PC-ний зөвшөөрлийг замбараагүй олгож байна

PC тоглоомын газрыг цэгцлэх талаар олон жил ярьж байна.  Гэсэн ч Монголын ирээдүйд заналхийлж буй PC тоглоомын бизнес цэгцрэх нь бүү хэл цэцэглэсээр байна.  PC тоглоомонд донтсон хүүхдүүд эрүүл мэндийн хувьд асуудалтай болдог байсан бол сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.  Автомашины эд анги тэр дундаа приус маркийн машины толь хулгайлах хэрэг бүртгэгдэж байгаа талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Б.Саруултуяа ярьлаа.  Нэг толь нь ойролцоогоор 30-40 мянган төгрөгөөр зарагддаг. Энэ хулгайг ихэвчлэн PC тоглоомонд донтсон 11-16 насны хүүхдүүд бүлэглэн үйлддэг гэв.  Тэднээс мэдүүлэг авахад PC тоглох гэж хулгайлсан гэжээ.   Ийн өсвөр насны хүүхдүүдийг хулгай хийхэд хүргэж, Монголын ирээдүйд заналхийлж буй PC тоглоомын зөвшөөрлийг хэрхэн олгож байгааг сурвалжиллаа.

 

PC ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ ХЭРЭГЖДЭГГҮЙ

 

Орон сууцны хонгил зэрэг хулганы нүх шиг газарт хуучин компьютер өрж, нас хүйс, ажил мэргэжил ялгалгүй, өдөр шөнөгүй PC тоглуулдаг газрууд хотын булан, тохой бүрт ажиллаж байна. Манай улсад “PC тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор баталсан. Үүнд ажлын байрны шаардлага, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, хориглох зүйлсийг заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Тэр дундаа орон сууцны нэг давхар болон байрны доод хонгилд түйл ажиллагаа явуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулах, түүнийг цахим тоглоомын үйлчилгээг ёсөн насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх, Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23:00 цаг хүртэл үйлчилнэ гэсэн заалтыг зөрчдөг. Дүүргүүдийн хэлтсийн байцаагч нар эрхийнхээ дагуу хяналт, шалгалт хийдэг.

Албан ёсны зөвшөөрөлгүй, цагийн хуваарь хэтрүүлсэн гэсэн зөрчил илэрсэн ч зөрчлийн хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй гэдгийг цагдаа нар хэллээ. Журамд зааснаар бага насны хүүхдэд үйлчлэхдээ бичиг баримтыг нь шалгаж, 30-40 минутаас илүү үйлчлэхгүй байхыг заасан. Мөн 23:00 цагаас хойш дотроосоо хаалгаа түгжиж хүүхдүүдийг хонуутаар тоглуулдаг. Гэтэл хяналт тавих аж ахуйн нэгж байхгүй байна.

 

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ХЯЗГААРЛАЛТ БАЙХГҮЙ

 

PC тоглоомын зөвшөөрлийн гэрчилгээг “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ноос олгодог.Бүртгэлийн өргөдөл, бүртгэлийн маягт бөглөж, цахим тоглоомын жагсаалтаа гаргаад, тэмдэгтийн хураамж 20 мянга, бүртгэлийн хураамж 80 мянган төгрөгийг тушаасан бол 7-14 хоногийн дотор бүтдэг ажээ. Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хошууч Ц.Жаргалмаа, “ХХЗХ дээр эцсийн байдлаар бүртгэлийн гэрчилгээ авахад МХЕГ,  ОБЕГ-ын галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслээд, тодорхой хэмжээний хураамж төлж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авдаг. Цагдаагийн байгууллагын саналд дээрх хоёр дүгнэлт, өөрийн байр уу түрээсийн байр уу, интернэтийн гэрээний хуулбар, хориотой сайтуудыг блоклосон эсэхийг шалгадаг, Шаардлага хангасан тохиолдолд дүүргийн даргаараа баталгаажуулж, цагдаагийн байгууллагад мэдээлэл нь ирж, түүний дагуу дахин шалгалт хийдэг” гэсэн юм. Тэгэхээр зөвшөөрөлтэй л бол нэг дүүрэгт хэдэн ч PC тоглоом байж болох бөгөөд зөвшөөрөл үйл ажиллагааг нь хянаж шалгахаас, байгууллагын тоог хязгаарлах газар, хууль дүрэм байхгүй. Сургуулийн ойр орчим, үйлчилгээний төвийн доод давхар гээд нүх сүв бүрт, байрны орц гээд PC тоглоомгүй газар ховор болжээ.



ДОНТСОН ХҮҮХДҮҮД АРХАГ ЯДАРГААНД ОРЖ, ШЭЭС НЬ ЗАДГАЙРДАГ


Өдөр шөнөгүй компьютерийн дэлгэц ширтэж, өөр хийх зүйл байхгүй мэт донтсон хүүхдүүд хичээлдээ ч явдаггүй байна. Архаг ядаргаанд орж, булчин татганах эмгэг болон шээс задгайрах өвчлөлд өртдөг байна. Донтсон хүүхэд нь нойрондоо муудах, царай зүс нь цонхийх, гарын алга нь байнгын хөлрөх, чанга дуу чимээнд мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин татганах эмгэг буюу ойр ойрхон нүдээ анивчих, мөрөө үелзүүлж хөдөлгөх, янз бүрийн дуу авиа гаргадаг. Жилд 70 гаруй хүүхэд цахим тоглоомноос болж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлдэг гэжээ. Үүний цаана эмчид хандаагүй хэдэн хүүхэд байгаа нь тодорхойгүй юм. PC-нд нэг өдөр хоноход 3500-4000 төгрөг. Энэ мөнгийг ээж ааваасаа худлаа хэлж авна. Зарим тохиолдолд ном дэвтэр, гар утсаа барьцаанд тавьж тоглодог гэв. Энэ нь эцэг эх, багш нарын анхаарал сул, хараа хяналтгүй байгаагийн илрэл. Хүүхэд нь хичээлдээ явж байна уу, тараад юу хийж байгаа, өрөөндөө юу хийж байгааг огт анзаардаггүй. Зөв зүгээр байсан хүүхэд нэг мэдэхэд хараа, сонсгол нь муудаж, хий юм харж, ухаан алддаг болчихлоо гэсээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ирдэг болсон гэнэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 408 газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 гаруй нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдээр нь дамжуулан эцэг эхийнх нь халааснаас мөнгө зулгааж байгаа энэ газрууд ашигтай байгаа учраас багасахгүй улам өссөөр байна. Энгийн жишээ татахад МУБИС-ийн зүүн талд байрлах “Tinker”PC-ний өдрийн орлого өдөртөө 400-550 мянган төгрөг, өдөрт 20-30 хүн хонодог гэдгийг ажилуулж байсан залуу хэлэв. Нөгөө талаасаа өсвөр насны хүүхдүүдийг ашиглан бизнес хийж байгаа энэ газруудад хууль, эрх зүйн хяналт байхгүйгээс хэдхэн төгрөгний хураамжаар зөвшөөрөл худалдан авч, сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүдээ мэдрэлийн өвчтэй болгодог газрыг өөгшүүлсээр. Гэтэл Австралид PC тоглоомын газрын үйл ажиллагааг хориглодог бол, Хятадад 2007 оноос хатуу хориглодог болсон жишиг бий.

Зууны мэдээ
М.Баасандэлгэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-06 11:31:30
    Тоглоомын газруудыг хаах хэрэгтэй.
  • dogi 2017-11-03 05:36:06
    counter strike-d Uchral. Badamsambuu, Dandar, Gantulga-gambuush 3 Viatnamiin tald orj toglood hojigdson. urbagch gishuund yu helheb.
  • Шагдаржав 2017-11-03 04:36:22
    Монголд хориглох хэрэгтэй.Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, бүгдийг хаа.Тэр нь толоом биш дандаа Аллага хэрхэн үйлдэх тухай хичээл заадаг юм билээ.Нууцаар ажилладаг.
  • асуулт 2017-11-03 04:06:15
    манай Монголд ер нь замбараатай, эмх журамтай юм гэж байгаа юм уу ?
  • !!!! 2017-11-03 02:27:39
    nemj bitgii zowshoorol olgoochee odoo ajillaj baigaa hediigee ajilluul !!!!