
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.
Тэгвэл Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 08.45 цагийн байдлаар агаарын чанарын индекс 100 айл орчимд 891 буюу маш их бохирдолтой байна. Харин Баянхошуу орчимд АЧИ 426 буюу их бохирдолтой гарчээ.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Г.Зул