
Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан бол лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн материалыг нууцаас гаргахтай холбоотой асуудал байв. Гэвч лхагва гарагийн хуралдаанаар хэргийн материалыг нууцаар гаргах асуудал шийдэгдээгүй юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх саналаа Ц.Нямдоржид хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.
Уг албан бичигт “Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.
Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг хүсье” гэжээ.
С.Зоригийн хэрэгт холбогдох материалыг төрийн нууцаас гаргахыг дэмжлээ
Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн зарим зүйл заалтыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй. Харин баасан гарагт дээрх асуудлыг хэлэлцэж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14926 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг дэмжсэн юм. Харин одоо процессын дагуу дээрх хавтаст хэрэг бүхий материалыг ТЕГ-аас прокурорт шилжүүлэх юм байна. Харин уг хэрэгт холбогдох 74 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлд үлдээж байгаа аж. Дээрх нууцын зэрэглэлтэй материал захиалагчтай холбоотой аж.
Татвараас чөлөөлөв
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.Гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа байгаа юм. Уг хууль энэ оны 12 дугаар сарын 04-нөөс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйлчилнэ.
Мөн өдрийн хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болжээ. Уг хууль энэ оны 12 дугаар сарын 04-нөөс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх юм.
Н .Золжаргалыг баривчилж, суллав
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьсон юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас баривчилж, саатуулсан юм. Гэвч түүнийг суллах шийдвэр гарсан байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг Шүүхэд хүргүүлжээ.
Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг сулласан байна.
Харин АТГ-аас Н.Золжаргалыг нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хүлээж авсангүй.