Уул уурхайн хяналтыг сайжруулах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Канадын Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” буюу MERIT төслөөс хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад бий болгох, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө. Сансрын хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай зураг авах боломжтой GPS багц төхөөрөмжийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, хүлээлцэх гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, MERIT төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хөгжиж буй Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа Канад Улсын жишгээр хөгжүүлэхийг зорьж байна. Өндөр нарийвчлалын техник тоног төхөөрөмж ашиглан хяналтын механизмыг сайжруулснаар хариуцлагатай уул уурхайг бий болгох боломж бүрдэж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна. Үүнээс гадна төслийн хүрээнд  явагдаж буй сургалтаар мэргэжилтнүүдийн чадавх дээшилж, манай улсын менежментийн төвшинг шинэ шатанд гаргах ач холбогдолтой гэдгийг хэлсэн. Цаашид  энэ чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. MERIT төслөөс тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээс гадна, дагалдах сургалтад БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн болон Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийг хамруулжээ. Дээрх төхөөрөмжүүдээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг тогтоох, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход ашиглах юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.