
Чөлөөт бөхийн олимпийн хошой, дэлхийн болон Европын таван удаагийн аварга, ОХУ-ын нэрт бөх Махарбек Хадарцев ажлын шугамаар манай оронд айлчлаад буцжээ. Хойд Осетийн Владикавказ хотын даргаар ажилладаг Хадарцев Зайсан толгойд байршуулсан Монгол Улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан, БНМАУ, ЗХУ-ын баатар, армийн генерал Исса Александрович Плиевын хөшөөний нээлтэд оролцсон юм.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хүлээн авч уулзаж санал бодлоо солилцсон байна.