Чансаа өндөр бөхийн барилдаанд гарьд Н.Ганбаатар түрүүллээ

XVII жарны улаагчин тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Барилдаанд арслан Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Батмөнх, улсын харцага А.Цацабшир нар магнайлан зодоглосоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

Гарьд Н.Ганбаатар наадмаас хойш бөхийн өргөөнд анх удаа зодоглож ийнхүү түрүүлэв. Э.Даш начин намраас хойш болсон найман барилдааны зургаад нь барилдсан бол Б.Бат-Өлзий харцага долоод нь, Л.Цэрэнтогтох начин бүгдэд нь барилджээ.

Аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар гэмтлийн улмаас эмчийн магадлагаагаар барилдаанаас албан ёсоор чөлөө авсан бол Мөнхбат аварга ар гэрийн гачигдалын улмаас барилдаж чадахгүй болсноо мөн бөхийн холбоонд уламжилсан байна.

Харин идэр залуу гурван арслан тэргүүтэй чансаа өндөр олон бөх Монгол бахархалын барилдаандаа зодоглолгүй, Өвөрмонголд болж буй Алтан бүс наадам руу явсан нь үзэгч олны шүүмжлэлийг дагууллаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.