Хог нь энгийнээр хэрэггүй болсон, ашиглаж дууссан зүйлс боловч түүгээр амьдралд хэрэгцээтэй зүйлсийг хийж болдог
Саяхныг хүртэл хүн төрөлхтөн мөнгөний төлөө байгалийн баялагтаа хайр гамгүй хандаж байв. Харин эдүгээ экологид ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хог хаягдлын хор хөнөөлийг бууруулан, улмаар дахин боловсруулах болжээ. Үүний тулд дахин ашиглах боломжтой шил, лааз, хуванцар, цаас зэрэг хуурай хог хаягдлыг ялгаж боловсруулж буй. Хог нь энгийнээр хэрэггүй болсон, ашиглаж дууссан зүйлс боловч түүгээр эргүүлээд бидний амьдралд хэрэгцээтэй зүйлсийг хийж болдог гэдгийг хүмүүс төдийлэн хайхардаггүй.
 
Нийслэлийн гэр хороололд оршин сууж буй нэг иргэн өдөрт ойролцоогоор 900 грамм, орон сууцны нэг иргэн 200- 350 грамм хог хаядаг гэсэн статистик бий. Гэтэл энэ их хогийг хүлээн авдаг хоёрхон цэгтэй. Тэнд өдөрт 900-1200 тонн буюу 200-350 машин хог ирдэг аж. Үүгээр тооцвол жилдээ 220-260 мянган тонн “хог нийлүүлдэг” гэж хэлж болох юм.
 
Токио, Сөүл, Нью-Йорк, Прага зэрэг өндөр хөгжилтэй хотууд хогоо ашиглаж цахилгаан дулааныхаа хэрэгцээг хангадаг жишээ цөөнгүй бий. Орчин үед хатуу хог хаягдлыг боловсруулах болон цуглуулах систем үйлдвэрийн томоохон салбар болтол өргөжин хөгжжээ. Тухайлбал, Баруун Европт хог хаягдлын 30 хувийг халдваргүйжүүлж, 21 хувийг шатаадаг байна. АНУ-д хог шатаах иж бүрэн барилга байгууламж 105, Францад түргэн халдваргүйжүүлэх, механикжуулах систем бүхий байгууламж 40, Италид 12, Швейцарьт 25 байдаг аж.

АНУ-ын “New Balance” спорт хувцасны брэнд өнгөрсөн жил хаягдал хуванцар саваар спорт гутал үйлдвэрлэсэн байна. Нэг хос гутал үйлдвэрлэхэд 12 ширхэг хуванцар сав ашиглажээ. Гуталны 95 хувийг хаягдлаас, бусдыг нь ноос, даавуу зэрэг материалаар хийсэн байна.

Хог гэгдэж ямар ч  үнэд хүрэхгүй байсан хуванцар саваар худалдаанд гаргаж болохуйц бүтээгдэхүүн гарган авсан нь гайхалтай. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас энэхүү гутлыг 95 ам.доллараар борлуулж эхэлжээ.
 
Францууд хуванцар материалаас дулаан ба цахилгаан энерги гарган авч байна

Франц улс жилд хаядаг 26 сая тонн хог хаягдлаа гэр ахуй, аж үйлдвэр, тусгай хэрэгцээнд тохирох гэж гурав ангилан дахин боловсруулдаг аж. Хог хаягдлын дахин боловсруулах боломж нь янз бүр. Тухайлбал, хөнгөн цагаан лааз 80-95, металл лааз 70-85, хуванцар материал 30-70, шил 50-80, цаас 40-60, цаасан хавтанцар 25-40, үнс 90-95 хувьтай гэнэ. Хуванцар материалаас дулаан ба цахилгаан энергийг гарган авах төдийгүй хоёрдогч түүхий эдээс нь шинээр бүтээгдэхүүн боловсруулж болдог байна.
 
Японд хогийн савыг олноор байрлуулж хог бөөгнөрөхөөс сэргийлдэг
 
Япон улсад хогийн савыг нэг дор гурав, дөрвөөр нь байрлуулдаг. Олноор нь байрлуулснаар хог бөөгнөрөх асуудлыг зохицуулж чаддаг байна. Түүгээр ч барахгүй хогийн саваа тус бүрт нь ангилж шатаагдах хог, пластик сав, лааз гэх мэтээр хуваадаг гэнэ. Токио хотод л гэхэд хогоо аль ангилалд нь хийх ёстойгоо мэдэхгүй бүгдийг нэг дор бөөгнүүлээд хаяхад хогийн сав нь аль хогийн саванд хийх ёстойг нь хэлж өгдөг байна. Энэхүү ярьдаг хогийн савыг Японы “Хараги" компани үйлдвэрлэсэн гэнэ. Одоогоор Токиод 86 ширхэгийг байрлуулжээ.
 
