Ирэх онд 59 сургууль, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Я.Санжмятав нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны улсын төсөвт бодлогын чанартай хэд хэдэн асуудлыг нэмж оруулсан. Тухайлбал, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд  2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ. Үүнээс Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Мөн орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийтдээ 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөсөн.

Өмнө нь бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсан хүүхдийн мөнгийг ОУВС-тай ярилцаад ирэх онд бүх хүүхдийн 80 хувьд олгохоор тохиролцсон. Одоо энэ асуудлаар Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж байгаа. Мөн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх талаар ОУВС-нд асуудал тавьж яриа хэлэлцээ хийж байна гэдгийг хэллээ.

Ингээд төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний агааржуулалтын системд шаардлагатай 298.6 сая, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын их засварын зардлын 3 тэрбум 839 сая, автомашин худалдан авахад шаардагдах 1 тэрбум 230 сая төгрөгийг Гадаад харилцааны сайдын багцад нэмж тусгах, Баян-Өлгийн аймгийн Сагсай сум дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн офицер, ахлагчдын 24 айлын орон сууц барихад шаардагдах 2.8 тэрбум, Зэвсэгт хүчний нөөцийн материал хэрэгсэл байрлуулах барилга байшин барихад шаардагдах  7.5 тэрбум, Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын цалингийн тооцооллын зөрүүг арилгахад шаардагдах 2.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайдын багцад тус тус нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Санжмятав, О.Содбилэг нар Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, онцгой байдлын нэмэгдэл, сургалтын зардал, Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан нь дэмжигдсэн юм.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2017-11-08 00:30:16
    Serehgui bol saihan zuud yum bishuu? Uneheer ajil bolgovol augaa. Harj l baiyadaa.
  • Зочин 2017-11-07 12:07:20
    Улаанбаатарт сургууль барих газар үлдээгүй. Энгээд худлаа шаагаад эхлэх юм. МАН таануус дан худлаа шаах юм аа.
  • ....байж нээх гээ юу  2017-11-07 11:10:46
    цөөнөөр эхлүүлж хугацаандаа барьж ашиглаж сур. 90-г зэрэг эхлээд 10жил хэрэлдэж байж мөнгө унагаж байж нээх гээ юу