
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм.
Дэлхийн миссийн тэмцээн нь “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа” гэсэн үндсэн таван шалгаруулалттай. Ц.Энхжингийн хувьд бусад төрлүүдэд ч мөн амжилттай оролцсон. Тодруулбал, “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд тэрбээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслөөрөө шилдэг 20-д шалгарсан. Мөн "дэлхийн бүжиг" төрөлд шилдэг тавд шалгарч, гурван тэрбум үзэгчтэй тайзан дээр үндэсний бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээсэн юм.
Түүнчлэн “Спортлог мисс” төрөлд шилдэг наймд, “Мисс топ модель”-д шилдэг 30-д шалгарсан.
БНХАУ-ын Санья хотод болж буй “Дэлхийн мисс 2017” тэмцээнд 127 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр титмийн эзэн тодрох юм.
Г.Зул