Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болгов
Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог.

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх  гол үүрэгтэй юм.  Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.

Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргалаа.
 

Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-24 14:31:16
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм