
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын 21 гишүүн “Томилгооны сонсгол” явуулах саналыг УИХ-д өргөн барьсан. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн зохицуулалтыг тусгадаг. Байнгын хороон дээр УИХ-ын Дэгийн тухай хуульд санал болгосон Элчин сайдыг долоо хоногийн хугацаанд хэлэлцэх хуулийн зохицуулалттай учраас хэлэлцсэн. Гэхдээ Нийтийн сонсголын тухай хуульд заасан УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрх байгаа учраас УИХ-ын чуулганаар элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө “Нийтийн сонсгол” хийж хуулийн хэрэгжилтийг хангая гэсэн шийдвэр гарсан. Иймээс гишүүдийн эрхийг эдлүүлж, нийтийн сонсголоо хийж өгөхийг хүсч, хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөх саналтай байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Байнгын хорооны хэлэлцүүлэг халуухан болсон. Чуулган дээр байнгын хорооны уур амьсгалыг оруулж ирэх шаардлагагүй. Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Нэр дэвшигчийн дэлгэсэн асуудлаас ОУ-ын төвшинд Монгол Улс хариултаа өгөх төвшинд хүрлээ. Энэ асуудлаа шийдэж байж томилгоог явуулахгүй бол хөнгөн хандах бололцоогүй болсон. Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал байгаа. Энэ бүхэнд Хууль зүйн, дотоод хэргийн Ц.Нямдорж даргын нэрийг гэрчээр дурдаж байсан. Ц. Нямдорж өөрөө тайлбар хэлэх байх. Хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би Засгийн газрын хуралдаантай байсан учраас байнгын хорооны хуралдаанд сууж чадаагүй. Орой телевиз үзэж байхад томилгоо авах гэж байгаа хүн их ноцтой юмнууд ярьсан байна. Дотор нь миний нэрийг хавчуулсан байна. Утга нь Л.Болдод хандаж “Та БХ-ын сайд байхдаа зэвсгийн наймаа хийсэн. Танаас 300 мянган ам.доллар нэхэмжлэлд ирсэн. Танаас болж хоёр хүн цаазлуулсан” гэсэн байна. Төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэжээ. Өчигдрөөс хойш хаана ямар бичиг ирсэн, өмнө нь ирсэн үү гэж хайлгалаа. Тэдэнд тийм бичиг алга. Нэг хүний бус улсын нэр хүндийн асуудал болчихлоо. Би бол тэр хойд Солонгосоос ирсэн бичиг гэдгийг мэдэхгүй. Сонсоогүй. Энэ асуудлаа хэлэлцэхээ хойшлуулаад энэ бүхнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүндэд хэтэрхий халдаад байгаа юм биш үү? Намайг 42 сая ам.доллар Эрдэнэт үйлдвэрт шахсан гэж гүтгэсэн. Би Ерөнхий прокурор, цагдаагийн байгууллагад хандчихсан байгаа.
УИХ-ын Тамгын газрын төлөөлөл: Нийтийн сонсголын хуулийн 4 дүгээр зүйлд үйлчлэх хүрээг зааж өгсөн. Ингэхдээ УИХ-аас томилогдож албан тушаалын хүрээнд хамруулж байгаа юм. Тэгэхээр гишүүдийн санал бол нийтийн сонсголын хуулийн хүрээнд яригдахгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Тамгын газрын дарга та өөрийнхөөрөө дутуу дулимаг тайлбарлахгүй шүү. УИХ-ын 21 гишүүний эрхэнд алдаж байна. Нийтийн ашиг сонирхлыг хөндөж болохуйц, томилогддог албан тушаалтан гэсэн үндэслэлтэй “Нийтийн сонсгол” хийнэ. Элчин сайд гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа гэдэг утгаар юм. Тиймээс томилгооны сонсгол хийх эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа. Та өөрийнхөөрөө тайлбарлаад байна. УИХ-ын дарга та, 21 гишүүний хуульд заасан эрхийг нь хүндлээд “Нийтийн сонсгол” явуулах хэрэгтэй.
Ийнхүү томилгоотой асуудлаар гишүүд саналаа хэллээ. Улмаар УИХ УИХ-ын гишүүн Л.Болдын нэр төрд халдсан гэх асуудлыг байнгын хороо болон тусгай хяналтын дэд хороогоор ярих шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын саналаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хаслаа.
Одоо чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
П.ГОО
Оллоо.мн