Гурван Монгол хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авчээ

Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс “Бид нэг агаартай” сэдэвт сургалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан өчигдөр зохион байгууллаа.

Манай улс сүрьеэ өвчний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг бөгөөд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан болох нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Сүрьеэгийн нян нь хүний биед идэвхгүй нууц байдалд байж байгаад хүний биеийн дархлаа сулрах үед өвчин болж илэрч гарч ирдэг байна.  

Манайд жил бүр 4,000 гаруй хүн сүрьеэтэй гэж шинээр оношлогддог бөгөөд арван хувийг нь хүүхэд багачууд эзэлж байна. Гэвч энэ тоог мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь гэж үздэг ажээ. Түүнчлэн манай улсад сүрьеэгээр жилдээ 260 хүн нас барж байна. Нөгөө талаас, ард иргэдэд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас сүрьеэ өвчнийг эрт илрүүлж оношлох үйл явц их удаашралтай явагдаж байгаа тул нянгийн тархалт улам хурдацтай газар авч, гүнзгийрэх гол шалтгааны нэг болж байна. Нэгэнт асуудал хурцадсан учраас сүрьеэ өвчнийг эрт оношилж, цаг алдалгүй эмчлэхийн тулд сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг шинж тэмдгийг бүх нийтээр мэддэг болох нь манайд тулгамдсан асуудал болж хувираад байна. Сүрьеэ өвчний үйл явц нь бусад цочмог халдварт өвчнийг бодвол илүү удаан хугацаанд, нууц байдалд аажмаар лавширч хүндэрдэг бөгөөд эхэн үедээ хаая хааяа л үгдэрдэг учраас хүмүүс өвчнөө үл хайхрах юмуу яваандаа өөрөө эдгэрнэ гэсэн найдлага тээсээр өвчнөө улам хүндрүүлэх гол шалтгаан болж байгаа ажээ.   

Юуны өмнө, сүрьеэ өвчин нь дотроо халдвартай, халдвартай гэсэн 2 янз байдаг бөгөөд эдгээр нь илрэх шинж тэмдгийн хувьд яг адилхан боловч уушгины халдвартай сүрьеэ нь ханиалгах замаар агаар дуслын замаар дамжиж тархдаг ажээ. Сүрьеэгийн нийт өвчлөлийн дунджаар 40 хувь нь халдваргүй сүрьеэ өвчнөөр, 60 хувь нь уушгины буюу халдвартай сүрьеэ өвчнөөр өвчилдөг байна.
Сүрьеэгийн савханцар нян нь тухайн хүний биеийн хамгийн сул дорой ямар ч эрхтнийг барьж өвчлүүлдэг тул ясны сүрьеэ, арьсны сүрьеэ, нүдний сүрьеэ, өвдөгний сүрьеэ, бөөрний сүрьеэ, гар сарвууны сүрьеэ гэх мэтээр ямар ч өвчний сүрьеэ байж болдог боловч эдгээр нь уушгины сүрьеэ шиг нянгийн халдвар агаарт цацдаггүй учраас халдваргүй сүрьеэ өвчний хэлбэрүүд болдог. Харин уушгины сүрьеэгийн нян нь агаар дуслын замаар асар хурдацтай тархдаг тул нийгэмд маш аюултай өвчинд тооцсоор иржээ. Уушгины сүрьеэтэй хүн нэг удаа ханиалгахад 500 жижиг дусал агаарт цацагддаг байна. Тиймээс наад зах нь ханиадтай хүмүүс хүртэл амны хаалт зүүж хэвших, ядахнаа амны алчуур, ханцуй, тохойгоороо хааж ханиалгадаг болж хэвшвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн үндсэн нөхцөл болж өгнө.

Хэрвээ 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, цээжээр хөндүүрлэх, шөнөдөө жихүүдэс хүрч хөлрөх, үе үе халуурах, хоолондоо дургүй болж турж эцэх шинж тэмдгүүд танд илэрвэл яаралтай сүрьеэгийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Харин халдваргүй сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг гол шинж нь хааяа шөнө хөлөрч жихүүдэс хүрэх, халуурах, хоолондоо дургүй болж ихээр турж эцдэг бөгөөд ясны сүрьеэгээр өвчилсөн бол аль нэг юмуу хэд хэдэн булчирхай нь дотроо буглаж идээлэх ба яваандаа нуруу, түнх зэрэг яснууд нь идээлж эхэлдэг байна.
Сүрьеэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь нойр муутай ядартлаа хэт их ачаалалтай ажиллах, хоол унд муутай явах, хүйтэн чийгтэй байранд ажиллаж амьдрах зэргээс болдог. Тухайлбал, нарны гэрэлд 1 цагийн дотор сүрьеэгийн нян устдаг, агааржуулагч салхивч сайтай өрөөнөөс агаарын солилцоогоор сүрьеэгийн нян хурдан хөөгдөж гардаг тул ард иргэд эрүүл зөв орчинд ажиллаж амьдрах нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал алхам болох юм. Хэрвээ таны ажлын байр нар үздэггүй, чийгтэй подвалд байрладаг бол та өдөртөө үе үе гадаалж, нар салхинд гарч байх хэрэгтэй. Хэдийгээр сүрьеэ нь амьдралын нөхцөл доройтсноос болж үүсдэг өвчин ч гэсэн сүүлийн үед компьютер тоглоомын газар зэрэг нар үздэггүй, харанхуй байранд олон цагаар компьютерийн ард сууснаас болж өвчлөх тохиолдол гарч байна. Мөн манайд тамхи татдаг хүмүүсийн дунд уушгины сүрьеэ өвчний өвчлөл өндөр гарчээ.

Ерөнхийдөө амьдралын нөхцөл буураад, доройтоод ирэхлээр хүмүүс сүрьеэ өвчнөөр өвчлөх нь эрс ихэсдэг тул нийгмийн өвчин гэж үздэг. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэл, архидалт, агаарын бохирдол, стресс зэрэг нь сүрьеэ өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болж байна.

М.Болормаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-18 02:39:53
    хаа сайгүй нус цэрээ хаяж, шээж явдгаа болих хэрэгтэй байна. ханиад хүрсэн хүмүүс маск зүүж хэвшмээр байна
  • zochin  2017-11-13 16:31:16
    Buh humuusee suryegiin soril tavij emchilj ovdooguid ni baktsin yaraltai hiigeesei
  • ah 2017-11-12 12:51:49
    Shorond,tsereguud obchilj,uhej b.a Olon ulsad handaj tuslamj abah ni deer
  • ядуу 2017-11-12 01:49:03
    нам дагасан цөөн хүн төрийн мөнгийг идсэнээс ядуурч өрөннд өвчинд баригдлаа хөөрхий монгол сөнөх дээрээ туллаа
  • ambrosia 2017-11-11 15:02:19
    bohir zavaanaas bolj baigaa
  • Боря 2017-11-11 08:39:58
    Доорх хүнтэй санал нийлэхгүй, Харин манайхны хаа явсан газраа нус цэрээ эрээгүй хаядаг, ханиалгаж найтаахдаа хамар амаа дарж сураагүйгээс халдвар гамшиг болсон ...
  • Irgen 2017-11-11 05:18:59
    Манайх дэндүү ядуу байна. Одоо гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Ядуурал улам нэмэгдээд байдаг.
  • Бат 2017-11-11 03:47:33
    Энэ бол гашуун үнэн гол шалтгаан нь төрийн анхиагүй байдал бидний мөчиг тарчиг амьдрал шүү дээ