Хөгжлийн банкинд хийсэн “шинэчлэл”

Сангийн яам болон Монголбанкны 2017 онд хийсэн томоохон ажлын нэг нь Хөгжлийн банкны 580 сая ам.долларын хугацааг сунгасан явдал байлаа. Түүнчлэн Засгийн газар Хөгжлийн банкны дүрмийн санг нэг триллион төгрөгөөр нэмсэн нь олон улсад томоохон санхүүгийн байгууллага болохоо баталсан юм. Өнгөрсөн нэг жил Хөгжлийн банк гэлтгүй, Монгол Улсын хувьд томоохон зээлүүдийн эргэн төлөлтийг гүйцэтгэх сорилт тулгарсан жил байлаа. Эдгээр зээлийг хэрхэн эргэн төлөхөөс Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын ирээдүй шууд хамаарах эрсдэл тулгараад байсан билээ.
 
Монгол Улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1,7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулжээ. Тухайлбал, Евро бондын 580 сая ам.доллар, “Кредит Свисс” банкны зээлийн 94.8 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27.0 сая ам.долларын гэх мэт төлбөрүүдийг төлж барагдуулсан юм.
 
Хөгжлийн банкны хувьд анх 2011 оны тавдугаар сарын 12-нд үйл ажиллагаагаа эхэлж, Монгол Улсын стратегийн чухал тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, улмаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад гол нөлөө үзүүлэх зорилгоор байгуулагдаж байв.
 
Гэвч Хөгжлийн банкны хуулийн цоорхой нь ашигтай ажиллах боломжийг бууруулж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлснийг бүгд мэднэ. Тиймээс Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хууль бүхэлдээ Хөгжлийн банкны хувьд философийн, зарчмын хувьд өөрчлөгдсөн гэдгийг удирдлагынх нь зүгээс мэдэгдсэн.
 
Эрх зүйн шинэчлэлийн чухал хэсгийн нэг нь хяналтын тогтолцоо аж. Тодруулбал, өмнө нь гурван шатлалтай хянагддаг байсан банкны үйл ажиллагаа одоо зургаан шатлал бүхий хяналтад шилжжээ. Хяналтын системд Засгийн газар, Монголбанкийг татан оруулж, өдөр тутамдаа дотоод хяналт шалгалтын нэгжийг нэмж байгуулсан байна. Ингэснээр банкны үйл ажиллагаа эрсдэлгүй явагдах нөхцөл сайжирч, банкны найдвартай ажиллагааны төвшин нэмэгдсэн нь Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаа явуулахад нь түлхэц болсон юм.
 
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сэргэж буйг мэдээлж буй. Үүний зэрэгцээ Монгол Улсын Хөгжпийн банк энэ оны гуравдугаар улиралд үндсэн үйл ажиллагааны хүрээнд гадаадын банк санхүүгийн байгууллагаас нийт 96.6 сая ам.долларын эх үүсвэр бие даан татан төвлөрүүлжээ. Ингэснээр Монгол Улсын гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, дотоодын валютын хэрэгцээг зохистой төвшинд хангаж, ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлсэн төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мөн өрийн удирдпагын тухай хуулийн дагуу төсөвт тусгагдаагүй эх үүсвэр бие даан бүрдүүлсэн зэргээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг тодорхой төвшинд дэмжиж ажилласан байна.

 
ХӨГЖЛИЙН БАНК АШИГТАЙ АЖИЛЛАДАГ УУ


Хөгжлийн банк өнөөдрийн байдлаар ашигтай ажиллаж байгааг удирдлагууд нь хэлж байна. Өмнөх онуудад банкны татварын өмнөх ашиг 2012 онд -8.3 тэрбум төгрөг, 2013 онд 35.1 тэрбум төгрөг, 2014 онд 134.0 тэрбум төгрөг, 2015 онд 41.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2016 онд -191.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тэгвэл Хөгжлийн банк зээлийн хүү болон үндсэн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авсаны үр дүнд энэ жил 14 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хөгжлийн банк 2017 оны есдүгээр сарын байдлаар төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 1670 төсөлд 2.95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байгаа аж. Эдгээрийн 45 төслийг банкнаас шууд, 1625 дэд төслийг арилжааны банкаар дамжуулан олгожээ. Хөгжлийн банк дан ганц зээл биш хөрөнгө оруулалт, баталгаа, даатгал, лизинг, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн төсөл дээр хамтын санхүүжилт хийдэг схем рүү шилжсэн байна. Ингэснээр зээлийн эрсдлийг ганцаар биш төслийн эзэн, бусад зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчидтай хамтран хүлээх, тухайн төслийн хяналт, хариуцлагыг дангаар хийх биш бусадтай хамтарч хийдэг болж байгаа аж.
 
Түүнчлэн тус банк 2017 оноос эхлэн “Ди Би Эм лизинг” компанийг байгуулжээ. Тус компани нь эдийн засгийн тодорхой салбаруудад шаардлагатай байгаа өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг гаднын орнуудын экспорт, импортын банк болон хөгжлийн банкуудын хөнгөлөлттэй эх үүсвэрийг ашиглан Монгол улсад бизнес эрхлэж буй дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмж түрээслэх буюу худалдах аж. Одоогийн байдлаар ОХУ-ын долоон үйлдвэрлэгчээс хөдөө, аж ахуйн 20 төрлийн 543 ширхэг тоног төхөөрөмжийг “Тариалан эрхпэлтийг дэмжих сан”-д гэрээний дагуу түрээслээд байгаа юм байна. Цаашид нийтийн тээврийн хэрэгслийн түрээс, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээс, хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн түрээс зэргээр үйл ажиллагааг өргөжүүлэн, шаардлагатай байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжих гэнэ.
 

ХӨГЖЛИЙН БАНК УУЛ УУРХАЙН САЛБАРТ 225,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

 
Хөгжлийн банкнаас эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай төсөлд зээл олгон ажиллаж эхлээд байгаа юм байна. Энэ онд боловсруулах үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт 225.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг олгосноос 196 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс олгожээ. Үүнээс 73 хувь нь экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр байгаа аж. Үүнд,“Алт-2 үндэсний хөтөлбөр”, ноолуурын салбарыг дэмжих дамжуулан болон шууд олгосон төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл“, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл” зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүд багтаж байна.

Хөгжлийн банкны цаашид үндсэн үүргээ хэрэгжүүлж, томоохон төслүүдэд хөрөнгө оруулах гэнэ. Хэрэгжүүлэхгүй удаж байгаа мега төслүүд болон гангийн үйлвэрлэл, усан цахилгаан станц, төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зээлийн санхүүжилт болон хөрөнгө оруулалт, менежментийн хувьд дэмжээд явах институци зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Хөгжлийн банк хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд улсынхаа эдийн засгийн тэргүүлэгч салбаруудыг дэмжин ажиллах болно гэдгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэлж байна.
 
Түүнчлэн тэрбээр “Ирээдүйд хэрэгжих аливаа томоохон төслийн санхүүжилтийг шийдвэрлэхдээ заавал гадны шууд зээл гэхгүйгээр дотоодын нөхцөл бололцоог гаднын эх үүсвэртэй зөв хослуулах хамгийн чухал юм. Хөгжлийн банк эхний ээлжинд хөрөнгө оруулалтын менежментийн 14 салбарын 138 төслийг судлаж эхлээд байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын утааг бууруулахад чиглэсэн, иргэдийн зүгээс өндөр хүлээлттэй байгаа хүртээмжтэй орон сууцны төслүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана. Тухайлбал, дундаж болон дундаас доогуур орлоготой өрхүүдэд чиглэсэн орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн зэрэгцээ орон сууц худалдан авах бололцоогүй хэсэгт зориулсан хямд үнэтэй түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
 Ямартай ч Хөгжлийн банкны хууль нь шинэчлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон санхүүгийн байгууллага болж чадлаа. Гол нь “Монгол Улсын стратегийн чухал тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, эдийн засгийн хөгжлийг хурдасгана” гэдэг зорилгоо биелүүлж ажиллах л үлдэж байна.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Ч.ЭНХБАТ


 
-Нийгэмд Хөгжлийн банк байх хэрэгтэй, хэрэггүйн талаар талцал үүсэх явдал гарч байсан. Үүнийг цаг хугацаа харуулах болов уу. Харин бид байх хэрэгтэй гэдгийг батлан харуулахаар цаг нартай уралдан ажиллаж байна. Улсын хөгжпийн зөв алсын хараатай УИХ, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо бэхжүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахаар зүтгэж байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк зөв гольдролдоо орлоо гэдгийг тодотгож хэлмээр байна. Өмнөх удирдлагын баг 2015 онд Хөгжлийн банкны дунд, урт хугацааны төлөвлөгөө баталсан байсан. Төлөвлөгөөнд авах, гээх ухаанаар хандаж зарим нэг шаардлагатай ажлыг төрийн залгамж халааг үргэлжпүүлэн авч явах, нийцтэй бус олон зүйлийг засаж сайжруулах гээд ажлууд их бий. Бид Хөгжлийн банк гэсэн агуулгаа хадгалж, улс орны хөгжлийг харсан томоохон стратеги буюу дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахаар ажилдаа ороод байна. Ойрын хугацаанд дунд хугацааны төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна. Уг стратеги төлөвлөгөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны бодлогын баримт бичгуүдтэй уялдахаас гадна эдийн засгийг төрөлжүүлэх том агуулгаар харсан төлөвлөгөө байх болно.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН


 
-Азийн тэргүүлэх чиглэлийн орнуудын Хөгжлийн банкууд бол маш сайн ажилладаг, сайн рейтингтэй байдаг. Японы Хөгжлийн банк, Солонгосын Хөгжлийн банк, мөн Азийн Засгийн газрын хөрөнгө оруулалттай экспорт, импортын банкнууд гэж байдаг. Эдгээр банкуудын жишээ практикийг судалж Хөгжлийн банкны хуулийг шинэчилсэн. Би өөрөө Монголбанкинд байхдаа энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж олон формуудад оролцож, энэ талын материал нэлээн цуглуулсанаа үндэслэж хуулийг шинэчилэхэд ашигласан. Хөгжлийн банк Азийн тэргүүлэх чиглэлийн орнуудын төвшинд хүрч ажиллаж чадна гэж найдаж байна.
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБАЯР

 


-2012-2016 онуудад Хөгжлийн банкны зээлийн багцын 40 орчим хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл бүрдүүлж байсан. Энэ оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 100 хувь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 1670 төсөлд олгосон 2.95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Тодруулбал, шууд олгосон 45 төсөл, арилжааны банкууд болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаар дамжуулан олгосон 13 хөтөлбөрт хамаарах 1625 дэд төсөл байна.
 
Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлэх замаар шийдвэрлэж, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлээс 156.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийн төлүүлсэн. Энэ онд улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлээс 12.5 тэрбум төгрөгийг төлүүлж, төсвийн зээлийг бүрэн хаасан.

Үндэсний шуудан
У.Сарангэрэл
Бусдад түгээх
  • gplus