“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болов.

ЕТГ-аас эрхлэн 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд, дэд дарга Г.Байгалмаа, Б.Саруул, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Т.Тэгшжаргал, Б.Саруул, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Азийн уран зохиолын шагналын анхны эзнээр тодорсон зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын багш Ц.Өнөрбаян, Төрийн шагналт зураач Ш.Чимэддорж болон ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, хэл, түүх, соёлын салбарын судлаачид, зохиолчид, оюутан, сурагчдын төлөөлөл оролцов.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар сурагчдын дунд 2017 онд дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан хүүхдүүд хүрэлцэн ирсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан, бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан нь Эх хэлний өдөртэй болох тухай зарлиг байсныг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцгойлон дурдаж байлаа. Уг зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний Эрдмийн баярын өдрийг Эх хэлний өдөр болгож улс орон даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Мөн 2015 онд УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хуульд Монгол хэл бичиг нь улс орны нэгдмэл байдлын баталгаа болдог учир Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг байгуулахаар зааж үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд өнөөдөр хүрэлцэн ирсэн үндэсний бичиг соёлоо эрхэмлэн хүндэтгэгч эрхэм та бүхний амрыг айлтгахын ялдамд их эзэн Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Монгол бахархлын өдөрт зориулсан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж байна. Энэ үйл ажиллагаа 2011 оноос эхэлсэн. Цаашдаа уламжлал болгоод улам олон залуус, олон хүүхдүүд, олон хүмүүсийг хамруулаарай гэж хүсье.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн заасан байдаг. Үүнийг та бид чандлан мөрдөж, чармайн хэрэгжүүлж явах учиртай бөгөөд өнөөдрийн уран бичлэгийн үзэсгэлэн энэ үйлсэд нэгээхэн хувь нэмэр болох биз ээ гэж бодож байна.

Энэ жилийн үзэсгэлэн их эзэн Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол болж, мэргэжлийн 8 уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлийг олноо дэлгэж байгаа юм.

Бидний хойч үе үндэснийхээ бичиг соёлд хүндэтгэлтэй, дур сонирхолтой хандаж, бичиж, туурвиж байгаад би туйлын баяртай байна.

Мөнх тэнгэрийн ивээл дор Монголын бичиг соёл өнөд орших болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.     

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Доржпүрэв 2017-11-17 10:16:37
    Сайхан арга хэмжээ хэрэгжүүлж байгаад баяр хүргэе.