Банкны салбарт ямар хуулиудыг өөрчлөх вэ
 

Арилжааны банкууд хүү өндөр байна гэх шүүмжлэл сүүлийн үед хүчтэй өрнөж байна. Иймээс энэ удаагийн намрын чуулганаар банкны салбарт шинэчлэл авчрах хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлэхээр зэхэж байна. 

1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны хууль" батлагдсанаар Монгол улсын 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ. Үүнээс хойш 20 гаруй жил Монгол улсын санхүүгийн захыг үндсэндээ банкны систем тодорхойлсоор ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. 

Яг одоогоор ОУВС-ын шаардлагын дагуу Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлууд энэ цаг үед яригдаж эхлээд байна. 

Намрын чуулганаар банкны салбарт ямар хуулиудыг өөрчлөх мэдээлэл хүргэе 

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

Шинэ оны босгон дээр өргөн баригдаж, хаврын чуулганаар анхны хэлэлцүүлгээ хийсэн. Гэвч тухайн үедээ эрх мэдэл бүхийн хүмүүсийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учраас энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ дагуу энэ долоо хоногоос эхлэн хөрөнгө оруулалтын банкны хуулийн хэлэлцүүлгийг хийж эхлэхээр төлөвлөсөн байна. Гадаадын банктай өрсөлдөх боломж манай банкуудад байна уу? Гадаадын банкийг оруулж ирэх асуудал Монголд 1980-аад онд маш их өрнөсөн байдаг байна. Түүнээс яригдаагүй асуудал юм.

Монгол Улсын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад дотоодын банкинд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрсэн бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкнаас найм нь гадаадын хөрөнгө оруулалттай байгаа бол эдгээрээс гурван банк гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй байгаа аж.

Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байна.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсон учир хуулийн төслийг боловсруулжээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 

Энэ сарын эхээр өргөн баригдаж, хэлэлцүүлгийг шатанд яваа хуулийн төсөл. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий 6 зүйлтэй юм байна.

1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;

2. Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.

3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.

4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.

5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой.

Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  

Өнгөрсөн долоо хоногт Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох, Монголбанкны удирдлага буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох, Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл”  байгуулахаар тусгаж, төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгажээ.

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2017-11-20 12:40:44
    Банкнаас олгодог зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох хэрэгтэй!!! Монголд "Мөнгө хүүлэх" (Ростовщи́чество, Usury) үзэгдлийг хаах ёстой!!
    66.181.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-20 04:48:20
    Хамгийн гол нь банкны цалингийн хүүг бууруулах нь чухал.ХАА-н банк зээлээ 1,5 гэчихээд байнга 1,7-д өгч байгаа
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-20 01:44:03
    Банк хувь хүн хоер тохиролцоод хэдэн төгрөг хэдэн хувийн хүүтэй хадгалуулах төрд ямар хамаа байнаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Авилгач улс төрч 2017-11-20 03:15:49
      Тархины тураалт монголчууд бага хүүтэй зээл авах сонирхолтой байгаа тул тэдний хүслийг хангах нь бидний зорилго.Бид яваандаа хүүгүй зээл олгуулдаг болно.
      75.65.189.225
      Мэдэгдсэн Хариулах