Шатар сонирхогчдын УАШТ маргааш эхэлнэ

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм.

Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 18-19-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 9-10-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулна.  

Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог. Энэ жилийн тэмцээний онцлог нь энэхүү цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд явах зардлыг зохион байгуулагч хариуцах том тэмцээн болох гэж байна.

Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. М.Энхболд даргын ивээл дор хоёр дахь жилдээ болох гэж байна.  

Өнгөрсөн жилийн тэмцээнд 6000 гаруй шатарчин оролцсон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Иргэд, шатар сонирхогчдыг тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтойг хэллээ.

Энэхүү тэмцээнд мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран зохион байгуулдаг  Монголын шатрын холбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч Б.Баярболд “Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчин шалгаруулна. Дүүргийн хувьд хүн амын тооноос шалтгаалж зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгаруулна.

Анхан шатны тэмцээнээс шалгарсан хүмүүс аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээд өрсөлдөнө. Аймгаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийслэлээс 18 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцож, аваргаа тодруулна” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.