Японд хог гаргаж л байгаа бол түүнийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэсэн хатуу дүрэмтэй. Орон нутгийн айлууд нь захиргаанаасаа хогоо хаях уут худалдаж авдаг. Энэ уут нь байгальд уусдаг технологиор хийгддэг. Арван ширхэг уут 2000- 3000 иен байдаг. Гаднах өнгөөрөө л ялгагдах уутыг худалдан авснаар хогны мөнгөө төлсөнд тооцно. Пластик сав, хаягдлыг даваа гаригт, гал тогооны хог хаягдлыг мягмарт, дараагийн өдөр нь цаасан хог, цаашлаад шилэн лонх, лааз авна хэмээн мэдэгддэг байна. Тухайн төрлийн хогийг тэр өдөртөө л тусгай таних тэмдэг бүхий төлбөрт уутанд хийснээр авдаг байна. Ундааны савны хаяг болох гялгар шошгыг хуулан авч, таглааг нь заавал салгаж хаях, цаасан хайрцагтай сүүг ууж дууслаа гэхэд угааж, дэлгэж хатаачихаад хаях ёстой байна. Үүний үр дунд дахин боловсруулалтад цаг алдахгүй, түүнчлэн байгалиа хордуулахгүйгээр боловсруулдаг байна.
Тояама хотын хог боловсруулах “BDF” компанийн үйлдвэрт хогийн ургамал, мод бургасны хогийг боловсруулж ургмал амьтны гаралтай тосны хаягдлаар био түлш хийдэг байна. Ургамлын гаралтай тосноос гаргаж авдаг биодизель нь нүүрстөрөгчийн хийгүй. Тус үйлдвэр өдөрт 3800 литр түлш үйлдвэрлэн нэмэлт төлбөр гаргахгүйгээр хогны машины түлшинд хэрэглэдэг байна. Китакюшү хотын Хонжёо хог боловсруулах үйлдвэрт зөвхөн ундааны сав, лаазыгг боловсруулдаг байна. Лаазыг хөнгөн цагаан, ган гэхчлэн ялгадаг бол шилэн лонхы өнгөөр нь ангилдаг гэнэ. Ундааны сав гэхэд л үүргэвч, ажлын хувцас, цамц, зангиа, зөөврийн компьютерийн сэлбэг, аяга сав угаагч, костюм пиджак гээд бэлэн бүтээгдэхүүн болон хувирдаг байна. 1.5 литрийн ундааны саваар хоёр ширхэг зангиа үйлдвэрлэдэг байна. Энэ бүхний үр дүнд дэлхийн хамгийн цэвэрхэн хот болсны зэрэгцээ хогоо шийдвэрлэж чадсан анхны улсаар тодорсон юм. Япон улс 2007 онд “Clear City" өргөмжлөлийг НҮБ-ын Цэвэр агаар байгууллагаас гардан авчээ.
 
Америк нэг хүн өдөрт хоёр кг хог хаядаг
 
Америкийн нэг хүн хоногт хоёр кг хог гаргадаг гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Хогийг дахин боловсруулах салбар нь 1,5 сая хүн ажилладаг эдийн засгийн нэн чухал салбарын нэг болж хувирсан бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 250 тэрбум ам.долларт хүрчээ. Хог дахин боловсруулах 56 мянган үйлдвэр ажилладаг. Харьцуулахад, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт 1,4 сая, машин үйлдвэрлэлийн салбарт 1,2 сая, ашигт малтмал олборлох салбарт 0,3 сая хүн ажилладаг.

