Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудалд зоригтойхон хөдлөх хэрэгтэй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төвбанк нэлээн сайн ажилласан. Цаашид хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй юм болов уу. Нэгдүгээрт, бодлогын хүүгээ сулруулах чиглэлд Монголбанк анхаарлаа хандуулбал хөрөнгө оруулалт, эдийн засгийн санхүүгийн секторт ч зөв дохио өгөх байх. Ийм боломж бүрдэж байна уу? Хоёрдугаарт, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудалд зоригтойхон хөдлөх хэрэгтэй байна. Монголд мөнгө хүүлэлтийн байдал хэрээс хэтэрчхээд байна. Банкууд 2-3 хувийн хүүтэй, ББСБ, ломбард бол маш өндөр. Зээлийн хүүний таазыг тогтоох хууль санаачилж байгаа гишүүд байгаа юм билээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхэд зээлийн хүү саад болж байна. Гуравдугаарт, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж ямар байна вэ” гэлээ.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Бодлогын хүү 12 хувьтай байна. Харьцангүй өндөр хувь. Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сард хуралдана. Үүгээр шийдвэр гардаг. Монголбанкны Ерөнхийлөгч дангаараа мэддэг зүйл биш. Зээлийн хүүг бууруулахын талд байна.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан. Зээлийн хүү өндөр явж ирсэн учраас арилжааны банкуудад олон нийтийн хандах хандлага сөрөг болж эхэлж байна. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг стратеги боловсруулж байгаа. Энэ стратегийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Монголбанкин дээр ирнэ. 2018 онд хийх чухал ажил” гэсэн хариултыг өглөө. 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine