
Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Казахстаны Тарас хотод эхэллээ. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас МУГТ Г.Мандахнаран, Э.Ням-Очир тэргүүтэй долоон бөх хүч үзэж байгаа юм.
Эхний өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх зодоглосноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв. 125 кг-ын жинд Азийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгө, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медалийн эзэн болжээ.
Н.Золбоо Тарасын дэвжээнд нутаг нэгт Э.Төгөлдөр, эзэн орны Ермухамбет Инкар, Олег Болтин нарыг тус тус ялсан ч шигшээ барилдаанд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны иргэншилтэй гүрж эр Давид Мозманашвилид 0:2-оор ялагдсан юм. Харин ОУХМ О.Үйтүмэн дөрвөн казах эртэй хүч үзэж, гурав ялснаар шагналын тавцанд зогссон юм.
61 кг-д гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд якут эр Егорь Пономаревт 0:2-оор ялагдаж, тавдугаар байрт орсон. Мөн энэ жинд спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ Казахстаны Нурислам Санаев, ОХУ-ын Петр Павловт, 125 кг-д тус клубийн тамирчин, спортын мастер Энхбаатарын Төгөлдөр нутгийн ах Н.Золбоо, эзэн орны Ермухамбет Инкарт тус тус ялагджээ.
Өнөөдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Наранболд нар барилдана.
Б.Орхон