Өөрөөр хэлбэл Америкийн хамгийн том салбар нь хог боловсруулах салбар. Үүний хүчинд асар их мөнгө, нөөц хэмнэж байдаг. Тухайлбал, ундаа, шар айраг хийдэг хөнгөн цагаан савыг дахин ашигласнаар үйлдвэр нь хөнгөн цагааныг уламжлалт аргаар шинээр үйлдвэрлэхээс 95 хувиар бага эрчим хүч зарцуулдаг. Хуванцарыг дахин боловсруулснаар 70 хүртэл хувийн эрчим хүч хэмнэдэг бол ганг дахин боловсруулснаар 60 хувь, цаасыг дахин боловсруулснаар 40 хувь, шилийг дахин боловсруулснаар 30 хувь хүртэл эрчим хүч хэмнэдэг. Америкт одоогоор хаягдал цаасны 50 хувиас илүүг, шилний 25, гангийн 35 гаруй, хөнгөн цагааны 25 орчим, даавууны хаягдлын 26, резины хаягдлын 15, хуванцрын хаягдлын зургаа, хүнсний хаягдлын 2,5 хувийг дахин ашиглаж байна.
 
Дэлхийн хамгийн бохир хот Гуажу
 
Дэлхий дээр жил болгон хуучин компьютер, утас, факс, принтер гэх мэт 50 сая тонн электрон хог гардаг. Эдгээрийн 70 хувийг дэлхийн хамгийн том цахим хогийн цэг болох Хятадын Гуандун мужийн Гуажу нэртэй газар авчирдаг. Тийм ч болохоор Гуажуг дэлхийн хамгийн бохир хот гэж нэрлэдэгт гайхах зүйлгүй. Жишээлэхэд, хөрс ба усан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөснөөс 370 дахин ихээр агуулагддаг.
 
Хятадад “e-waste’’-ын 80 хувь нь Гуандун мужийн Гуажу нэртэй жижигхэн хотод ирж буудаг. Энэ хотын дэргэдэх хогийн цэг нь 52 ам.км талбайтай, ойролцоох дөрвөн тосгонд ахин 15 ам.км талбайтай өөр хогийн цэг байдаг. Эдгээр хогийн цэг дээр нийт 300 мянга гаруй хүн ажилладаг. Гуажугийн хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь компьютер, принтер, зурагт зэргийг гараараа задална. “e-waste’’-д агуулагдаж байгаа металл болон бусад зүйлийг ялгаж авахын тулд шууд шатаадаг. Тиймээс энд өдөр болгон 100 гаруй том түүдэг асч байдаг. Энэ мэтээр боловсруулахад унац нь янз бүр. Жишээлэхэд, 486 маягийн хуучин компьютерийг дахин боловсруулахад 20 ам.доллар хүртэл ашиг олно. Гэхдээ энэ бүхнийг гардан хийдэг ажилчид энэ мөнгөний тун ялихгүй хэсгийгл гар дээрээ авна. Тэдний цалин гол төлөв өдөрт 3-6 ам.доллар. Тэгсэн атлаа долоо хоногийн зургаан өдөрт нь хоногт 10-12 цаг ажиллана. Хогийн цэгээс хамгийн их ашиг олдог нь мэдээж боловсруулах компанийн эзэд. Тэд жилдээ “e-waste’’-ийг дахин боловсруулаад гурван тэрбум орчим ам.долларын ашиг олдог ажээ.
 
Шведийн хог цэвэрлэх, зөөвөрлөх систем нь цагийн хуваарийн дагуу маш сайн ажилладаг
 
Жирийн иргэдээс эхлээд бүгд хог, хаягдлаа яаж хаях, хаана байрлуулах гээд олон асуудлыг аятайхан шийдсэн байдаг. Стокгольм хотод хаа л явна хогийн сав бэлэн. Бүүр эзгүй газар явсан ч байж л байна. Хүн ихтэй газраа бол том жижиг, зориулалтаараа гээд л төрөл төрлөөрөө. Орон сууцны айлууд дунд хогийн сав хийх зориулалт бүхий жижигхэн цэвэр гэрэлтүүлэгтэй амбаар /бараг байшин/ байна. Энэ байшингийн түлхүүр айл бүрт байх агаад дотор нь шил, цаас, лонх, гялгар уут гэх мэт зориулалтын том том хогийн савууд тавьсан байна.
 
Гэр хорооллынхон болон зарим орон сууцны гудманд эгнүүлэн тавьсан том төмөр савнууд байх жишээтэй. Хамгийн гол нь хог цэвэрлэх, зөөвөрлөх систем нь цагийн хуваарийн дагуу маш сайн ажилладаг.Өглөө босоод харахад  хогоо цэвэрлэчихсэн хогийн савны гялгар уутаа сольчихсон байх жишээтэй. Хүмүүс нь хогоо зөвхөн зориулалтын саванд хийж хэвшчихсэн байх юм.

Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine