Залуучуудын ДАШТ: Бүсгүйчүүд дөрөвдүгээр байрт орлоо

Польшийн Быдгош хотод болж буй бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан энэ сарын 23-24-нд болж өндөрлөлөө. Анхдугаар тэмцээнд манай улс эмэгтэй бүтэн багаа илгээснээс ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 58 кг-ын жинд мөнгө, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 53 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 60 кг-д хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр болж байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл, гурван шагнал байртай 30 оноотой 30 орноос багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо. Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон улс 75 оноогоор тасархай тэргүүлэв.  48 кг-ын жинд Туркийн Эрин Демирхан, 69 кг-д Францын Кумба Ларрок нар аваргалж, үлдсэн бүх жинд Наран улсын бүсгүйчүүд аваргаллаа. Харин Украин 47, ОХУ 34 оноотой хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Быдгошийн дэвжээнд манай эмэгтэй бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

48 кг: Спортын мастер Б.Чимгээ 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга, Украины Оксана Ливачтай хийж 2:9-өөр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шөвгийн наймд Хятадын бөхөд ялагдснаар дагах барилдаан гараагүй.

53 кг: ОУХМ Г.Отгонжаргал эхний тойрогт БНХАУ-ын Ки Занд 6:8-аар ялагдсан бөгөөд өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Канадын Алисса Клевесийг 6:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Эми Анн Фирнсайдыг 7:6-гаар ялснаар Польшийн дэвжээнээс Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа.



55 кг: Спортын мастер Б.Болортуяа 1/4 шигшээд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Румыний Симона Присовод цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

58 кг: ОУХМ А.Батцэцэг эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.



60 кг:  ОУХМ Э.Гантуяа эхний даваанд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Аяулым Касымоваг 6:2-оор, шөвгийн наймд өнгөрсөн жилийн залуучуудын Европын аварга Румыний Криста Тунд Инцег 5:3-аар ялсан ч хагас шигшээд Украины Илона Прокопевнукт цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Беларусийн Юлья Писаренкаг 8:3-аар ялснаар Польшийн дэвжээнд Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа.



63 кг: Спортын мастер Х.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Анил Решма Манэг 4:4-өөр ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын Татьяна Смолякт 1:2-оор тун харамсалтай ялагдсан. 

69 кг: Спортын мастер М.Хишигмаа 1/8 шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азербайжаны Элис Маноловад 2:3-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн.

75 кг: Спортын мастер П.Номин-Эрдэнэ 1/8 шигшээд эзэн орны Анна Урбановицыг 6:2-оор ялсан. Харин 1/4 шигшээд 2015 оны өсвөр үеийн дэлхийн аварга, 2017 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Японы Юсүха Мацүюкид оноогоор цэвэр, дагах барилдаанд Германы Фрэнси Радельтэд цэвэр ялагдав гэж МЧБХ-ноос мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-26 07:30:50
    Баяр хургэе!Дараагийн тэмцээнуудэд улам их амжилт гаргаарай монголын бахархал бусгуйчууд минь ээ