Долоо хоног онцлох үйл явдлууд

Намрын чуулган эхэлснээс хойш парламент томилгооны асуудалд онцгойлон анхаарал хандуулсаар байгаа. Төсвийн тодотгол, ирэх оны төсвийг баталсныг эс тооцвол намрын чуулганы сар гаруй хугацаанд зөвхөн томилгооны асуудлаар хуралдсаар байна. 

Өнгөрсөн долоо хоногт гэхэд ТЕГ-ын дарга асан Б. Хурцыг элчин сайдаар томилохтой холбогдсон асуудлууд олны анхаарлыг татлаа.

Б.Хурцын томилгоог хойшлууллаа

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч цөөнгүй гишүүн энэ асуудлаар шүүмжлэлтэй хандаж, эцэст нь Элчин сайдын томилгоог хойшлуулав.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Болдын нэр төрд халдсан гэх асуудлыг байнгын хороо болон тусгай хяналтын дэд хороогоор ярих шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын саналаар Б.Хурцы Элчин сайдаар томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хаслаа. 

 Учир нь асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдод хандан ““Л.Болд гишүүн та Батлан хамгаалахын сайд байхдаа  хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган ам.доллар авсан. Сая зургадугаар сарын 12-нд прокурорын бичиг нь ирсэн. Танаас болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж хоёр хүн ял авсан” гэсэн юм. 

Ирэх оны төсвийг баталлаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018  оны улсын  төсвийг хэлэлцэн баталлаа. 2018 оны төсвийн жилийн тэнцвэржүүлсэн орлого нийт дүнгээрээ 7231.4 тэрбум төгрөг байх бол төсвийн зарлагыг 9651,5 тэрбум  байхаар хуульчлав.  

Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2018 онд дараах төсвийг захиран зарцуулна.

1 Ерөнхийлөгчийн Тамгын газар 5.1 тэрбум

2 УИХ-ын дарга 33.3 тэрбум

3 Монгол Улсын Ерөнхий сайд 203.3 тэрбум

4 Монгол  Улсын Шадар сайд 136.3 тэрбум

5 ЗГХЭГ-ын дарга 34.5 тэрбум

6 Гадаад харилцааны сайд 71.3  тэрбум

7 Сангийн сайд 6.5 их наяд

8 Хуульзүй, дотоод хэргийн сайд 476.2 тэрбум

9 Зам тээврийн хөгжлийн сайд 384.5 тэрбум

10 Батлан хамгаалахын сайд 237.6 тэрбум

11 БШСУС-ын  сайд 1.6 их наяд

12 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум

13 ХХААХҮ-ийн сайд 266.6 тэрбум

14 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд

15 Барилга, хот  байгуулалтын сайд 137.4 тэрбум

16 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88.4 тэрбум

17 Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум

Монголбанк 18.4 тонн алт худалдан авав

Монголбанк өнөөдрийн байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа. 

Он гарсаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

Монголбанк жилийн эцэст  алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.

Багш нар ажил хаялтаа зогсоов

Долоо хоногийн эхний өдрийг багш нарын ажил хаялтаар эхлүүлэв. Иймээс Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн юм. 

 

П.ГОО

Оллоо.м н 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.