Нийт нутгийн 60 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураг гаргажээ. Зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашигласан байна.

2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байгаа аж.

Энэ сарын 10-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхгол сумдад 11-20 см зузаан, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, 0,12-0,30 г/см3 нягттай байна.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ /2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар/

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй гарчээ. Үүнээс Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Архангайн зүүн,  Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр болон Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй гарлаа. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын төлвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй байгаа аж.

Иймээс одоогийн байдлаар зудад ихээхэн эрсдэлтэй байгаа газар нутгийг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.

 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-14 10:05:25
    Ene malchid tatvar tolohgui, olson ashgaa oorsdoo l avch baij ene ersdelee oorsdoo daagaad garch boldogguin bhdaa.
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах