
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ. Үүний дараа чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зэс нүүрсний үнэ нэлээн таатай байгаа. Гэхдээ худалдан авах эрэлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тооцсон бэ? Жил бүр алдагдалтай төсөв батлах юм. Яг таарсан бодитой төсөв оруулж ирэх хэрэгтэй. Байгаа хөрөнгөдөө тааруулаад баталж болдоггүй юм бэ? Энэ жилийн хувьд төсвийн алдагдлыг хэрхэн тооцсон бэ? Өрийг өрөөр дарах гэж байна. Өрийн тааз хэдэн хувиар нэмэгдсэн бэ” гэлээ.
Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш руу гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан. 2017 онд нийт гаргаж байгаа нүүрсний хэмжээ 23 сая тонноор тооцсон. 2018 оны төсөвт бууруулж 28 тонноор оруулсан. Төсвийн алдагдал 2 ,4 тэрбум төгрөг. Төсвийн алдагдлын 50 хувь нь авсан зээлийнхээ хүүд төлж байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 80 хүрсэн байгаа. Өрийн хэмжээг буулгах нь гол зорилтуудын нэг болоод байна” гэсэн хариултыг өглөө.
Одоо чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
П.ГОО
Оллоо.мн