
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Улс төдийгүй айл өрхүүд өрийн дарамтад орсон. Гудамжинд жагсаад байгаа хүмүүс өрхийн орлого нь хүрэлцэхгүй, цалин нь бага учраас жагсаад байгаа юм. Цалинг нэмлээ гэхэд тэр хэмжээгээр тултал нь зээл авна. Дахиад өрийн дарамт нь нэмэгдэнэ. Зах зээл үүнийг зохицуулж чадахгүй байна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Энэ бол Монголбанкны хийх ажил. Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк ямар арга хэмжээ авах вэ? Зээлийг өрхийн орлогоос хэтрүүлж олгодог банкны ёс зүйгүй тогтолцоо үйлчилж байна. Үүнийг яаж зохицуулах вэ? Хэд хэдэн банкнаас давхар зээл авдагаас үүдэн чанаргүй зээл нэмэгдэж банкны системээ эрсдэл оруулаад байгаа. Үүнийг яаж цэгцлэх вэ? ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж зээлийг бусад хэрэглээний зээлээс ялгавартайгаар олгох арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Цалингийн зээлийг 60 хүртэлх сараар авч болоод байгаад ЖДҮ эрхлэгчдэд урт хугацааны зээл олгодоггүй. Үүнийг төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ? ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн эрсдэлийн санг ялгавартайгаар тогтоож болох уу?
Монголбанкны ажлын хэсэг: Өрхийн өрийн дарамт нэмэгдсэн. Өрхийн орлогын хэт өндрөөр үнэлж, түүнд нь тултал зээл олгодог мэдээллүүд байгаа. Арилжааны банкуудын орон нутгийн салбарт шалгалт хийж байгаа. Удахгүй бодлогын арга авахад бэлэн болж байгаа. Бодлогын арга хэмжээ авахад анхаарч үзэх хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, одоо байгаа зээлийг чанаргүй зээл болгож хувиргахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаар, өрхөд ирж байгаа сарын төлөлтийн дарамтыг бууруулах алхамд чиглүүлнэ, өр орлогын харьцаанд тодорхой хязгаарлалтууд тавьж өгнө.
П.ГОО
Оллоо.мн