
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.
Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний даваанд залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.
Ингэснээр “U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.
Б.Орхон