүрх сэтгэлийнх нь тольт болсон их удирдагч Улаанхүү даргынх нь төрсөн нутаг. Эндээс унаагаа сэлгэн цааш нисэх цаг ойртсон учир үүгээр түүгээр явах боломж олдсонгүй. Харин ашиглалтад ороод удаагүй, зарим зүйл нь хийгдэж байгаа “Улаан мөчир” чуулгын байр, байдалтай товч танилцуулсан. Үдэш оройн цагаар гаднаас нь харахад үлгэрийн ордныг санагдуулам гэрэл гэгээ цацруулсан үнэхээр сайхан ордны нил гантиг болсон босгыг алхаад үнэндээ алмайрсан даа. Монголдоо нэг ийм сайхан ордон барьчихаад театр, урлагийн бүх газраа төвлөрүүлчих боломж уг нь манай улсад байгаа даа, даан ч өөрсдөө хагартлаа баяжиж, оффошор бүс хөрөнгөө нуухаас өөрийг бодохгүй нөхөд юм даа гэсэн гунигт харуусал төрж явснаа хэльюу. Уг нь ийм хэмжээний ордныг босгоход ердөө 150 сая ам.доллар л зарцуулсан юм билээ. Энэ мэт эрээн бараан бодлоор сэтгэлээ чилээж, яавал улс орон маань Хятад улс шиг хурдан хөгжих бол гэж бодон шөнийн нислэгийн хоёр цаг гаруйн хугацааг ардаа орхиод, үдшийн 23.30-д Бээжинд газардаж,  автобусаар нэг цаг орчим яваад “Жинлүнь” зочид буудалд тухлав аа. Маргааш нь Төрийн зөвлөлийн хөгжил судлалын төвийн байдалтай танилцаж, үдээс хойш өмнө зүгийн далайн эргийн Фүжеүг зорисноор үндсэндээ бидний албаны ажил өндөрлөж, аяллын ажил эхэлсэн юм. Элэг нэгт хоёр орчуулагч дээр Бээжингээс Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны Гадаадад дэлгэрүүлэх газрын харилцагч Жү Яньшянь, Гадаад хэлний газрын “Хятадын мэдээ” сэтгүүлийн ажилтан Гүе Мэн, мөн газрын ажилтан Ван Фан нар бүл нэмж, бидний аяллыг аялаг тавлаг болгоход чин зүрхнээсээ тусалж явсныг цухас дурдюу.  

