“Номадс”-ынхан ажил мэргэжлээрээ өрсөлдөж байна
“Номадс” сүлжээ рестораны 15 жилийн ой удахгүй тохионо. Энэхүү ойн баяраа угтан “Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих тэмцээнийг хамт олныхоо дунд зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ сорил уралдаан нь Монголын хамгийн том энтертайнмент төв “Номадс”-ын нэг салбар “Crocus event hall” болж байна.  

Өнгөрсөн жилүүдэд “Номадс”-ынхан  мэргэжил тус бүрээрээ өрсөлдөж, ялагчдаа тодруулдаг байсан бол энэ удаад багаараа болж өргөжсөн нь онцлог юм. Ингэж хоорондоо өрсөлдөх нь “Номадс”-ын сүлжээ рестораны үйлчилгээний чанарыг сайжруулж,  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бөгөөд ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн одоогийн багийн ажиллагаагаа сайжруулах том зорилготой аж.

Энэ удаагийн тэмцээнд салбар бүрийн шилдэг ажилчдын төлөөллөөс бүрдсэн 19 баг оролцож байна. Нэг баг нь менежер, тогооч, бариста буюу бартендер, зөөгч, үйлчлэгч гээд зургаан гишүүнтэй.  Ресторан, үйлчилгээний байгууллага багийн хамтын ажиллагааны үндсэнд оршдог учир “Миний ресторан” тэмцээнд оролцогчид мэргэжил бүрийн чухлыг илтгэсэн даалгавруудыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

Тэмцээнийг шүүх баг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өндөр туршлагатай гадаад дотоодын мэргэжилтнүүд багтжээ. Шүүгч нар мэргэжил тус бүрийн онцлогт суурилсан олон улсын стандартад тавигддаг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, цаг баримтлал, урьдчилан бэлтгэл хангасан байдал зэргийг нь нарийн харж, шүүх юм.

“Номадс”-ын сүлжээ ресторанууд 2017 онд дотооддоо шинэчлэлт хийж, Монголдоо анх удаа үйлчилгээний салбарт олон улсын чанарын удирдлагын ISO:9001:2015 тогтолцоог нэвтрүүлж эхэлжээ. Үүнээс гадна хамт олныхоо ур чадвар, мэдлэгийг сайжруулан дүгнэх нэг томоохон ажил нь “Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн гэж удирдлагууд нь үзжээ.

2003 оноос хойш хоол үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй ажиллаж буй “Номадс”-ын сүлжээ ресторанууд өдгөө 1000 гаруй ажилчинтай. Монгол үндэстний “Модерн Номадс” рестораны есөн салбар ресторан, олон үндэстний 10 салбар ресторан, зочид буудлын гурван салбартайгаар улсдаа төдийгүй ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Бусдад түгээх
  • gplus