Гурав: Даанч сайхан хөгжсөн далайн эргийн хотуудад  

Тайвань улстай хил залган оршдог Фүжеү Бээжингээс 1500 гаруй км-ийн зайтай. Өтгөн ногоон ой модоор өвч битүү хүрээлэгдсэн энэ хотын хүн зон нь амгалан тайван, гудамж, зам нь цэвэр цэмцгэр, машин техникийн түгжрэл, бөөгнөрөл гэдгийг бараг мэдэхгүй болов уу гэмээр цэлгэр, мөн ийм сайхан газар байгаа хүмүүст элдэв өвчин эмгэг тусдаггүй биз ээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх. Сэтгүүлч бид ийм л зүйлийг нь юуны өмнө анзаарч, сэтгэлээ чилээж явах юм даа. Хөтөлбөрийн дагуу өглөө нь Фүчин хотын “Жиндүнфан” төсөл, Фүжяний сүлжээний радио, телевизийн цамхаг, гудамжны байдалтай танилцсан юм. 2002 онд шавыг нь тавихад Си Зиньпин дарга ирж оролцсоныг бэлгэдэн тус телевизийн орох хаалганы өмнө түүний зургийг томоор байрлуулж, хүндэтгэсэн нь нүднээ содхон. Орой нь хурдны галт тэргэнд сууж, эртний хот  Тайнингийг зорисон. Цагт 200 милийн хурдтай явах галт тэрэгний цонхоор гадагш хараачлахыг хүссэн ч, харагдах зүйл огт үгүй байгааг гайхан явахуй, тэр нь аварга том уулыг нүхэлсэн хонгилоор яваа нь тэр байж. Ер нь уул ус, ургамал ногоо ихтэй тэр газруудад уулыг нүхлэн байж зам харгуй гаргахаас өөрөөр байх ямар ч боломжгүй болох нь тодорхой. Маргааш нь Жюлүнтаний экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хөгжил, “Цүнжи” гацааны ядуурлыг бууруулсан байдал, үдээс хойш Тайнингийн эртний хот, мөн хотын хамгаалалтын байдалтай танилцаад, мөн л хурдны галт тэргэнд сууж Нанчан хотыг зорилоо. Тэнд ч үзэж харах юм туйлын арвин. Аль бүрийг бичиж барахав. Цухас зурваслахад, анх удаа сал гэдэг унаанд сууж, хад асгаар хүрээлэгдсэн аварга том ангалаар 10 км  замыг туулсан, Мин, Чин улсын үеийн барилга байгууламж, 750 жилийн түүхтэй том дааман хаалга, асар өндөр уулын тагтад байх Шэньшань гацаа ердөө 54 өрх, 231 хүн амтай, ядуу гацаа байсан ч Си дарга өөрийн биеэр энэ жаахан газарт  хэрэг болгон хүрч ирэн, аялал жуулчлалыг хөгжүүлснээр 2016 оны эцэст уг гацааны ядуу өрхийн нэг хүнд ногдох цэвэр орлого 7760 юаньд хүрч, ядуурал 0.87 хувиар буурсан зэргээр амьдрал нь эрс дээшилж, Си даргаа дээдлэн хүндэтгэдгийг ажиглаж явахдаа ард түмнээ ядуурлаас гаргаж, дээдэлсэн улс орон хөгждөг юм байна даа гэсэн бодол зурсхийж явсан даа. Бид ч элдэв модон эдлэл, эрхи, шаазан ваар гээд л энэ хэдхэн хүмүүст чамлахааргүй орлого оруулаад авсан шүү, бас.

Дөрөв: Төгсгөл болгохуй

Нэг их холын бус ойрхоны түүхийг сөхвөөс Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг 2013 онд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецянтай байгуулсан гэрээндээ “...Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглах талаар тодорхой заалт орсон нь ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байгааг дашрамд дурдюу. Хол ч ухаантай улстөрчид хоёр орны ард түмний найрамдал, нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, тэр дундаа сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал гэдгийг олж харсан нь ийнхүү амьдрал дээр нотлогдож байна. Юугий нь нуухав. Хаа хаанаа мэддэгээс хойш, ний нуугүй хэлэхэд монголчууд бид “Муусайн хужаа нар” гэдэг. Гэтэл хятад хүн ямар их өндөр мэдлэг боловсролтой, хариуцсан ажилдаа үнэнч, тусархуу, сахилга хариуцлага нь ямар их өндөр болохыг саяны хэд хоногт ханатлаа ажиглаж явлаа. Ялангуяа, бидэнд чинхүү сэтгэлийн үүднээс үйлчилсэн гурван сайхан залуу Жү Яньшянь, Гүе Мэн, Ван Фан нартаа талархлын үгээ харамгүй хэлэхээс аргагүй. Манай улсад ирж хэрэг төвөг таридаг нөхдүүд бол мэдлэг боловсролоор маруухан, энүүхэн хил залгаа амьдардаг, чухамдаа юу ч хийхээс буцахгүй болон догширсон хүмүүс л байдаг байх гэж бодогдном. Монголчууд хаа явсан газраа хөгжөөнтэй, наргиантай, баартай, бас жаахан хэнэггүйдүүхэн байдал гаргадаг нь биднийг яаж тойрох билээ. Тийм нэг хөгжөөний эзэн нь МСНЭ-ийн Говь-Сүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Т.Болдбаатар. Хүүхдийн зохиолч, доктор, профессор Д.Батжаргал нарын хамт МУИС-ийг дүүргэсэн тэрбээр Дорноговь аймаг дахь АУДС-ийн хичээлийн эрхлэгч, сумын Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын түшмэл гээд л дийлэнхдээ дарга даамлын албан тушаал хашсан, нэлээд егүзэр нэгэн. Ямартаа л “Баян Бандагай” нэртэй буцаж ирэхэв. Мөн төвийн нэг томоохон сонины ажилтан Улаан хотын онгоцны буудалд барьж явсан цүнхээ мартсанаас болж “Богц баатар” нэр авсан бол нэгэн бүсгүй дэлгүүр хэсч хэнэггүйтсэнээс болж хурдны галт тэрэгнээс хоцрох шахаж байхав дээ. Харин баярлууштай нь бүтэн 30-40 минутын дараа мартаж орхисон цүнхээ авахаар такси хөлөглөн хүрч очиход орхисон газраа хэвээр байсан нь хүмүүсийнх нь ухамсар өндөр, мөн амьдрал ахуй нь хангалуун байгаагийн шинж гэж дүгнэхээс яахав. Манайд бол аль хэдийн нохойн замаар орсон доо, тэр цүнх. Хятад хүмүүс түүхэн дурсгалт барилга байгууламж, хөшөө дурсгалдаа ямар ихээр анхаардаг, хайрлан хамгаалдаг, цаг ямагт сэргээн засварладаг болохыг Мин, Чин улсын үеийн барилга, байшинг яг тэр хэвээр нь авч үлдсэнээс харагдах бөгөөд бараг 1000-аад жилийн түүхийг хуучлах ажгуу. Гэтэл манайхан бол шууд нураагаад л, хэрэгтэй, хэрэггүй түрээсийн голдуухан байшин сав овоолгох. Хятадын зүгээс чамгүй хэмжээний зардал мөнгө гаргаж, хаа байсан өмнөд хязгаартаа аялуулсан нь бидэнд хөгжил дэвшлээ гайхуулах гэсэндээ бус, яавал богино хугацаанд хөгжиж болох арга, туршлагыг сэтгүүлчдийн мэлмийгээр дамжуулан хүргэхийг зорьсон болов уу гэж бодох юун. Тэгээд ч Си дарга “Бид ганцаараа хөгжих бус, хөрш зэргэлдээ улс оронтойгоо хамтдаа хөгжиж байж амжилтад хүрнэ” гэсэн нь цаад утгаараа манай улсыг л хэлсэн байх. Бидний зочилсон хотуудын хөгжлийг бол шагшрахаас яахав. Өнгөрсөн онд Хятадын баруун зүгийн нутгаар яваад “Хөгжил гэдэг чинь хаяанд байна даа” гэж энүүхэн Эрээнээр жишээлэн бичиж байсан маань бүр ч лавширлаа. Газрын гүндээ гахсан их баялагтай, гахай, шувуу гэхгүйгээр буянт малынхаа буянаар жилийн дөрвөн улиралдаа гэдэс цатгалан амьдрах тавилан заяатай энэ хэдхэн хүнээ гэсэн сэтгэлтэй нэгэн гарч ирвэл дээшлэн дэвжихэд мөн ч амархан байна даа л гэж бодогдох юм даа. Хөрш зэргэлдээ Луусан орноор 10-аад хоног аялахдаа, нийтдээ найман удаа онгоцонд, хоёр удаа хурдны галт тэргэнд, түүнчлэн тохилог, дулаахан автобус унаа хөлөглөн, 10 мянга гаруй км замыг туулсан бидний аялал өнгөрсөн сарын 29-ний өдөр өндөрлөсөн. Ирэх 2018 онд Монгол, Хятадын сэтгүүлчдийн есдүгээр форум манай улсад болно. “Агтны хариу жилдээ” гэгчээр хариуг нь яаж барина даа гэсэн бодол төрж л байх юм даа.

Улаанбаатар-Хөх хот-Рашаан хот- Улаан хот-Бээжин-Фүжеү-Тайнинг-Нанчан-Цүнжи-Жинганшань-Шэншань-Бээжин-Улаанбаатар

2017.11.20-29-ний өдөр

МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Гомбын БААТАРНУМ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-12-05 05:48:37
    Huchirheg uls l tuuhiig bichdeg, zohiodog, buurai ulsuud hussen ch es hussen ch dagalddag yum da.mongol uls udahgui oros china n colon uls bolno doo.
    27.123.212.130
    Мэдэгдсэн Хариулах